Хуучирсан мэдээ: 2023.02.10-нд нийтлэгдсэн

Ленинг МАНдуулагсад

Үргэлжлэл. өмнөхийг уншихыг хүсвэл ЭНД дарна уу.

Зууны өмнө Монголд байсан баруунтнуудаа ОК(Б)Н-ын тусламжтайгаар даран сөнөөж, тэдний бэлдэж өгсөн бэлэн Үндсэн хуулийг тулган Бүгд найрамдах засаглалд шилжсэн шиг түүх давтагдав. Ардчиллын замаар замнасан 33 жилийн хугацаанд өнгөрсөнтэйгөө харьцуулахад хувийн өмчөөс эхлээд хоол хүнс, амьдрах орчин, хаа суухаа өөрийн сонголтоор хийх боломжтой болсон ч хуучны “дарга” анги нийгэмд ноёлсоор байх төдийгүй түүнийгээ огт үгүйсгээгүйгээс хууль хоёр өөрөөр үйлчилдэг болсонд итгэл алдарчээ. Насаараа төрд ажиллаад тэрбумтан болж байхад төдий хугацаанд шударгаар хөдөлмөрлөөд дампуурлаа зарлахгүй гэхэд дээшилдэггүй, төртэй нөхцсөн хэн боловч гэрлийн хурдаар амьдрал нь сайжирах нь сонгосон нийгмээ сохроор зүхэхэд хүргэв. Гээд шууд л эргээд хуучнаа санагалзаж, зовлонгоо мартагнахаар димедролыг сонгох дунд хийгээд ахмад насныхан залуу насны дурсамжаа ярин сайрхах. Гэвч хүн гэгээлэг сайхан зүйлээ л дурсан санагалздаг бол хар бараанаа нуудаг, мартахыг хичээдэг нь жам. Үүнд дээр эрх баригчид маш сайн тоглолт хийдэг төдийгүй өнөөгийн хямрал, бүх завхарлыг өнгөрсөн эрх баригчдыг алдаа гээд сууж байх. Тэдний өвчигнөл залуусыг үзээгүй нийгмээ үгүйлэх сэдлийг өгөв. Хувь хүний эрх чөлөө улам бүр хумигдаж, төрийн оролцоо өдрөөс өдөрт нэмэгдсээр буйг бид өөрсдөө ч анзаарсангүй. Нийгмийнхээ дүрмийг ойлгоогүйгээс  бүхнийг төрд даатгах нь энүүхэнд. Бүр талх, мах, сүү, шатахуун, тогны тарифыг хямд байлгах нь төрийн үүрэг төдийгүй оролцох ёстой. Бараа бүтээгдэхүүний үнийг хямдруул гэж гудамжаараа яваа 10 хүний олонх нь хэлнэ. Сонгууль ойртож, гишүүд боов шоовхон тараан саймширч буй талаар иргэдийн байр суурийг асуухад дундаас дээш насныхан ихэвчлэн “яах вэ дээ” гэх бол залуус “шаардлагагүй” гэж эрс хариулах жишээтэй.

Энэ  байдлыг улстөрчид хамгийн овжноор ашиглах бөгөөд иргэдийн төлөө гэх нэрийдлээр элдэв халамж санаачилж татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийснээ өөрсдийнх нь өрөвч, нинжин сэтгэл мэт тайлбарлах нь сэжгийн.

Үүнийг нь байх ёстой зүйл мэтээр хүлээн авдгаас гуравхан жилийн дотор төсөв хоёр дахин нэмэгдэв. Тэр хэрээр татвар төлөгчдийн мөнгөөр дарга ангийнхан тансаглах нь нэмэгдэнэ. Иргэд энэ бүхнийг үзэн ядаад ирэхээр тэд тэгш байдлын тухай ухуулах жишээтэй. Байн байсаар төр өөрийн чадах зүйлээ хийж, хувийн хэвшилтэй өрсөлдөх тухай зарлаад эхлэв.

ЛЕНИН БАГШИЙН АЙЛДСАН СУРГААЛЬ

Өөрийг нь байнга зовоож, амар заяаг нь үзүүлээгүй хүнийг өөд болоход тэвчээрийн багшаасаа салав гэж уйлж суудаг гэдэг. Түүнтэй нэгэн адилаар өмч хурааж, аймшигт хядлага хийн цэрэгжсэн социализм байгуулсан Ленин түр ухралт хийн НЭП/Новая экономическая политика/ буюу Шинэ эдийн засгийн бодлогыг боловсруулсныг 1921 оны гуравдугаар сарын 15-нд ОК(Б)Н-ын Х хурлаар баталжээ. Эдийн засгийн хувьд сүйрээд байсан орноо сэргээхээр хэрэгжүүлсэн энэхүү бодлого нь социализмыг байгуулах материаллаг бааз, техник технологийн үндэс суурийг бий болгох байсан аж.

Сүйрсэн эдийн засгаа сэргээхийн тулд зорилгоосоо түр ухарсан энэхүү бодлого нь хөрөнгө оруулалтыг дэмжиж, таатай орчныг бүрдүүлэх мэт юм шиг хэр нь өөрсдөөс нь өөр үзэл бодолтой, чөлөөтэй байхыг хүссэн болгонтой “эсэргүү” гэх ерөнхий шошго зүүлгэн тооцоо бодож, нугачин дарах, капиталистуудыг төөрүүлэх башир төлөвлөгөө байсан нь хожим өрнөсөн үйл явдлуудаас харагдаад байх шиг. Хаант Орос хэмээх хүчирхэг гүрнийг нуран унагаасан гэж удирдагч нь байнга иш татан шүүмжилдэг ч Өнөөгийн Орос ч түүний заасан замыг барьж явна.

СУРГААЛЬ МОНГОЛД ТҮГЭН ДЭЛГЭРСЭН НЬ

Оросууд нэгэнтээ хувьсгалаа Монголд экспортлосон болохоор гай зовлон нь даган ирэв. Хөрөнгө хураах ажил  1924-1932 онд эрчимтэй өрнөсөн бөгөөд 1054 хаад ноёд, язгууртан түшмэд, 507 лам бөө, нийт 1561 өрхөөс 10 орчим төгрөгийн мал, хөрөнгө хураажээ.

Ийн хураан авсан хөрөнгөнөөсөө 1929-30 онд ердөө 1,7 саяыг нь, 1931-32 он 300-400 мянгыг нь ядууст тараасан гэх данс байх. Тэгш хуваарилалт ярин хураан авсан хөрөнгөнийхөө ердөө 1/5-ийг л хэлсэндээ зарцуулж. Бусдыг нь яасныг большевикууд л мэдэх байх

. Нийтийн сайхн сайхан, тэгш эрх, баялгийн тэгш хуваарилалт нэрийдлээр ийнхүү бусдыг нь тэд тонон дээрэмддэг. Гэвч энэхүү халамж эдийн засгийг тэтгэх байтугай улам л дордуулах нь мэдээж. Бусдыг нь яасныг тайлагнасан баримт алга.  Энэхүү дарангуйлалт яван явсаар хүрээ, хийдэд данстай 80 мянга шахам лам хуварга, 6000 орчим сонгох, сонгогдох эрхээ хасуулж, өмчөө хураалгасан тайж, түшмэлийн талын өөрсдийнх нь хэлдгээр “хувалзнууд”-ыг эсэргүүцлийн бослого гаргахад хүрчээ. Өмчөө хураалгаж, эрхээ хасуулсан иргэд төр засгийн эсрэг боссон нь улс орныг бүхэлд хамарч болзошгүй учраас бослогыг хүчээр дарж, Оросын нэгэн адилаар ухралт хийн 1932 онд Ленинийн Шинэ эдийн засгийн бодлогыг “Шинэ эргэлтийн бодлого” гэх орчуулгатайгаар хэрэгжүүлэв. Мэдээж энэхүү бодлого арын аж ахуйтныг дэмжих зааварчилгаатайгаа “ирсэн”. Эдийн засгийн сүйрлээс Монголыг аварсан ч энэхүү бодлогыг хэрэгжих явцад доороо суурьтай, дотроо бодолтой болгонд “эсэргүү” цол зүүн замаасаа зайлуулах ажлыг айдаст автуулан хийсэн билээ.

БУЛШНААС ЦЭЦЭГЛЭСЭН БОДЛОГО

Өнөө цагийн Монголын зүүнтнүүд оюун санааны хувьд мухардалд оржээ. Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг оролдов гэгчээр эцэг хуулийн шинэчлэл, элдэв хуучны уриа, лоозонг эшлэж, бодлого баримт бичигтээ ч тусгах болов. Тэдний нэг хэсэг нь шинэ зүйлийг эрэлхийллсээр өнгөрсөн зууны “булшийг” малтсаар нэгэн “судар” олов. Нэгэн цагт бидний бурхантай зүйрлэж явсан багшийн “судар” байх нь тэр. Өнөөгийн хүүхдүүд тоохооргүй өнгө зүс алджээ. Өнөө цагт хөврүүлэв. Өнгөлж зүлгэв. Хуучирсныг нь сэргээн будаж, шунхадсаар шинэ мэт болгов. Шүлгэсэн “судраа” “Шинэ сэргэлтийн бодлого” гэж нэрлэв. Алтан шаахай өмсөвч алцан майг нь арилахгүй гэгчээр шинэ будаг нялсан хуучин үнэр нь хан хийх аж. Зүсээ хувиргасан зүүнтнүүдийн ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч, эко технологи, төрийн бүтээмж, төрийн өмчит аж ахуйн нэгжийн үр ашгийг сайжруулах гээд яг таг тусчээ. Тэндээс та ганц ч хүний эрх, хувийн өмчийг хайрлан хамгаалах үг олохгүй. Харин "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд төр-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг шийдвэрлэх болно” гэх ганц өгүүлбэр бий. Гэхдээ энэ хоёр түншилнэ гэдэг чөлөөт эдийн засагт байж боломжгүй зүйл билээ. Үүгээр дарга нарын компаниуд л дээш крандуулна уу гэхээс эрүүл өрсөлдөөнийг эсрэг зүйл. Ийнхүү Лениний бодлого 102 жилийн дараа Монголд хэрэгжиж байна. Сэргийлье гэхнээ хуучны "Сэргийлэх" нэр солигдсон ч хуучны цагдах утгаа, утасны дугаартайгаа өөрчлөгдсөнгүй, "Цагдаа", "102" хоёр хэвээрээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж