Статистик: Тэтгэврийн зээл авах нь 2-3 хувиар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2023.02.10-нд нийтлэгдсэн

Статистик: Тэтгэврийн зээл авах нь 2-3 хувиар нэмэгджээ

Статистик: Тэтгэврийн зээл авах нь 2-3 хувиар нэмэгджээ

Цагаан сарын баяр наадам болоход арав гаруй хоног үлджээ. Энэ үеэр иргэдийн худалдан авалт ихэсдэг. Үүний зэрэгцээ бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсч, арилжаа наймаачид гэнэтийн ашиг олдог нь зах зээлийн тогтсон хэв маяг болжээ.  Харин баярын дараагаар аажимдаа бүтээгдэхүүний үнэ буцаж буух нь бараг л боломжгүй зүйл. Тэгвэл хоёрдугаар сарын 6-ний байдлаар нийслэлийн хэмжээнд гол нэрийн барааны үнэ өмнөх сараасаа 4,2 хувиар, өмнөх долоо хоногийн мөн үеэс 2 хувиар өссөн байна.

Тухайлбал, хонины ястай мах 2,2 хувь, үхрийн мах 2,3 хувь, ямааны мах 1,9 хувь, нэгдүгээр гурил 0,4 хувиар, сонгино 0,9 хувь, төмс 1,5 хувь, шинэ сүү 11,9 хувь тус тус өсчээ.

Харин аймгийн төвүүдийн гол нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногийн мөн үеэс 1,0 хувиар өссөн байна. Орон нутагт хонины мах 1,6 хувь, үхрийн мах 0,5 хувь, ямааны мах 3,4 хувь, задгай сүү 2,1 хувь өссөн бол нэгдүгээр гурил 0,1 хувиар буурчээ.

Иргэдийн хамгийн их худалдан авдаг бараа бүтээгдэхүүний үнэ ердөө долоо хоногийн дотор 2 хувиар өссөн үзүүлэлт нь цагаан сар ойртож буйтай холбоотой байж болох юм.

2022 оны гуравдугаар улирлын дүнгээр өрхийн хүнсний бүтээгдэхүүний сарын дундаж зарлагын 30.8 хувийг мах, махан бүтээгдэхүүн, 23.4 хувийг үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн, 10.7 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, 8.7 хувийг хүнсний ногоо, булцуут, навчит ургамал эзэлж байсныг Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурдсан байна.

ҮСХ: НАС АХИХ ТУСАМ ЦАГААН САРД ЗАРЦУУЛАХ ЗАРДАЛ НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

Цагаан сарын баяртай холбоотой бараа бүтээгдэхүүний дундаж үнийн талаарх мэдээллийг  Үндэсний статистикийн хорооноос гаргажээ.  Уг мэдээлэлд дурдсанаар хэвийн боовны нэг ширхэг үнийн дундаж 4600 төгрөг байна. Харин үйлдвэр бүрээсээ шалтгаалж үнийн дүн харилцан адилгүй байгаа юм.

Тухайлбал,  “Өгөөж, чихэр боов” компани 4313 төгрөг, “Талх чихэр” компани 4575 төгрөг, “Атар өргөө” компани 4200 төгрөг, “Гандан” 4100 төгрөг, “Гүрмэл” компани 4760 төгрөгөөр нэг ширхэг хэвийн боов худалдаалагдаж байна. Иргэд дунджаар 69,000 төгрөгөөр 15 ширхэг хэвийн боов худалдан авах юм.

Хонины ууцны дээд үнийн дундаж 480 мянган төгрөг доод үнийн дундаж 200 мянган төгрөг байгаа юм.  Сүүн ааруулын дундаж үнэ 28,400 төгрөг байгаа бол хорхой ааруулын дундаж 19600 төгрөг, задгай сүү 3,429 төгрөг, шинэ сүү 4430 төгрөг байна.

ҮСХ-ны Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн дарга Д.Баасан "Нэг өрх 1.2 сая төгрөгийн дийлэнхийг буюу 730 мянга төгрөгийг бор идээ болох хонины ууц, архи болон буузанд зарцуулж байна. Үүнээс дунджаар 350 мянган төгрөг нь ууцны зардал болж байна гэсэн тооцоолол хийгдсэн. Бүтцийн хувьд цагаан идээнээс бор идээнд илүү их мөнгө зарцуулдаг гэж хэлж болохоор байгаа. Цагаан идээнд 460 мянга орчим төгрөгийг зарцуулдаг гэж тооцоолсон. Цагаан сараар нэг өрх бор идээ буюу архи дарсанд дунджаар 60 мянган төгрөгийг зарцуулж байна. 20-29, 30-39, 40-49 насны бүлэг ахих тусам цагаан сард зарцуулж буй зардал нэмэгдэх хандлагатай. Энэ нь уламжлалт соёлтой холбоотой.

Импортын бараа бүтээгдэхүүн инфляцад үзүүлэх нөлөөлөл өндөр байгаа. Хэрэглээний сагсанд байгаа 410 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний 47 хувь нь импортынх. Хүнсний бараа өрхийн хэрэглээний 25 хувийг дангаараа эзэлдэг" гэжээ.

2022 оны цагаан сарын хэрэглээний үнийн дундаж, хонины ууцны дээд үнэ 475 мянган төгрөг, доод үнэ нь 175 мянган төгрөг байжээ. Хэвийн боовны дээд үнэ 4840 төгрөг, доод үнэ 3985 төгрөг байсан байна. Хонины махны дундаж үнэ 11558 төгрөг, үхрийн махны дундаж үнэ 14062 төгрөг байжээ. Хайрцагтай сүүний үнэ 3266 төгрөг байсан байна.

Тэгвэл 2022 оны цагаан сарын голлох бүтээгдэхүүний үнийг 2021 онтой харьцуулбал, хонины ууц 41,8 хувь, хэвийн боов 51,3 хувь, нэгдүгээр гурил 6,9 хувь, хонины мах 9,3 хувь, үхрийн мах 11,6 хувь, сүү 15 хувиар тус тус өсчээ.

Цагаан сарын барааны үнийг сүүлийн хоёр жилийн дунджаас харвал өссөн үзүүлэлтэй байгаа юм.

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ АВАГЧДЫН ТОО 2-3 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

Мөн цагаан сарын баяртай холбогдуулж арилжааны банкнуудаас зээл авах  иргэд олширдог. Тэр дундаа зарим ахмад настан баяраа тэмдэглэн өнгөрүүлэх үүднээс тэтгэврийн зээл их хэмжээний дүнгээр авдаг байна.

Нийт өрхийн 55.0 хувь буюу 512.6 мянган өрх зээлтэй амьдарч байгааг 2021 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр гарсан байна. Харин энэхүү үзүүлэлт 2022 онд 2.1 нэгж хувиар нэмэгдсэн бол 2023 оны зээлийн индекс бүрэн гараагүй байгаа юм.

2021 онд нийт өрхийн цалингийн зээл өмнөх оноосоо 44,3 хувь, тэтгэврийн зээл 8,6 хувиар өссөн байна.

2022 оны байдлаар нийт өрхийн цалингийн зээлийн хэмжээ өмнөх оноос 45,6 хувь, өрхийн хэрэглээний зээл 20,3 хувь болж өмнөх оноос 2,6 хувиар буурчээ. Харин тэтгэврийн зээл өмнөх жилээс 19,0 хувиар өссөн байна. Тэтгэврийн зээлийн дундаж хэмжээ 2022 онд 1,9 сая төгрөгөөр буюу хоёр дахин нэмэгджээ. 2022 оны арван хоёрдугаар сарын байдлаар банкнуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны 6,5 хувиар өсөж 22,0 их наяд төгрөгт хүрснийг Монголбанкнаас дурдсан байна. Мөн энэ хугацаанд цалин, тэтгэврийн чанаргүй зээл өмнөх оноос 7,6 хувиар өсчээ.

Зарим арилжааны банкны өгсөн мэдээллээр тэтгэврийн зээл авах хамгийн өсөлттэй сар нь нэгдүгээр сар байдаг байна. Энэ хугацаанд тэтгэврийн зээл авах иргэдийн тоо өмнөх саруудаас 2-3  хувиар нэмэгддэг аж.

                                              Эх сурвалж: Үндэсний Статистикийн хороо, Монголбанк

Г.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж