"Газар хөдлөлтийн хүч 5 сая тонн тэсрэх бөмбөг дэлбэрсэнтэй тэнцсэн"

Хуучирсан мэдээ: 2023.02.10-нд нийтлэгдсэн

Турк, Сири газар хөдлөлт

Live"Газар хөдлөлтийн хүч 5 сая тонн тэсрэх бөмбөг дэлбэрсэнтэй тэнцсэн"

"Газар хөдлөлтийн хүч 5 сая тонн тэсрэх бөмбөг дэлбэрсэнтэй тэнцсэн"

 

16 : 35
2023-2-10

Волейболын багийн 39 гишүүнээс 3 хүний цогцсыг олжээ

Туркийн Адъяаман хотноо Даваа гаригт газар хөдлөлтөд зочид буудал нурах үед дотор нь байсан волейболын багийн 39 хүн сураггүй болсон.

Тэднийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд зочид буудлын нурангиас гурван хүний цогцсыг олж гаргажээ.

Эх сурвалжийн мэдээлснээр цогцсуудыг хоёр багш, нэг сурагч гэж танисан байна. 

 

13 : 34
2023-2-10

Истанбулд хүчтэй газар хөдлөлт болно

Туркийн Засгийн газрын мэдээлснээр, хоёр удаа хүчтэй газар хөдлөлт болон түүний дараах хэдэн зуун чичирхийллийн улмаас 10 муж даяар дор хаяж 6,444 барилга нурж, өнөөдрийн байдлаар 12,800 гаруй хүн амь үрэгджээ. 

Истанбул хотын Техникийн их сургуулийн геологийн инженер, профессор Окан Туйсузын хэлэхдээ, "Бид энд үнэхээр хүчтэй газар хөдлөлттэй тулгарлаа. Эхнийх нь ойролцоогоор 5 сая тонн тэсрэх бөмбөгний дэлбэрэлтээс ялгарах энергитэй тэнцэхүйц байсан. Удаах нь 3.5 сая тонн тэсрэх бодистой тэнцэнэ. Ихэнх барилга энэ их хүчийг тэсвэрлэхгүй". 

Өмнө нь 2022 оны арваннэгдүгээр сард Туркийн хойд хэсгийн Дузце хотод болсон 6.0 баллын хүчтэй газар хөдөлж, 2000 гаруй барилга эвдэрч сүйдсэн. Үүний дараа Байгаль орчин, хот байгуулалтын сайд Мурат Курум эрх баригчид тус улсын бүх барилга байгууламжийг “2035 он гэхэд газар хөдлөлтөд тэсвэртэй” болгохоор ажиллаж байгааг  мэдээлсэн. Тэрбээр "Бид хэдийнэ 3.2 сая орон сууц барьсан. Одоогийн байдлаар 81 муж, 992 дүүрэгт 250,000 орон сууцыг одоогийн журамд нийцүүлэн өөрчилж байна. 6.6 сая байшин, аж ахуйн нэгжид аудит хийсэн. Одоогийн байдлаар манай 24 сая иргэн газар хөдлөлтөд тэсвэртэй байранд амьдарч байна” гэж попорч байв. 

Турк улсад 20 сая орчим барилга, байгууламж байдаг аж. 

Тэгвэл Истанбул хотод "Эрт орой хэзээ нэгэн цагт хүчтэй газар хөдлөлт болно" гэж Богазичийн их сургуулийн Кандилли ажиглагчийн газар, газар хөдлөлтийн судалгааны хүрээлэн анхааруулжээ. 

12 : 25
2023-2-10

Газар хөдлөлтөд багадаа 6000 барилга нуржээ

Турк улсад Даваа гаригт 7.8 магнитуд хүчтэй газар хөдлөхөд 10 мужид багадаа 6000 орчим барилга нурж, сүйджээ. Барилгууд хормын дотор нуран унахад оршин суугчид нь гарч амжаагүй учраас маш олон хүн дарагдсан. Гамшгаас хойших тав дахь өдөрт амь үрэгдэгдсийн тоо 21 мянгыг даваад байна.
 
Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган улс даяар гурван сарын онц байдал зарлан аврах ажиллагааг олон улсын тусламжтай явуулж байгаа бөгөөд хохирогчдын дурсгалыг хүндэтгэн орон даяар долоо хоногийн гашуудал зарласан.
 
Аврах ажиллагаанд Туркийн талаас 25 мянга орчим хүн ажиллаж байгаа бол 50 гаруй улсаас аврагчдаа илгээсэн.
85 сая хүн амтай Турк улсад ирэх тавдугаар сарын 14-нд ерөнхийлөгчийн сонгууль явуулна. Сонгуулийн өмнө газар хөдлөлт болсон нь Эрдоганд маш том сорилт боллоо.
Эрдагон улиран сонгогдохын тулд үндэсний хэмжээнд нүүрлэсэн амьдралын өртгийг хямрал, 57 хувийг давсан инфляцийг бууруулах амлалт өгсөн. 

Тэрбээр Туркийн олон мянган барилга яагаад хэдхэн хормын дотор газар хөдлөлтөд нурсан, үүнд хэн хариуцлага хүлээх вэ? гэх мэт асуултад ард түмэндээ хариулт өгөх ёстой. Турк улс нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог бөгөөд урьдчилан сэргийлэх, гамшгийг даван туулахад зориулан ард түмнээс хураасан "газар хөдлөлтийн татвартай". 

Нурсан барилгууд шинэ журмын дагуу баригдсан бөгөөд эрх баригчид хяналт тавиагүй бол Эрдоганд ноцтой цохилт болж магадгүй юм.

Туркчууд газар хөдлөлтийн дараах аврах, эрэн хайх ажиллагаа удаашралтай, засгийн газар бэлтгэлгүй байсанд хэдийнэ Эрдоганд уурсаж эхэлсэн. Гэр бүл, хайртай хүнээ нуранги дороос эсэн мэнд олох найдлага тавин, цаг минут тутамд залбирч суугаа тэд бухимдах нь ойлгомжтой. 
11 : 39
2023-2-10

Газар хөдлөлтөд өртсөн Сирийн олон сая хүүхдэд тусламж хэрэгтэй байна

Турк, Сирийн газар нутагт Даваа гаригт болсон 7.8 магнитудын хоёр газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 21 мянга давсан тухай Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай мэдэгджээ. Түүний хэлснээр Турк улсад амь үрэгдсэн хүний тоо 17674 болсон бол Сирид 3377 хүний цогцсыг нурангиас олж гаргасан байна. 

Үүний зэрэгцээ Дэлхийн банкнаас Турк улсад аврах ажиллагаанд зориулан 1.78 тэрбум ам.долларыг хандивлахаа мэдэгджээ. Харин Хүүхдийг ивээх сангаас  газар хөдлөлтөд өртсөн Сирийн баруун хойд хэсэгт олон сая хүүхдэд хоол хүнс, дулаан хувцас, хоргодох байр яаралтай хэрэгтэй байгааг анхааруулжээ. Сирид 11 жилийн хугацаанд үргэлжилсэн дайны улмаас хүмүүнлэгийн гамшиг нүүрлэсэн энэ үед газар хөдлөлт нөхцөл байдлыг улам хүндрүүллээ. Их Британид төвтэй Хүүхдийг ивээх сан нь сиричүүдэд зориулан яаралтай хүнс, майхны тусламжийг үзүүлж эхэлсэн бөгөөд олон улсыг уриалж байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж