Мөсөн хотхон урлаач, уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэтэй онлайнаар холбогдож, ярилцлаа. Тэрбээр эхнэрийн хамт өвлийн улиралд цас, мөсөөр, хавар, зун, намрын улиралд мод, элсээр сийлбэр урладаг. Тэд уран сийлбэрийн олон улсын томоохон фестивалиудад үндэсний соёл урлагаа сурталчилж, эх орныхоо нэрийг гаргаж яваа юм.
-Ц.Мөнх-Эрдэнэ сийлбэр хийгээд хичнээн жил болж байгаа вэ. Мод, цаасаар сийлбэр хийхэд амархан байх. Харин сийлбэр хийхэд хэцүү байх, тийм үү?
-Би 2004 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг уран сийлбэрч мэргэжлээр төгссөн. Манай эхнэрийг Э.Ууганцэцэг гэдэг. Хань маань бас 2004 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгссөн. Зураач мэргэжилтэй. Манай гэр бүл Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг.
Мөсөн сийлбэр нь мэргэжлийн мэдлэг, нарийн багаж шаардана. Амархан цуурч, хагардаг, наалдахад хэцүү “догшин” материал. Цасыг хатуу шахсан хэрнээ хөнгөн учраас ажиллахад хүндрэл багатай. Гарын ур дүйтэй ямар ч уран бүтээлч цасан сийлбэрийг хийх боломжтой. Монголын уран барималчид цас, мөсөн сийлбэрийг хийдэггүй.
-Гэр бүлээрээ нэг жилд олон улсын хэдэн тэмцээнд оролцдог вэ?
-Өнгөрсөн жилийн зургадугаар сард Латви улсад болсон элсэн урлалын тэмцээнд оролцож, хоёрдугаар байр эзэлсэн. Тэгээд есдүгээр сард Якутад болсон модон сийлбэрийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн. Ер нь элс, мод, мөс, цас гээд бүх төрлийн сийлбэрийн уралдаанд оролцохыг боддог.
Нэг жилд гэр бүлээрээ олон улсын 5-10 тэмцээнд оролцдог.
Нийт оролцсон тэмцээнийхээ 80-90 хувьд байр эзэлж, эхний гурван байрт эрэмбэлэгддэг. Зохион байгуулагчдын зүгээс тог ус, цас, мөс, гэрэлтүүлэг, цахилгааныг нь бэлдэнэ. Бид зөвхөн багаж техниктэйгээ очиж, оролцдог.
-ОМонголын уран сийлбэрчид юугаараа ялгарч чадаж байна вэ?
-Олон улсын тэмцээнүүд уран сэтгэмж, зохиомж, ур дүй, техник ажиллагаа, утга агуулга зэрэг олон төрлийн үзүүлэлттэй. Монгол сийлбэрчдийн хувьд ур чадвараараа ялгарч чаддаг. Европын уран бүтээлчид сэтгэлгээний тал дээр давуу байдаг.
-Сүүлд ажилласан мөсөн зочид буудлын ажил нь их сонирхол татлаа. Энэ төсөлд хэрхэн хамтран ажиллав. Хэчнээн сийлбэрч ажилласан бэ?
-Монголын сийлбэрчид олон улсын цас мөсөн зочид буудлуудын төсөл дээр сүүлийн долоон жил ажиллаж байна. Швед улсын “ICE” зочид буудлын төсөл дээр монгол сийлбэрч Ш.Баярсайхан ажиллаж, нэг өрөөг нь хийж байсан. Таван жилийн өмнө сийлбэрч Б.Пүрэвдорж мөн нэг өрөөг нь бүтээж байсан. Энэ жил эх орноо төлөөлөн эхнэртэйгээ хамт нэг өрөөг нь бүтээлцсэн.
Энэ зочид буудал нь хоёр хэсэгтэй. Нэг нь өвөл, зунгүй ажилладаг 15 өрөөтэй бол нөгөө хэсгийг нь жил бүрийн өвөл шинээр барьж, байгуулдаг.
Бидний ажилласан жил бүр барьдаг зочид буудлыг энэ жил 33 дахь удаагаа барьсан. Швед улсад маш олон жилийн түүхтэй, олон мянган жуулчдыг татсан, өвлийн аялал жуулчлалын томоохон бүтээн байгуулалт. Жил бүрийн гурваас тавдугаар сарын хугацаанд дэлхийн өнцөг булан бүрээс уран сийлбэрчдийн хүсэлтийг хүлээн авч, тэндээс шалгарсан найман багаа зарлаж, өнгөрсөн арванхоёрдугаар сард зочид буудлын өрөөнүүдээ бүтээсэн юм.
-Дэлхийд ийм зочид буудал хэр олон байдаг бол?
-Швед улсад хоёр, Норвегид нэг, Финландад гурав гээд хүмүүс амарч, хонодог Скандинавын орны хойд хэсгээр хүйтэн болж, туйлын туяа гардаг хэсгээр ийм зочид буудал их байдаг. Үүний хажуугаар цас мөсөн сийлбэрийн бүтээлүүдээ танилцуулдаг.
-Монгол ийм зочид буудал байгуулж, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Гэхдээ зардал мөнгөний хувьд нэлээд өндөр байдаг байх, тийм үү?
-Скандинавын орнууд шиг аялал жуулчлалыг татах бүх төслийг Монголын өвөл бүрэн хийх боломжтой. Манай орны өвлийн улирал бараг Скандинавын орнуудаас хүйтэн, урт үргэлжилдэг учраас бүрэн боломж бий. Энд арваннэгдүгээр сард цас бэхжиж хөлдөөгүй байхад Монголд аль хэдийнэ хөлдчихсөн байх жишээтэй.
Тийм учраас Монголд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой.
-Мөсөн зочид буудлын үйлчилгээний талаар сонирхуулбал?
-Мөсөн зочид буудлын өрөөнд бие засах газар байдаггүй. Энэ бол тав тухын хувьд бус хүний сонирхол татах зориулалттай. Коридор хэсэгт нь нийтийн дулаахан бие засах газартай. Орон дээрээ хоёр давхар цаа буганы арьс дэвсч, өвлийн зориулалтыг мишоктой хонодог. Мөсөн зочид буудал захиалгаасаа хамаарч нэг хоногийн багц нь 120-180 еврогийн үнэтэй.
-Таны хувьд сийлбэрийн чиглэлээр олон улсын уралдаанд эх орноо төлөөлөлөн оролцож, амжилт гаргадаг. Хамгийн сүүлд ямар тэмцээнд оролцов. Одоо оролцохоор төлөвлөж буй тэмцээн гэвэл?
-Яг одоо Финланд улсад цасан урлалын тэмцээнд оролцож байна. Тодруулбал, хоёрдугаар сарын 8-11-ний өдрүүдэд дэлхийн есөн орны долоон баг гурван метрын харьцаатай цасаар бүтээл хийж байна. Финланд улсын Хойд туйлын зааг дээр анх удаа зохион байгуулж буй цасан урлалын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй.
Нийт дөрвөн хоногийн хугацаанд “Аз жаргалын түлхүүр” сэдвээр бүтээлээ хийж, нөгөөдөр орой шилдэг бүтээлээ шалгаруулна.
Бид гэр бүлийн аз жаргалтай мөчийг харуулсан бүтээл хийж байна. Энэ тэмцээний өмнө Латви улсад болсон мөсөн сийлбэрийн тэмцээнд хоёр том хэмжээний мөсөн блокоор “Эртний бөө” нэртэй бүтээл хийж, дэд байрт шалгарсан. Монголоос хоёр багийн дөрвөн уран бүтээлч амжилттай оролцсон. Бид бүтээлээрээ дамжуулан үндэсний соёл урлагаа сурталчлахыг зорьдог.
-Монголд хөрөнгө мөнгө их шаарддаг юм уу. Мөсөөр бүтээн байгуулалт хийхэд нэг их хөрөнгө мөнгө шаардахгүй юм шиг?
-Хүмүүс тэгж боддог. Мөс, цасаар том бүтээн байгуулалт хийхэд кран, ковш, трактор гээд хүнд механизм хэрэглэнэ.Хөрөнгө мөнгө ч их шаардана. Эргээд энэ мөнгөө олно гэдэг маш чухал. Тиймээс улсаас бодлогын зохицуулалтыг хийж байж хөгжинө. Харин Сүхбаатарын талбай дээр хийсэн мөсөн хотхоныг барихад гараар хийх боломжтой.
Финланд, Норвеги, Швед улс бүгд хиймэл нуурын мөс ашиглан уран бүтээл хийдэг. Голын мөс цайралттай, цагаан байдаг бол хиймэл нуурын мөс тунгалаг байдгаараа онцлог.
-Манайх өвөлдөө их хүйтэн ч төв талбай дээрээ мөсөн тоглоом хийж, “Хөх сувд” баяр зохион байгуулахаас хэтэрдэггүй. Монголд өвлийн аялал жуулчлалаа хэрхэн хөгжүүлэх боломж байна уу?
-Монголчууд Хөвсгөл аймагт зохион байгуулдаг 20 гаруй жилийн түүхтэй “Хөх сувд” мөсний баярыг маш сайн мэддэг болсон. Бид энэ мөсний баярыг хөгжүүлж, гадаадын жуулчдыг татахаар 2013-2015 он буюу гурван жил зохион байгуулж, тэмцээн хийж үзсэн. Надаас гадна 18 уран сийлбэрч нэгдэж, сайн дурын үндсэн дээр үнэгүй шахуу гадаадад хийдэг бүтээлээ эх орондоо хийсэн. Тэрний хүчинд өнөөдөр 15 мянган хүн цуглаж, сонирхдог болсон. Тухайн үед төр засгаас хувийн хэвшил мөсний баярыг зохион байгуул гэчихээд олон хүн сонирхдог болохоор нь төрөөс хийнэ гээд аймгийнхан зохион байгуулах эрхээ авсан юм. Тэр үед аймгийн Тусгай хамгаалалттай газраас анх санаачилж, уран сийлбэрчид мөсөн сийлбэрийг мэргэжлийн түвшинд хийж байсан. Төр засгаас санхүүжилтийг нь өгдөггүй гэх мэт асуудал үүсдэг.
Төрөөс мөнгө гуйхгүй. Харин менежмент, дэмжлэгийг сайн хийхэд л хангалттай. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлүүд маш том хөшүүрэг болж өгнө.
Миний хувьд олон улсад хийж бүтээсэн уран сийлбэрээ эх орондоо, ард түмэндээ зориулан хийхийг хүсдэг. Мөн залуу сийлбэрчдэдээ сурсан мэдсэнээ зааж, сийлбэрийн бүх төрлийг хөгжүүлэхийг мөрөөддөг.
Холбоотой мэдээ