Тус төвийн захирал Б.Нарантуяа, ХНХА-ны дарга Б.Батцоож нар БНТУ-ын Дунягөз нүдний эмнэлгийн Бизнес хөгжил, стратегийн захирал Волкан Каан Ишик, Олон улсын бизнес хөгжлийн захирал Али Жем Юсел, Нүдний эмч доктор Дорукжан Акинчиоглу, Глобал Медикал Тур ХХК-ийн ерөнхий захирал, Дунягөз групп эмнэлгийн Монгол дахь төлөөлөгч Мухтар Өнерхан нартай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр төвийн захирал Б.Нарантуяа байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулж, улс оронд нь газар хөдлөлт болж, асар их гарз хохирол учирсанд харамсаж байгаагаа илэрхийллээ. Мөн төлөөлөгчид Монгол улс нь үүссэн нөхцөл байдалд туслахаар ирсэн анхны орнуудын нэг болж, дэмжин тусалж байгаад талархал илэрхийллээ.
Уулзалтаар талууд цаашдын хамтын ажиллагааны чиглэл, зохион байгуулах сургалтын талаар санал солилцлоо.
БНТУ-ын Дунягөз нүдний эмнэлэг нь 1996 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 300 гаруй нарийн мэргэжлийн эмч нартай, улсдаа 23, европын бусад орнуудад 9 салбар бүхий нүдний бүхий л төрлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг групп эмнэлэг юм.