Хойд Солонгос улс Мягмар гаригаас Лхагва гаригт шилжих шөнө Ардын арми байгуулагдсаны 75 жилийн ойн хүндэтгэлийн парад хийжээ. Парад Пёньян дахь Ким Ил Суны талбайд болов. Энэхүү парад нь сүүлийн нэг жилийн хугацаанд хийж буй анхны цэргийн парад бөгөөд Ким Жон Уны хамгийн сүүлийн үеийн зэвсгээ олон улсад харуулах тавцан болж байна. Лхагва гаригийн үүрээр Пёньяны дээгүүр тийрэлтэт онгоцууд нисэлдэж, Ким Ил Суны талбайд хөгжим эгшиглэж эхэлсэн байна.
“Ким Жон Уны сүүлийн үед танилцуулсан зэвсэг техникүүдийг харахад тэд ойрын нэг жилийн дотор том диаметртэй, хатуу түлшээр ажилладаг пуужингуудыг нисгэж эхлэх магадлал өндөр байна” гэж Карнегийн сангийн Цөмийн бодлогын хөтөлбөрийн ахлах ажилтан Анкит Панда хэлэв.
Тус улс өнгөрсөн жил 70 гаруй баллистик пуужин туршиж дээд амжилт тогтоосон. Эдгээрийн дотор богино зайн тусгалтай пуужин болон шингэн түлшээр ажилладаг Хвасон-17 зэрэг хүчирхэг зэвсэг багтжээ. Ким Жон Уны охин Ким Чу-Аэ арваннэгдүгээр сард анх удаа аавыгаа дагаж баллистик пуужин хөөргөлтийн талбайд ирсэн. Түүнээс хойш охин хэд хэдэн чухал арга хэмжээнд орлцсон. Тэрбээр 75 жилийн ойн хүндэтгэлийн парадад мөн оролцов. Энэ нь удирдагчийн гэр бүлийн дараагийн үе бэлэн болсныг харуулж байна гэж ажиглагчид үзжээ.
Эх сурвалж: YONHAP, BLOOMBERG
Холбоотой мэдээ