Үнэт чулуун хөөргийг загасан нуруу ороосон, дөрвөн хүчтэн, найман тахилтай, шүдэнзний булан хээтэй, чамин тансаг торгоор оёсон даалин чимнэ.
Даалин нь эр хүний чимэг, бэл бэнчин, зэрэг зиндааг илтгэдэг төдийгүй урласан монгол бүсгүй нь хэр үйлэнд эрдэмтэйг нь тодотгодог. Монгол эмэгтэй эр нөхөртөө сэтгэлийн илэрхийлэл болгож хөөрөгний даалин урлаж өгдөг нь хамгийн том хүндлэл юм. Мөн даалинг эр хүний сүр сүлдийг авч явдаг хийморийн уут ч гэж ярилцсаар иржээ.
Иймд энэхүү өв соёлыг түгээн дэлгэрүүлж, олон бүсгүйчүүдийн даалин урлах хүслийг нь бадрааж буй Г.Алтанбумбын урлангаар зочиллоо. Бөхийн өргөөний хойно “Эрхэс” худалдааны төвд урлангаа нээсэн тэрбээр биднийг зочлоход ажил ихтэй, тун завгүй сууж байв. Бизнесийн удирдлагаар их сургуулиа дүүргэж, компьютерийн эх бэлтгэгч, дизайнераар ажиллаж байсан тэрбээр удмаа дагаж, даалин урлаач болжээ.
"Эмээ, өвөө минь дэндүү эрт бурхан болсон. Тэгээгүй бол эсгий ширмэл, зодог шуудаг, булган малгай хийхийг сурах байсан биз"
Энэ талаараа Г.Алтанбумба ярихдаа “Манай аав, ээжийн талынхан уран хүмүүс. Дээл оёно, зодог шуудаг урлана, эсгий ширмэл, булган малгай хийдэг байлаа. Багадаа ганц хоёр даалин оёж байсан ч үндсэн ажлаа хийсэн. 2012 оноос эхлээд ажлынхаа хажуугаар пэйж нээгээд хүмүүст даалингийн талаар мэдээлэл хүргэе гэж зорьсон юм. Гэтэл хүмүүс даалингийн бэлдэц хийх үү гэж асуугаад л эхэлсэн. Хүн болгон зураг зурж чадахгүй шүү дээ” гэв.
Өдгөө дүүгийнхээ хамтаар урлангаа ажиллуулж буй уран бүсгүй анхны даалингаа арван жилдээ урлаж байжээ. Түүнийг арван жилийн сурагч байхад хөдөлмөрийн хичээл дээр зүү ороох оёдол зааж сургаснаар даалин урлах болжээ.
"Дөрвөн хүчтэн, хийморийн морьтой даалинг аавдаа зориулж, дөрвөн сар оёж байлаа"
Өнгө өнгөөр алагласан торго дурдан, зүү, утас, оёдлын машин зэрэг их үйл бүтээж яваа урлан дотор нүд унагаам, тогтож хармаар олон даалин байх аж. Түүнээс яагаад үндсэн ажлаа орхиж, даалин урлах болсон талаар асуухад “2015 оноос салбарын уналт болж, манай ажил тарсан. Хүүхэд ч нэгдүгээр ангид орж, зөөх шаардлагатай болсон. Тэр үеэс л урлангаа гэрээрээ нээж, даалингийн бэлдэц хийж, оёж эхэлсэн. Харин 2017 оноос эхлэн энэхүү урлангаа нээн ажиллаж байна” гэж ярилаа.
Удахгүй цагаан сар болох тул эгч, дүү хоёрын даалин битүүлэх захиалга нь ихэсч, цаг нартай уралдан ажиллаж байна. Уг нь захиалгаа эрт авах гэж зар тавьдаг ч монголчууд цагийг нь тулгадаг гэж Г.Алтанбумба хэлсэн юм. Харин цагаан сарын дараа хавар нэг хэсэг ажил нь багасч, наадам дөхөхөөр эргээд захиалга нь ихэсдэг.
Даалин урлах нь яаран хийх ажил биш учир их л чамбай удаан хийж байж гараас гардаг аж. Тийм ч учраас хугацааны хувьд анхлан оёж буй хүмүүст хугацаа их ордог гэх. Энэ талаар Г.Алтанбумба “Олон жил оёсон хүмүүс энгийн хээтэй даалинг хамгийн багадаа хоёр хоногт урлана. Амьтан, дөрвөн хүчтэнтэй даалин оёх болбол илүү ажиллагаа шаардаж, хэдэн сар, жилээр ч урлаж болно. Хэрэглэдэг утас нь янз бүр. Ажиллагаа ихсэх тусмаа нарийн ур шаарддаг. Хээг нь гурван өнгийн дагнаасаар гурваас тав, долоо, 3D гэж уусгана. Амьтан дээр нүд, амыг нь гаргана гээд ажиллагаа их” гэж ярив.
Мэдээж даалин урлахад торго болон утас чухал. Монголд Хятад, Япон торго түгээмэл. “Даалин урлая” урлангийн тухайд торгоны эх орон гэгддэг Хятадаас сайн чанарын торго голдуу хэрэглэдэг. Харин сүүлийн үед Япон торгон дээр урлаж байгаа хэдий ч Хятадынх шиг гялгар биш байдаг аж. Торго сайн байвал эдэлгээ дааж, өв дамжсан эд болно. Битүүлэх нь мөн алдаагүй байж бүтэн даалин босно.
"Зөвхөн зүү ороохоос гадна хөших, хавах, загасан нуруу, давхар, хөөмөлтэй гээд олон янз оёдол бий"
Мөн хээ угалз гол чимэг нь билээ. Г.Алтанбумба хээний талаар “Хээний хувьд хамгийн анхны, уламжлалт гэдэг нь бол угалз. Эвэр угалз, хамар угалз гээд олон төрөл бий. Хүмүүс бэлгэдлээрээ нацагдорж их шингээдэг. Дөрвөн зүг, найман зовхисыг бэлгэдсэн. Тэнгэрийн амьтан, дөрвөн хүчтэн, газрын хоёр, тэнгэрийн хоёр хүчтэн, хийморийн морь, жаргалын найман морь гээд янз янзаар л оёж байна даа” гэж ярив.
Торгоны өнгөний тухайд хүмүүст тохирох өнгө гэж байдаг. Зарим нь төрсөн жилийнхээ тохирох таван биемахбодийн өнгөөрөө даалингаа сонгодог. Залуу хүмүүс хүчтэн, хийморийн морьтой сүртэй даалин сонирхож байхад зарим нь хүндэднэ гээд хээ угалз сонирхож байх жишээтэй. Настай хүмүүс бор, шаргал өнгийн даалин барьж байхад залуу хүмүүс хурц тод цэнхэр, улаан даалин сонирхож байна" гэж тэрбээр ярив.
Даалин нь үнэ цэнтэй байх ёстой учир 500 мянгаас эхлээд хэдэн сая ч хүрнэ.
Ярилцлагын төгсгөлд Г.Алтанбумба хүмүүст зориулан дараах зөвлөгөөг өглөө. Тэрбээр "Хүмүүс хөөргөндөө тааруулж даалин оёх ёстой. Бага гарын даалингийн өргөн нь 15 см-аас доош байна. Урт нь өргөнөө гурав үржүүлсэн байх ёстой. Сүүлийн үед даалинг арай богино хийгээд байгаа. Дунд гарын даалингийн өргөн нь 16, 17 см байдаг. Их гарынх нь 18 см-ээс дээш. Битүүлнэ гэдэг нь хүмүүс торгоо аваад зүү ороох оёдлоо хийлгэдэг. Тэрийгээ даалин болгож угсрахыг битүүлэх гэдэг. Даалин авахдаа торго, хээ угалз, оёдол зэргийг нь сайн анхаарах хэрэгтэй" гэв.
Холбоотой мэдээ