Европт антибиотикийн хомсдол нүүрлэв

Хуучирсан мэдээ: 2023.02.09-нд нийтлэгдсэн

Европт антибиотикийн хомсдол нүүрлэв

Европт антибиотикийн хомсдол нүүрлэв

Нэгэн эмийн компанийн эзэн Испанид амоксициллин хомсдолтой байгааг сонсоод үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр шийджээ. Тэр хэд хэдэн нэмэлт ээлж гаргаж ажиллуулснаас өөрөөр хүчин чадлаа олигтой нэмж чадаагүй. Нийлүүлэлтийг их хэмжээгээр нэмэгдүүлэхийг хүссэн ч зардлаа нөхөх шаардлагатай болсон нь асуудал юм. Үүний тулд антибиотик бус бусад төрлийн эмэнд илүү их мөнгө зарцуулах шаардлагатай болсон. Үйлдвэрлэлийн өртөг нэмэгдсэн ч үнэ хэвээрээ л байгааг Испанийн эм үйлдвэрлэгч компанийн гүйцэтгэх захирал хэлэв. 

Covid-19 цар тахлын хязгаарлалтыг цуцалсны дараа дэлхий дахинд амьсгалын замын халдварт өвчин нэмэгдсээр байна. Үүнтэй холбоотойгоор дэлхийн олон орон антибиотикийн хомсдолд оржээ.

Тэр дундаа Европт энэ асуудал хурцаар тавигдаж байна. Учир нь Украины дайны улмаас эрчим хүч, сав баглаа боодол, лонхны таг хийх зориулалттай хөнгөн цагаан зэрэг бүх зүйлийн өртөг нэмэгджээ. Иймд Европын эм үйлдвэрлэгчид хүчин чадлаа нэмэгдүүлэхээс татгалзах болов. 

“Reuters” агентлаг Европын орны эм үйлдвэрлэгчидтэй холбогдсон. 13 үйлдвэрлэгч, зургаан холбоо болон бусад худалдааны бүлэгтэй холбогдоход тэдний олонх нь антибиотик үйлдвэрлэх нь бүү хэл өдөр тутмын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх мөнгө олохын төлөө тэмцэж байна гэжээ. Үйлдвэрлэл, ложистик болон бусад зардал тэр аяараа хоёр оронтой тоогоор нэмэгдсэн байна. 

Европын засгийн газрууд бүс нутгийн бусад зах зээл болон дотоодын ижил төстэй эмүүдтэй харьцуулж жишиг үнийг тогтоодог.

Тэд ихэвчлэн хамгийн бага үнийг санал болгож буй үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулдаг. Гэвч энэ нь дараа дараагийн гэрээний үнэ буурахад хүргэдэг аж. 

Европ дахь эм бэлдмэлийн 70 орчим хувийг антибиотик бус бусад төрлийн ерөнхий эм эзэлж байна. Гэвч эрүүл мэндийн байгууллагууд нь Европын фирмүүдийг Азийн ханган нийлүүлэгчдээс доогуур үнэлдэг. Уг хандлагаас болж сүүлийн 10 жилийн хугацаанд Европын олон компани үйлдвэрлэлээ танаж, Энэтхэг, Хятад руу үйлдвэрлэлээ шилжүүлжээ. Нэн шаардлагатай эм тариагаараа Азиас улам бүр хамааралтай болохгүйн тулд, ирээдүйд хомсдол үүсгэхгүйн тулд Европ дахь үйлдвэрлэлийг сэргээх хэрэгтэй.

Үйлдвэрлэлийг сэргээх цор ганц арга зам бол үнийн схемийг шинэчлэх явдал гэдгийг салбарынхан хэлж байна. 

БРЮССЕЛЬ, БИДЭНД АСУУДАЛ БАЙНА! 

Европын эмийн агентлаг болон Европын холбооны хууль тогтоогчид асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Хомсдол үүссэн тухай аравдугаар сард мэдээлснээс хойш тэд эм үйлдвэрлэгчид болон худалдааны бүлгүүдтэй удаа дараа уулзжээ. Гэхдээ дорвитой арга хэмжээ одоо болтол аваагүй байна.

Европын комисс гуравдугаар сард эмийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. 

Олон улс зэрэг зэрэг ижил төрлийн бүтээгдэхүүний хомсдолын талаар мэдээлэх нь ер бусын байсан гэдгийг Европын эмийн агентлагийн ахлах мэргэжилтэн Стеффен Тирструп хэлсэн юм. Гэхдээ цаг агаар дулаарах тусам антибиотикийн эрэлт буурна гэж таамаглаж байна. Мөн энэ хугацаанд амоксициллинийг орлох өөр эм хэрэглэж болно гэж санал болгов. 

Илүү их нөөцтэй байхыг үйлдвэрлэгчдээс шаардах, хомсдолын талаарх сэрэмжлүүлгийг эртнээс хүргэх зэрэг арга хэмжээ байж болно.

Гэхдээ тендер, үнийн тогтолцоог өөрчлөх нь хамгийн зөв арга гэж үзэж байна. “Урт хугацааны гол асуудал нь үйлдвэрлэлийн өртөг биш. Харин Европын зах зээлийн ерөнхий тогтолцоо юм. Энэ тогтолцоо нь үйлдвэрлэгчдэд үнийг уян хатан зохицуулах боломжийг олгодоггүй” гэж Швейцарийн томоохон эмийн компанийн Нийлүүлэлтийн сүлжээний дарга хэлэв. 

Испанид 2003 онд хүүхдийн амоксициллиний үнийг 1.05 ам.доллар гэж тогтоосон. Энэ нь 60 мл-ийн үнэ байсан боловч 2013 онд 40 мл-ийн үнэ болж өөрчлөгджээ. Гэхдээ үүнээс хойш дахин өөрчлөгдөөгүй байна. Испанид худалдаалагдаж буй бусад ерөнхий эмийн үнэ дунджаар 1.60 еврогийн үнэтэй байдаг гэж эм үйлдвэрлэгчдийн холбооноос мэдэгджээ. Их Британи дахь антибиотикийн үнэ Испанитай ижил түвшинд байна. 

Герман улс нь Европын эмийн зах зээлд хамгийн томд тооцогддог.  Германд үйлдвэрлэгчдийн дундаж хэмжээ сүүлийн 10 жилийн хугацаанд 66 хувиар буурчээ.

Учир нь Европын ихэнх орнуудад эмийн идэвхтэй найрлага буюу байнга ашигладаг бодис ховордсон байна. Улс орон бүрт зайлшгүй шаардлагатай эмийн нийлүүлэлтийг хянадаг Европын холбооны төв систем байдаггүйгээс болж хомсдол үүсэх эрсдэлтэй байдаг. Гэвч гүйцэтгэх албан тушаалтнууд болон худалдааны бүлгүүд энэ эрсдэлийг мэдэхээсээ мэдэхгүй нь их гэж Испанийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. 

Үнийн дарамт шахалт олон жил үргэлжилснээс болж олон жижиг фирм бизнесээ хаахад хүрсэн. Өдгөө цөөн хэдэн эм үйлдвэрлэгч л Европын зах зээлийг нуруундаа үүрч байна гэхэд хилсдэхгүй. Их Британийн “GSK”, “Sandoz”, АНУ-ын “Viatris”, Энэтхэгийн “Aurobindo”, Францын “Servier” гэсэн таван компани Европ дахь амоксициллиний зах зээлийн 60 орчим хувийг хангаж байна. “Sandoz” компани л гэхэд Германы амоксициллиний зах зээлийн 70 хувийг эзэмшдэг аж. Тус компани Австри дахь үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмснээр энэ жил үйлдвэрлэлээ өндөр дүнгээр нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Цаашлаад 2024 онд өргөтгөсөн үйлдвэрээ ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж