Иргэн бүр эрт илрүүлэгт хамрагдах хэрэгтэй!

Хуучирсан мэдээ: 2023.02.10-нд нийтлэгдсэн

Иргэн бүр эрт илрүүлэгт хамрагдах хэрэгтэй!

Иргэн бүр эрт илрүүлэгт хамрагдах хэрэгтэй!

Монголчууд уужуу хүмүүс. Энэ хандлага нь ялангуяа эрүүл мэндэд илэрдэг. Өвдөхгүй л бол урьдчилан сэргийлэх үзлэгт огт хамрагддаггүй. Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн Эрүүл мэндийн яамнаас иргэн бүрийг эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах санаачилга гаргасан. Иргэн өөрийн төлсөн эрүүл мэндийн даатгалаар жилд нэг удаа 100 хувь үнэ төлбөргүй эрүүл мэндээ хянуулна гэдэг бусад улс оронд ч байхгүй боломж. Нэг талаар энэ нь иргэдийн хайнга байдлыг өөгшүүлж буй мэт боловч нөгөө талдаа цөөхөн хүн амтай Монгол Улсад нэг хүний амь нас ч үнэ цэнтэйг харуулж байна. Хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны тавдугаар сарын 01-нээс 2023 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 840 мянга хүн хамрагджээ. Тэднээс 382 мянга 721 буюу 45,5 хувь нь эрэгтэйчүүд, 458 мянга 115 буюу 54,5 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны хувьд залуучуудын хамрагдах хувь бага байсан аж. Тиймээс энэ жилээс тодорхой зохицуулалтуудыг хийхээр болжээ.

35 ХҮРТЭЛХ НАСНЫХНЫГ ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮЗНЭ

Иргэд мэдээлэл дулимгаас эрт илрүүлэгт хамрагдах хугацаа нь өнгөрсөн зэрэг шалтгаан нөхцөл их буйг албаныхан хэлж байгаа. Мөн 35 хүртэлх насныхны эрт илрүүлгийн идэвх муу байгаа учир харьяалал харгалзахгүй үзэх шийдвэр гаргасан байна. Тодруулбал, ЭМЯ, дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, хувийн зарим эмнэлгээс өгсөн мэдээллээр эрүүл мэндийн даатгал төлсөн л бол 35-аас доош насныхан төрсөн он, сар, өдөр харгалзахгүй эрт илрүүлэгт хамрагдах боломжтой гэсэн юм.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоог улс даяар нэг жилийн хугацаанд үргэлжлүүлнэ. Гэтэл иргэдэд мэдээлэл дутуу хүрч байгаагийн улмаас эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй байгаа гомдол, мэдээлэл ЭМЯ-нд гаргах нь ихэсчээ.

ЭМЯ-аас өгсөн мэдээллээр, үзлэгт хамрагдах иргэд рүү хорооноос утсаар холбогдож, үзлэгийн урилга өрхийн эмнэлгээс очиж авахыг зөвлөж байна. Урилгаа авсны дараа харъяа дүүргийн эмнэлэгтээ очиж шинжилгээ өгнө. Зарим иргэд утасны дугаар сольсонтой холбоотой мэдээлэл очихгүй байх тохиолдол бий. Тиймээс цаасан урилгыг ч мөн хүргүүлж байна. Товлосон өдөртөө очоогүй хүмүүс сардаа багтаж багцын үзлэгтээ нөхөн хамрагдах аж.

Иргэд төрсөн сар, өдрийн дарааллаар үзлэгт хамрагдана гэж ташаа ойлголттой хэвээр байна. Үүнд санаа зовох шаардлагагүй бөгөөд ЭМД төлсөн хүн бүхэн эрт илрүүлэгт хамрагдаад явна гэсэн тайбар өгсөн.

Тиймээс харьяа өрх, дүүргийн эмнэлгээс тодруулж нэр заасан хувийн эмнэлэгт ч тус үзлэгт хамрагдах боломжтой. Эрт илрүүлэг нэг жилийн хугацаанд үргэлжлэх учир оочер дараалал үүсгэх шаардлагагүй төдийгүй үзлэг оношилгоо ч сайн хийгдэж буй болохыг ЭМЯ-наас тайлбарлаж байна. Мөн өвчлөл хүндрэх эрсдэл бууруулах давуу талтайг онцоллоо. Эрүүл мэндийн сайдын 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн “Журам батлах тухай” А/139 дүгээр тушаалаар гаргасан журмын дагуу “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-г орон даяар эхлүүлсэн. Энэ үзлэгээр улаан хоолой, ходоод, элэг, уушги, бүдүүн шулуун гэдэс, хөх, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх боломжтойг салбарын сайд хэлсэн юм.

Одоогоор Улаанбаатарт хийгдсэн үзлэгийн хувьд Баянзүрх дүүрэг нийт үзлэгийн 27 хувь, Баянгол дүүрэг 24,3 хувийн хамрагдалттай буюу бусад дүүргээс өндөр үзүүлэлттэй байна.

Харин аймгуудын мэдээллийг харьцуулахад Өвөрхангай аймаг нийт үзлэгийн 4,1 хувь, Орхон 3,7, Хөвсгөл 3,5, Сэлэнгэ 3,1, Баян-Өлгий 2,9 хувьтай байгаа аж. Тиймээс иргэн бүрийг эрт элрүүлэгт идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж