Улсын дээд шүүх Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгэснээр Монгол Улс албан ёсоор сөрөг хүчинтэй боллоо.
УИХ-ын 2012 оны сонгуульд олонхи болж, Засгийн эрх атгаж явсан Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуульд навс ялагдан, парламентад дөнгөн данган бүлэг байгуулах хэмжээний суудал авснаас хойш 2020 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль, 2023 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялагдсанаар дотоод дахь зөрчил нь хурцдан, учир зүйгээ олох шаардлага үүссэн ч С.Эрдэнэ, Х.Баттулга нарын эрх мэдэлтэй зууралдах гэсэн аминчхан үзлээс болж, хэдэнтээ хагаралдаад байв.
Аливаа улс төрийн хүчин нь сонгуульд ялагдвал намын дарга нь хариуцлагаа хүлээн огцорч, дараагийн шинэ даргыг тодруулдаг жишигтэй ч С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдсан хариуцлагаа хүлээлгүй, өнөөдрийг хүргэсэн, дундуур нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга орж ирж, “тоглолт” хийсэн зэрэг нь Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийг талцуулж, ардчилал амь тавьж болзошгүй хэмжээнд хүргэсэн юм.
Эгзэгтэй энэ агшинд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд нэгдэн, намын удирдлагаа шинээр сонгох ээлжит бус Их хурлыг өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд зарлан хуралдуулсан нь Улсын дээд шүүхээр албан ёсны шийдвэр гаргуулан, Ардчилсан нам зөв замдаа орох зураглалыг гаргасан гэж хэлж болно. Учир нь, Улсын дээд шүүхийн шийдвэр бол эцсийнх. Энэ шийдвэртэй хэн ч маргах боломжгүй.
Ардчилсан намын удирдлагын асуудал ийнхүү албан ёсоор Улсын дээд шүүхээр эцэслэгдсэнээр ардчиллын төлөө, хүний эрх, эрх чөлөөний төлөө туг нь болж дэрвэлзэж ирсэн Ардчилсан нам амь тавьчихаагүйг, ард түмэнд мөн эрх баригч хүчинд сануулсан чухал үйл явдал болж байна.
Хүчтэй сөрөг хүчингүй болсноор төрийн бүх шатанд авлига хээл хахууль гаарсан нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хурган даргын гэрээс 7 тэрбум төгрөг бэлнээр хураагдсан гүйцэтгэх ажиллагаа харуулсан бол хулгайлсан мөнгө нь гэрт нь багтахгүйгээс алтан гулдмай болгон хадгалж буй гэх УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн үг, нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нарын цуваа дахиад ч нэмэгдэж болзошгүй байгаа нь Монголын баялгийг нам харгалзахгүй цөлмөж ирсэн байж болзошгүй том хэрэг дэгдэж буй.
Дээр нь хүчтэй сөрөг хүчингүй болсныг ашиглаж, Rижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан улстөрчдийн хэрэг, Хөгжлийн банкийг тоносон их гарын хулгайчид, тендер, концесс зэрэг мөнгө идэж болох бүхий л боломжийг ашигласан эрх баригчдад хяналт тавьж, хариуцлага хүлээлгэхийн төлөө ард түмэнтэйгээ нэгдэн, дуу хоолойгоо нийлүүлэх шаардлагатай сөрөг хүчин бол Ардчилсан нам юм.
Хүчтэй сөрөг хүчин оршин тогтнож байж, улс орон хөгждөг.
Одоо Ардчилсан намынхан үзэл баримтлал дээрээ нэгдээд дарга болох амбицаа хойш тавиад нэгэн зорилгын төлөө тууштай тэмцэх. Энэ бол ардчилсан парламентыг төгөлдөржүүлж, нэг намын тогтолцоог халах явдал юм. Үүний тулд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн батлуулж, намуудын санхүүжилтийг ил тод болгохоос эхлээд УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоог бүрдүүлэн, сонгогчдын санал хаягддаггүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэх нь хамгаас чухал байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ