Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн Лхагва гаригт Их Британи улсад гэнэтийн айлчлал хийлээ. Тэрбээр Европын нийслэлүүдэд хийж буй зарлаагүй айлчлалаа Лондон хотод эхлүүлж, британийн хууль тогтоогчдод хүчтэй мессеж илгээв. ОХУ-аас хөрш Украин руу дайрснаас хойш Зеленский хоёр дахь удаагаа гадаад айлчлал хийж буй нь энэ юм. Тэрбээр Лондонд Их Британийн парламентын хоёр танхимын хамтарсан хуралд үг хэлж, үндэсний эгогоо өсгөхийн зэрэгцээ тус улсаас байлдааны онгоц зэрэг илүү хүнд зэвсэглэлийн тусламж гуйжээ.
Зеленский хэлэхдээ, "Дайн эхэлсэн эхний өдрөөс Лондон Киевийн талд байсан. Дэлхий дахин хэрхэх ээ мэдэхгүй байхад бүрэн хэмжээний дайны эхний минут, секундээс эхлэн бидэнд тусламжийн гараа сунгасан" гэж мэдэгдсэн байна. Тэрбээр Их Британийн төлөөлөгчдийн танхимын спикерт нисгэгчийн дуулга өгсөн нь байлдааны онгоц хүсч буйгаа илэрхийлсэн маш уран мэх байв. Энэхүү нисгэгчийн дуулга нь Украины чадварлаг дайчны тулаанд орохдоо өмсч байсан дуулга гэдгийг онцолжээ.
Дуулга дээр "Бидэнд эрх чөлөө байна. Үүнийгээ хамгаалах далавч өгөөч" гэж бичсэнийг уншиж өгчээ.
Өмнө нь ерөнхий сайд Риши Сунак Их Британийн талаас "NATO"-гийн стандардын байлдааны онгоцуудыг жолоодох ур чадварыг Украины нисгэгчдэд заах болсныг мэдэгдсэн билээ. Түүний энэ мэдэгдэл дээр дөрөөлөн Зеленский байлдааны онгоц хүссэн нь энэ.
Зеленскийг Стэнфордын нисэх буудалд Риши Сунак угтан авчээ. Тэрбээр Их Британийн эзэн хааны нисэх хүчний С-17 тээврийн онгоцоор Лондонд ирсэн байв. Нисэх буудлаас тэрбээр Букингхем ордонд очиж, Нэгдсэн вант улсын хаан III Чарльзтай уулзсан юм. Тэрбээр Чарльз хаанд хандан хэлсэн үгэндээ Украины дүрвэгсдийг халуун сэтгэлээр хүлээн авч байгаад талархлаа илэрхийлсэн байна. Мөн Их Британийн армид дадлагажиж буй Украины цэргүүдтэй уулзсан бөгөөд тулааны талбарт илүү зэвсэглэл шаардлагатай гэдгийг дахин хэлжээ.
Харин Английн парламентад илтгэл тавихдаа "Орос ялагдана гэдгийг бид мэдэж байна. Ялалт дэлхийг өөрчилнө. Энэ нь дэлхий дахинд хэрэгтэй өөрчлөлт болно. Их Британи бидэнтэй хамт бидний амьдралын хамгийн чухал ялалтын төлөө алхаж байна" гэж ярьсан байна.
ОХУ нь энэ хавар Украинд илүү өргөн хүрээтэй, том дайралт хийхээр бэлтгэж байгааг Киевийн албаныхан анхааруулж буй. Үүнээс урьтаж Украин улс бэлтгэлээ базаах шаардлагатай байгаа аж. Улмаар Их Британи улсаас ирэх хавар ирэх Оросын дайралтыг эсэргүүцэхэд нь туслахын тулд Украинд цэргийн тоног төхөөрөмж нийлүүлнэ гэдгээ мэдэгджээ. Риши Сунак хэлэхдээ, Их Британи Украины сөнөөгч нисгэгчид болон тэнгисийн явган цэргүүдийн сургалтыг өргөжүүлэхийн зэрэгцээ Украины армид урт хугацааны хөрөнгө оруулалт хийнэ гэж амласан байна. Тэрбээр “Тайфун” сөнөөгч онгоцны нисгэгчийг эхнээс нь сургахад гурван жил шаардагддаг гэж тэмдэглэжээ. Түүнчлэн Их Британийн талаас Украинд байлдааны онгоц нийлүүлэх талаар идэвхтэй хэлэлцэж байгааг Риши Сунакийн төлөөлөгч ярьжээ.
Өмнө нь Их Британи улс нь "Тайфун" эсвэл "F-35" байлдааны онгоцуудыг Украинд нийлүүлэхээс татгалзаж, "зөв шийдэл биш" гэж байсан юм.
Лондон дахь ОХУ-ын элчин сайдын яамнаас Зеленскийн айлчлалыг "театрчилсан тоглолт", "хандив босгох үйл ажиллагаа" "яарсан үйлдэл" гэх мэтээр нэрлээд Зеленскийг "ногоон цамцтай алиалагч" гэж дооглосон байна. Харин Их Британиас Украинд байлдааны онгоц нийлүүлэх талаар Элчин сайдын яамнаас Лондонд хандан "Аливаа нөхөрсөг биш үйлдлийн хариуг хэрхэн барихаа Москва мэдэж байгаа" гэж анхааруулжээ.
"Бид Лондонд сануулахыг хүсч байна. Ийм тохиолдолд Европ тив, цаашлаад дэлхий дахинд учрах цэрэг-улс төрийн үр дагавар Их Британийн гарт байна "гэж элчин сайдын яамнаас мэдэгдэв.
ЗХУ-ын үеийн танкуудад тулгуурласан армиа хүчирхэгжүүлэхийн тулд байлдааны танк авах Киевийн хүсэлтэд НАТО-гийн холбоотнууд саяхан хариу өгсөн. Их Британи нэгдүгээр сарын дундуур 12 ширхэг "Challenger 2" танкийг Украин руу илгээх болсноо зарласан. Үүний араас хэдэн долоо хоног үргэлжилсэн шахалтын эцэст Герман, АНУ-аас "Leopard 2" болон "M1 Abrams" танкуудыг тус тус илгээнэ гэж мэдэгдэв.
Украины дайны нэг жилийн ой ирэх хоёрдугаар сарын 24-нд болохыг урьтаж Киев барууны орнуудаас илүү зэвсэг, цэргийн дэмжлэг хүсч, шаардах болсон. Энэ хүрээнд Зеленский Европын орнуудаар айлчилж яваа бөгөөд Лондон дахь айлчлалаа өндөрлүүлээд Парис хотод очсон. Парист тэрбээр Францын ерөнхийлөгч Эммануэл Макроноос гадна Германы канцлер Олаф Шольцтой уулзсан. Хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Зеленский хэлэхдээ, Франц, Герман улсууд "тоглоомыг өөрчлөгчид" байж болохыг онцлоод Украинд алсын зайн тусгалын зэвсэглэлүүд, илүү орчин үеийн байлдааны онгоцууд хэрэгтэй байгааг учирласан байна.
Холбоотой мэдээ