Эдийн засагт нэмэргүй, Улсын аварга малчид!

Хуучирсан мэдээ: 2023.02.09-нд нийтлэгдсэн

Эдийн засагт нэмэргүй, Улсын аварга малчид!

Эдийн засагт нэмэргүй, Улсын аварга малчид!

Засгийн газар жил бүрийн сар шинийн өмнө Улсын аварга малчин, саальчин шалгаруулдаг уламжлалаараа  өнөө жил 10 малчныг Улсын хошой аварга, 140 малчныг Улсын аварга малчин, зургаан саальчныг Улсын аварга саальчнаар шалгаруулав.

Удахгүй УИХ, Засгийн газрын гишүүд малчдад шагналыг нь гардуулахаар орон нутаг руу мордоно.

Төр уламжлалт аж ахуйгаа хөгжүүлж буй малчдынхаа хөдөлмөрийг үнэлэх нь зүйн хэрэг боловч жил бүр хэдэн зуугаараа Улсын аварга малчин тодорч байгаа ч эдийн засагт үзүүлэх үр нөлөө бага явж ирснийг анхаарах цаг нь болжээ. Учир юу вэ гэвэл, Монгол Улс өнөөдөр 70 сая гаруй толгой малтай болж, мал сүргийнхээ тоогоор дэлхийд тэргүүлж буй ч махных нь үнэ тэнгэрт хадсан хэвээр байна.  “Хүчит шонхор” худалдааны төвөөс үхрийн цул мах 1 кг авъя гэхэд 16500 төгрөг. Удахгүй хаврын урт “хүн” ирэхэд махны үнэ улам ч өсөх биз.

Сар шинээр тавгаа цагаан идээгээр засъя гэхэд л 550 мянган төгрөгтэй байж л худалдан авах боломжтой. Өөрөөр хэлбэл, бэлтэй ахмад настан л цагаан идээгээр тавгаа засч, ууц тавина уу гэхээс биш тэтгэврээрээ амин зуулгаа залгуулдаг ахмадуудын хувьд боломжгүй.

Энэ асуудлыг хөндөхөөр “эко бүтээгдэхүүн үнэтэй байх нь аргагүй, малчид хөдөө хөхөрч, гадаа гандаж малаа дөрвөн цагийн эргэлтэд хариулдаг тул малын мах сүү, цагаан идээ үнэтэй байхаас аргагүй” гэж нэг хэсэг нь өмөөрдөг. Гэхдээ яагаад малчид малаа, сүү, цагаан идээгээ өндөр үнээр борлуулж, ашиг олдог хэрнээ татвар төлдөггүй юм бэ.

Улсын аварга малчны мал аж ахуйгаас олдог жилийн орлого хэдэн зуун сая төгрөг дотор эргэлддэг тухай мэдээ сар шинийн үеэр бялууртал цацагддаг атлаа татварт төлсөн орлого нь 0 заадаг.

Хэрвээ өнөөдөр өндөгний аж ахуй эрхэлдэг бизнесмэн олсон ашгаасаа татвараа төлөөгүй бол нийгмээрээ шүүж,  төлөхийг шаардах биз. Татварынхан ч амар заяа үзүүлэхгүй, акт тавьж, тамыг нь цайлгана.

Уг нь агуулгаараа бол 1000 гаруй толгой малтай малчин нь ч, 5000 гаруй тахиатай аж ахуй эрхлэгч ч хоёулаа л хувийн бизнес эрхлэгч. Шатвал эрсдлээ үүрээд, Х тайлангаа гаргаад, ашиг олбол татвараа төлөөд л явах бизнесийн хууль үйлчлэх учиртай. Гэтэл мал аж ахуйг төрөөс онцгой анхаарах ёстой нэрийн дор малчид нь эрхэлсээр энэ салбараас хөдөө аж ахуйн салбарт үзүүлэх үр шим муудсаар, эцэстээ туслах малчин нэртэй зарц нарыг л олноор төрүүлэх боллоо.

Жишээ татвал, Улсын аварга малчнаар тодорсон малчин нь 1000 толгой малтай, хоёр туслахтай байхад л болно. Тэдэндээ хэдэн толгой хонь тасалж өгч, өрхийн амьжиргааг дэмжсэн байхад л Улсын аварга малчны болзол хангачихна. Улсын аварга малчин нь өөрөө малаа хөхөртөл хариулаад сүү цагаан идээгээ базаагаад нутаг орноо хангаад байвал бас болж байна. Үнэхээр хөдөлмөрлөж байна, чадаж байна. Түүнтэй арсалдах хүн гарахгүй. Харамсалтай нь, Монголын Улсын аварга малчин дотор бусдыг манлайлдаг малчин ховордлоо. Туслах малчин нэртэй зарцтай. Зарцыгаа гэр бүлээр нь жилийн дөрвөн улиралд зарцална. Зарим тохиолдолд хөлс мөнгийг нь өгөхгүй чангална. Ихэнхдээ л нөгөө муу зарц тэр их шороон түм малыг нь борви бохисхийхгүй хариулна. Харин нөгөө Улсын аварга малчин хотод ирээд гэдсээ илээд хэвтэж байна. Цас бороо, шуурганаар зарц л хэдэн малтай нь ноцолдож, хохирол багатай давна. Наадам болоход Улсын аварга малчин хурдан морь уях нэрийн дор сум, аймгийн наадам хэснэ, эцэст нь бүсийн наадам шувтална.

Хадлан тэжээл бэлтгэх цаг боллоо, бараагаа нэг харуулах байлгүй гэхэд сураггүй. За тэгж байгаад нэг их сүр бадруулан ирнэ. Зуншлага тааруу байснаас газрын гарц муу хадлангийн талбай руу оройтож орсон нь өвс, тэжээлээ дорвитой бэлтгэж чадахгүйд хүрнэ. Гэвч энэ зовлонг Улсын аварга малчин ойлгохгүй, туслах малчдаа уруу доройгоор нь дуудна.

Гар татаж, татаж хэдэн төгрөгөөр өвс, тэжээл бэлтгэнэ.

Зарим жил ч санасныг бодвол өвөл, хавар гайгүй орно.

Зарим жил хатуу ороход өвс, тэжээлээ дорвитой бэлтгэж чадаагүй нөхцөлд хамаг ажил туслах малчин дээр л бууна.  Харсаар байгаад хэдэн малаа харангадуулалтай нь биш өвс тэжээл гуйхаар сум руу шогшуулна.

Орчин цагийн Улсын аварга малчны ажил ахуй нэг иймэрхүү л янзтай байна. Харин Засгийн газраас жил бүр Улсын аварга малчныг 140, 150-аар нь шалгаруулсаар байгаа ч Монголын мал аж ахуйн салбар хөгжсөнгүй, бахь байдгаараа…

Жилээс жилд мал нь давжаарч, газрын хөрс нь мал аж ахуйдаа талхлагдсаар эрүүл ч газаргүй болж, мал аж ахуйгаа ч устгаж мэдэх шинжтэй болов.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж