Хөх мөрний өмнөд эрэгт орших Эжоу хотод дэлхийн хамгийн том гахайн фермийг барьжээ. 26 давхар тус барилга нь гаднаасаа гахайн ферм гэж харагдахгүй. Гэвч энэ бол газар тариалангийн талбай хомс, гахайн махны нийлүүлэлт зайлшгүй шаардлагатай байдаг Хятадын хувьд хамгийн тохиромжтой шийдэл аж.
Лондонгийн цамхаг шиг өндөр тус барилга дотор орвол НАСА-г санагдуулахуйц байдаг гэнэ. Тэнд дүрэмт хувцастай ажилчид өндөр нарийвчлалтай камераар давхар бүрийг хянадаг. Давхар бүр нь өөр өөр зориулалттай ба хээлтэй гахайн талбай, гахай үржүүлэх өрөө, хөхүүлэх цэг, залуу гахайг таргалуулах талбай гэх зэрэг байдаг. Гахайн тэжээлийг өндөр технологи бүхий туузан дамжуургаар дээд давхруудад хүргэдэг аж. Өдөрт 450 гаруй тонн тэжээлийг гахайнуудад нас, жин, эрүүл мэндийн байдлаас нь хамааран өөр өөр хэмжээтэйгээр автоматаар хүргэдэг.
Тус ферм өнгөрсөн оны аравдугаар сард ашиглалтад оржээ. Удахгүй яг ижил ферм дахин нэгийг нээхээр төлөвлөж байна. Хэрвээ хоёр ферм бүрэн хүчин чадлаараа ажиллавал жил бүр 1.2 сая гахай үржүүлэх юм.
Фермд зөвхөн гахай үржүүлдэг гэх боловч өөр давуу тал ч бий. Тухайлбал, гахайн ялгадасны дөрөвний нэгийг хуурай хэлбэрээр гаргаж авч, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх метан болгон ашиглаж болох юм байна.
Хятадын түүх соёлтой гахай салшгүй холбоотой байдаг. Хөдөөгийн айл өрхүүд эртнээс гахай тэжээж, махыг нь хүнсэндээ хэрэглэдэг байсан. Эрт үед гахайн махыг зөвхөн онцгой тохиолдлуудад л иддэг байжээ. Өдгөө Хятад улс дэлхийн гахайн махны тэн хагасыг хэрэглэдэг гэсэн тооцоолол бий. Тэр бүү хэл гахайн махны үнийг инфляцийн хэмжүүр болгон анхааралтай ажигладаг аж.
Эх сурвалж: THE NY TIMES
Холбоотой мэдээ