БАЙР СУУРЬ: Малчид өөрсдөө малаа ээмэгжүүлж, бүртгэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2023.02.09-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Малчид өөрсдөө малаа ээмэгжүүлж, бүртгэх боломжтой

БАЙР СУУРЬ: Малчид өөрсдөө малаа ээмэгжүүлж, бүртгэх боломжтой

Засгийн газрын ээлжит хуралдаанаас 5.5 сая толгой үхрийг 13 орчим тэрбум төгрөгөөр ээмэгжүүлэх шийдвэр гаргасныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун танилцуулсан. Энэхүү шийдвэр багагүй шүүмжлэл дагуулж буй юм.

Учир нь, иргэд “Мал хувийн өмч, хувийн өмчийг татвар төлөгч иргэдийн мөнгөөр бүртгэлжүүлэх нь хууль бус. Малчид өөрсдийнхөө хувийн өмчийг ээмэгжүүлэх нь шударга ёсонд нийцнэ” гэж үзэж байна. Тухайлбал, зарим иргэн “Хувь хүний үхрийг татвар төлөгчдийн мөнгөөр ээмэгжүүлэх нь л буруу. Хувийнхаа мөнгөөр хувийнхаа үхэрдээ ээмэг зүүнэ үү, өөрийнх нь мэдэх хэрэг” гэж буй бол зарим нь “Ээмгээр мал бүртгэх хэцүү. Ихэнх нь уначихдаг. Энэ дарга нар малчин айлд очиж долоо хоноосой. Бүл хүч дутмаг тул бод малд явдаг хүн ховор. Үхэр их зэрлэгшсэн. Бэлчээрийн МАА-гаа төрөлжүүлээд, дараа нь ээмгээ ярь. Одоо баахан болсон болоогүй ээмэг зүүгээд, талаар нэг хаяна” гэсэн байр суурь илэрхийлж байна. Бид үхэр ээмэгжүүлэх шийдвэрийн талаар салбарын мэргэжилтэн, малын эмч, иргэний төлөөлөл ямар байр суурьтай байгаа сонирхлоо.


“ХҮН АМЫГ ЭРҮҮЛ, ЧАНАРТАЙ ХҮНСЭЭР ХҮРТЭЭМЖТЭЙ ХАНГАХ ЗЭРЭГ ОЛОН ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ”

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.БОЛОРЧУЛУУН:

-Малыг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх (ээмэгжүүлэх) гэж юуг хэлдэг вэ?

Дэлхийн бүх улс орон мал сүрэг, тэр дундаа үхэр сүргээ 100 хувь ялган тэмдэглэж, бүртгэлжүүлсэн байдаг. “Малын генетик нөөцийн тухай” хуульд малыг үл давтагдах хувийн дугаараар ялган тэмдэглэж бүртгэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, малыг үл давтагдах хувийн дугаар бүхий хэрэгслээр тэмдэглэн, малын бүртгэл мэдээллийг нэгдсэн цахим санд оруулах ажиллагааг хэлнэ. Ингэснээр:

  • Тухайн малын нас, хүйс, үүлдэр угсаа, ашиг шимийн байдал зэрэг бүхий л мэдээллийг дахин давтагдашгүй зураасан кодтой ээмэгний тусламжтайгаар бүртгэж, Малын бүртгэл мэдээллийн цахимд санд оруулах боломж бүрдэнэ.
  • Тухайн мал болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн нь аль аймгийн, аль сумын, аль багийн, хэн гэдэг малчны хотоос гарал үүсэлтэй болох нь тодорхой болно.
  • Тухайн малд ямар вакцин хэдийд хийсэн, тарилга туулгалтад цаг тухай бүрд хамрагдсан эсэх мэдээлэл бүрдэхээс гадна вакцин тариулаад, биеэс нь гадагшлах хугацаа дуусаагүй байхад хүнсэнд хэрэглэх явдал үгүй болно.
  • Малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдлийг хянах нөхцөл бүрдэнэ.
  • Малын генетик нөөцийн тухай хуульд "Малчин дэмжлэг урамшуулалд хамрагдах, малаа даатгалд хамруулах, барьцаалж зээл авах, худалдах, хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд ялган тэмдэглэж, бүртгэлжүүлсэн малын бүртгэлийг үндэслэнэ гэж заасан нь үхэр сүргийг бүртгэлжүүлэх ажлын эрх зүйн үндэслэл болж байна.

-Мал сүрэг хувь хүний өмч. Тиймээс иргэд 5.5 сая үхрийг 13 тэрбум орчим төгрөгөөр ээмэгжүүлэх Засгийн газрын шийдвэрийг таатай хүлээж авахгүй байна. Малчид өөрсдөө ээмэгжүүлж болохгүй юу?

-Хэдийгээр мал сүрэг хувь хүний өмч ч Монгол Улсын Үндсэн хуулийн 5-р зүйлд "Мал сүрэг үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна" гэж заасан үүргээ биелүүлж, малаа жинхэнэ утгаар нь төр хамгаалалтдаа авах зорилгоор энэ жил 5.5 сая үхэр сүргийг ялган тэмдэглэж, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулах гэж байгаа юм.

Уг ажилд шаардлагатай багаж, ялган тэмдэглэх хэрэгслийг Дэлхийн банкны санхүүжилттэй "Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл"-ийн эх үүсвэрээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам бус Төрийн худалдан авах ажиллагааны газар тендер шалгаруулалтыг зохион байгуулна.

Малыг ялган тэмдэглэж, цахим мэдээллийн санд бүртгэснээр малын эрүүл мэндийг хамгаалж, хүн амыг эрүүл, чанартай хүнсээр хүртээмжтэй хангах, боловсруулах үйлдвэрийг технологийн шаардлага хангасан түүхий эдээр тогтвортой хангах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортын төрөл, хэмжээг нэмэгдүүлэх, салбарын эдийн засгийн эргэлтийг дээшлүүлэх зэрэг суурь нөхцөл бүрдэх олон чухал ач холбогдолтой юм.


“БЭЛЧЭЭРИЙН БҮХ МАЛД ЭЭМЭГ ХЭРЭГГҮЙ”

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын малын их эмч А.ЭРДЭНЭ:

 -5.5 сая үхрийг 13 тэрбум орчим төгрөгөөр ээмэгжүүлэх шийдвэр гарсан. Бүх малыг ээмэгжүүлэх шаардлагатай гэж та бодож байна уу?

-Яг экспортод гарах мал маханд л ээмэглэх бүртгэл хэрэгтэй. Бэлчээрийн бүх малд ээмэг хэрэггүй гэж бодож байна. Энэ мөнгөөр Мал эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хийх ажил их байна.

-Засгийн газар биш малчид өөрсдөө ээмэгжүүлээд явах бүрэн боломжтой юу?

-Малчид өөрсдөө ээмэгжүүлээд бүртгэх бүрэн боломжтой.

-Нэг ээмэг ямар үнэтэй байдаг вэ?

-Хятад ээмэг 800 төгрөгийн үнэтэй байдаг.

-Малчид үхрийн ээмэг нэг их удалгүй уначихдаг гэж ярьдаг юм билээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ээмэгний л чанартай холбоотой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж