Интроверт хүмүүсийн 4 чадвар

Хуучирсан мэдээ: 2023.02.10-нд нийтлэгдсэн

Интроверт хүмүүсийн 4 чадвар

Интроверт хүмүүсийн 4 чадвар

Өрөөн доторх хамгийн яриасаг нэгэн байх нь бусдын анхаарлыг татах арга байж болох юм. Гэхдээ энэ нь тухайн хүн хамгийн зөв, шилдэг санааг гаргадаг гэсэн үг ч бас биш.

Мэдрэл судлаач нэгэн эрдэмтэн “Google”, “Deloitte” зэрэг томоохон компаниас шилдэг авъяастнуудыг хэрхэн татаж, хамтарч ажилладаг талаар туршлага судалжээ. Энэ судалгааны дүнд ажил олгогчид экстроверт хүмүүсийг илүүд үздэг болохыг нь олж мэдсэн байна. Гэхдээ тоохгүй өнгөрөхийн аргагүй хэд хэдэн чадвар интроверт хүмүүст байдаг.

Нэгдүгээрт, интровертүүд илүү их боддог. Тархины хамгийн гадна давхаргад байдаг нэг төрлийн бодис нь шинэ мэдээллийг боловсруулж, гаргахад туслах зорилготой. Тэгвэл энэ бодис нь интроверт хүмүүсийнх илүү зузаан байдгийг Харвардын судалгаагаар тогтоожээ. Интроверт болон экстроверт хүмүүсийн тархийг сканнердаж үзсэн өөр нэг судалгаа байдаг. Уг судалгааг харахад интровертүүдийн тархи тайван нөхцөлд ч цусны урсгал нь идэвхтэй байдаг аж.

Хоёрдугаарт, тэд илүү удаан төвлөрч чаддаг. Интроверт гэдгээрээ танигдсан суут хүн бол Альберт Эйнштейн. Түүнийг багадаа ертөнцөөс тасарчихсан, бодолдоо умбаж явдаг хүүхэд байсныг багш нар нь хэлдэг байжээ.

Гуравдугаарт, математик, урлаг, хөгжим гэх мэт аль нэг салбарт гойд цолгорсон хүмүүс интроверт байх нь элбэг. Статистик мэдээллээс харахад ийм хүмүүсийн 70 хувь нь интроверт байдаг аж. Хэрэв танай байгууллагад багийн тоглогч бус, ганцаараа ажиллахыг илүүд үздэг, ажлын дараах аяга шар айргийг алгасдаг хүмүүс байдаг бол, тэднийг экстровертүүд нь шүүмжилдэг бол та нар авъяаслаг хүмүүсээ санамсаргүйгээр өөрсдөөсөө холдуулж байж мэдэх юм.

Дөрөвдүгээрт, интровертүүд орчин тойронд нь болж буй үйл явдлуудад хэт сэтгэл хөдлөлөөр ханддаггүй. Оронд нь тэд өөрсдийн дотоод хүнээ сонсож, өөрийнхөө луужинг дагадаг. Судалгаанаас харахад экстровертүүд аливаа шийдвэр буруу байсан ч хамаагүй олонхио дагах хандлагатай байдаг аж.

Эцэст нь дүгнэхэд, интроверт хүмүүсийн хил хязгаарыг хүндэтгэж байхыг зөвлөжээ. Мөн хоорондоо санаа уралдуулж, хашгирах нь хөгжилтэй байж болох ч заримдаа дор бүрнээ шинэ санаа олох санаачилга гаргавал интроверт хүмүүсээс гайхалтай зүйл гарч магадгүй.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж