Гэгээн Валентины өдрийг хайр дурлалын баяр биш “Үхэр тэврэх өдөр” болгон тэмдэглэх саналыг Энэтхэгийн засгийн газрын мал хамгааллын алба гаргав. Энэ нь Хинду шашны үнэт зүйлийг сурталчлах зорилготой аж. “Үхэр тэврэх нь сэтгэл санааг сайхан болгож, хосуудын аз жаргалыг нэмэгдүүлнэ” гэж тус улсын Амьтан хамгаалах зөвлөл мэдэгджээ.
Хинду шашинтнууд үхрийг ариун амьтан гэж үздэг. Тэр бүү хэл зарим мужид үхэр нядлахыг хориглосон байдаг.
Мөн барууны баяр ёслолыг Энэтхэгийн уламжлалт үнэт зүйлстэй зөрчилддөг гэж үзэн шүүмжлэлтэй ханддаг. Энэ үзэлтэй холбоотойгоор Хинду шашны хатуу үзэлтнүүд сүүлийн жилүүдэд Валентины баяраар хосуудыг зоогийн газар, цэцэрлэгт хүрээлэнгээс хөөх болжээ. Мөн дэлгүүр хоршоо руу дайран орж, баяртай холбоотой бэлэг сэлтийг шатаах болсон. Тэд Валентины баяр нь садар самууныг сурталчилж байна гэж үзжээ. Валентины баярыг эсэргүүцэж, энэ мэт үйлдэл гаргах нь Хинду шашинтан гэдгээ батлах арга зам гэж үзэж байна.
Боловсролтой энэтхэг залуучууд шашин шүтлэгээс л хамааран эл баярыг бусад баяр ёслолын нэгэн адил тэмдэглэдэг болсон. Валентины баяраар тэд ресторанд орж, бэлэг солилцож, үдэшлэг зохион байгуулдаг.
Тус улсын 1.4 тэрбум хүн амын 80 хувийг Хинду шашинтнууд бүрдүүлдэг. Харин лалын шашинтнууд 14 хувийг эзлэх ба үлдсэн зургаан хувь нь христ, сикх, буддист, жайн шашинтнууд юм.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ