Ноолуураа самнаж экспортлоод, 500 сая доллар олох боломжтой

Хуучирсан мэдээ: 2023.02.10-нд нийтлэгдсэн

Ноолуураа самнаж экспортлоод, 500 сая доллар олох боломжтой

Ноолуураа самнаж экспортлоод, 500 сая доллар олох боломжтой

Монгол Улсын ноолуур бэлтгэлийн хэмжээ ямааны тоо толгойноос хамаарч жилд дунджаар 10 мянган тонн хүрдэг. Монголчууд нийт бэлтгэсэн ноолуурынхаа зөвхөн 70-80 хувийг угааж, 10 орчим хувийг самнасан байдлаар экспортолж, 10 гаруй хувийг бэлэн бүтээгдэхүүн болгон гадаад, дотоодын зах зээлд борлуулсаар ирсэн.

Монгол Улсын жилд бэлтгэдэг 10 мянган тонн ноолуурыг угаахад овор хэмжээгээр 7000 тонн болж буурдаг бол угаасан ноолуураас хялгасыг ангилснаар 5000 тонн болдог байна.

Засгийн газраас өнгөрсөн оны аравдугаар сард 2023 оны эхний өдрөөс зөвхөн самнасан ноолуур экспортлох шийдвэр гаргасан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны мэдээлснээр, самнасан ноолуур экспортолсноор 2200 ажлын байрыг хадгалж, шинээр 5000 орчим ажлын байр нэмэгдэх тооцоолол гарчээ. Тэрбээр “Манай улс 2022 онд ноолуураа угаагаад гаргахад 310 сая ам.доллар олж байсан, одоо самнаад экспортлоход орлого 500 сая ам.долларт хүрнэ” гэсэн юм.

Монгол Улсад өнгөрсөн 2021 онд үндэсний 40 үйлдвэр 6000 тонн ноолуурыг хялгасаас нь ангилан ялгаж, самнах хүчин чадалтай байсан бол 2022-2023 онд нийт 12 үйлдвэр ноолуурын самнах хүчин чадлаа 4.2 мянган тонноор нэмжээ. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 7 үйлдвэр тоног төхөөрөмж шинээр суурилуулан, нийт самнах хүчин чадал нь 13.2 мянган тоннд хүрсэн байна.

Засгийн газрын 2022 оны аравдугаар 19-ний өдрийн 380 дугаар тогтоолоор “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг баталсан. Түүнд “Экспорт, импортын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх ямааны ноолуур нь хялгас болон завсрын үсний агууламж 0.3 хувиас ихгүй байна” гэсэн зохицуулалтыг тусгасан. Энэ нь зөвхөн самнасан ноолуурыг хилээр нэвтрүүлэх гол зохицуулалт болж буй юм.

Ноолуурын боловсруулалт, худалдаанд техникийн зохицуулалт хийснээр угаасан ноолуур экспортод гарахгүй, 4500 тонн хялгасыг нь ялгасан /самнасан/ ноолуур экспортолж, 2.1 сая ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн борлуулж, нийтдээ 660.0 сая ам.долларын борлуулалт хийж, салбарын борлуулалтын орлогыг 294 сая ам.доллараар нэмэгдүүлэх боломжтой аж.

Хялгасыг нь ялгасан ноолуурын экспорт 2022 оны эхний 11 сарын байдлаар 809.1 тонн болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 дахин өссөн байна. Хялгасыг нь ялгасан нэг кг ноолуурыг 2021 онд дунджаар 91.9 ам.доллараар борлуулж байсан бол 2022 онд 108.3 доллараар борлуулжээ.

Монгол Улсын самнасан ноолуурын гол худалдан авагч Итали улс бөгөөд самнасан ноолуурын экспортын 90 орчим хувийг эзэлдэг. Өдгөө Монголын үндэсний 20 орчим компани "Loro Piana", "Falconeri", “Chanel”, “Schneiders” зэрэг брэндтэй хамтран ажиллаж, ноолуур нийлүүлж байна.

УИХ-аас ноолуур боловсруулах, ангилан ялгах буюу хялгас ялгахаас дээш шатны үйлдвэрлэл явуулж, барихад шаардлагатай тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тогтоол гаргасан.

Үндэсний үйлдвэрүүд ноолуур самнах хүчин чадлаа нэмэгдүүлэхдээ Итали, Франц улсын хөрөнгө оруулагч нартай хамтарч, үр дүнд нь хялгасыг нь ангилсан буюу самнасан ноолуурыг Италийн компаниуд манай үндэсний үйлдвэрлэгч нартай гэрээ хийн шууд худалдан авч байгаа аж.

Дэлхийн зах зээлд ноолуурын эрэлт, хэрэгцээ байгаа учраас ноолуурын үнэ буурахгүй, харин ч малчдын орлого тогтвортой байх боломж бүрдэнэ гэж салбарынхан үзэж буй.

Дэлхийн текстилийн ширхэгтийн нийт үйлдвэрлэлийн хэмжээ 2021 онд 109 сая тонн байгаагаас амьтны гаралтай ширхэгт 1.7 хувь, үүнээс ямааны ноолууран ширхэгт 0.02 хувийг эзэлдэг байжээ. Энэхүү ховор ширхэгт ноолуурын нөөцийн 48 орчим хувийг Монгол Улс, 50 орчим хувийг БНХАУ, үлдсэн хувийг Иран, Афганистан, Казахстан зэрэг улс бэлтгэж, дэлхийн зах зээлд нийлүүлдэг аж.

Нэхмэлийн салбарын нийт экспортын 90 гаруй хувийг ямааны ноолуур эзэлдэг. Монгол Улсад угаасан ноолуурын хялгасыг ялгах буюу самнах 40 үйлдвэрт 6017 тонн самнасан ноолуур гаргах хүчин чадал суурилагдсанаас 25 хувийн ашиглалттай байна. Өөрөөр хэлбэл, 12035 тонн түүхий ноолуурыг угааж, хялгасыг нь ялгах хүчин чадал суурилагджээ. Энэ нь жилд бэлтгэж буй 10 мянган тонн ноолуураа дотооддоо бүрэн самнах боломжтойг харуулж буй юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, ноолуурын экспортын орлогын хэмжээ сүүлийн жилүүдэд өсч, 2022 онд 444 сая ам.долларт хүрсэн. Экспортын нийт орлогын 80 хувийг угаасан, 10 орчим хувийг нь самнасан ноолуурын худалдаанаас бүрдүүлсэн бол үлдсэнийг нь бэлэн бүтээгдэхүүний борлуулалтаас олжээ.

Салбарын яамнаас боловсруулалтын түвшнийг ахиулж, эцсийн бүтээгдэхүүн хийх зорилгоор өдгөө үйл ажиллагаа явуулж буй самнах 40 үйлдвэрийн тоог нэмэхээр төлөвлөсөн байна. Үүний дүнд жилд 10000 орчим тонн ноолуураа бүрэн самнах боломж бүрдэнэ гэж тооцжээ. Түүнчлэн “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт” дагуу 2023 оноос 4500 тонн самнасан ноолуур, 2.1 сая ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн худалдан, борлуулалтын орлогыг жилд 660 сая ам.долларт хүргэхээр төлөвлөсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж