Оросын онц аюултай, бяцхан мэргэн бууч

Хуучирсан мэдээ: 2023.02.09-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Оросын онц аюултай, бяцхан мэргэн бууч

Оросын онц аюултай, бяцхан мэргэн бууч

"NEWS” агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа цахим спортын шинэ залуу од Илья Осипов буюу “m0NESY”-ийг онцолж байна. Өдгөө 17 настай тэрбээр “CS:GO” төрлийн “G2 Sports” гэх Германы багт тоглодог бөгөөд 14 наснаасаа эхлэн тодорч, 2022 оны “BLAST Premier: World Final 2022” тэмцээний шилдэг тоглогч болоод зогсохгүй “HLTV” түүнийг дэлхийн хамгийн шилдэг долоо дахь "counter"-чин гэж тодорхойлжээ. Ингээд цахим спортын ертөнцөд цахиур хагалж буй мэргэн буучтай танилцъя.


АХЫН ХУУЧИН КОМПЬЮТЕР

Илья Осипов 2005 оны тавдугаар сарын 1-ний өдөр Москва хотоос холгүй орших Орехово-Зуево гэх хотод мэндэлжээ. Тэрбээр зургаан настайгаасаа эхлэн “CS 1.6” тоглосон аж. Түүний ах Андрей “CS 1.6” тоглож, хэд хэдэн тэмцээнд оролцож байсан шаггүй тоглогч байв. Ийнхүү ахынхаа тоглохыг харсан Илья энэ тоглоомд хорхойсч эхэлсэн гэнэ. Удалгүй “CS:GO” нээлтээ хийн, ах дүү хоёр хамтдаа хоёр жил дундаа ганц компьютер хэрэглэн “CS:GO” тогложээ.

Энэ талаараа Илья “Хоёр жил ах бид хоёр дундаа ганц компьютертой байсны эцэст 2014 онд ах минь шинэ компьютер авч, хуучныг нь би авсан. Би 2019 оны тавдугаар сар хүртэл тэр компьютероороо тоглосон” гэв.

Илья Осипов ахын хамт

Тэрбээр 14 нас хүрмэгцээ шинэ компьютертой болж, “NewBALLS” гэх анхныхаа багт харьяалагдаж,  онлайн болон лан тэмцээнүүдэд оролцон бүр нэг тэмцээний шилдэг тоглогч болж байлаа. Удалгүй баг нь “S-GAMING” гэх нэртэй болсон ч Ильяагийн нас балчир байсан учир багаасаа хасагдаж, олон том тэмцээнд оролцох боломжоо алджээ.

NAVI-ИЙН БҮТЭЭГДЭХҮҮН

Насны хязгаарлалтын улмаас том тэмцээнд оролцох боломжгүй болсон хагас мэргэжлийн тамирчин Илья стрийм хийж, тоглодог байлаа. Үүнийхээ ачаар ч алдарт “NAVI”-ийн хараанд өртөж, улмаар түүнд санал тавьсан гэнэ. “NAVI”-ийн академийн дасгалжуулагч Украин залуу Амиран Рехвиашвили буюу “ami” түүний талаарх олон цуу яриаг сонсч, багийнхаа залуучуудын багт тоглох санал тавьжээ. Тухайн үед “m0NESY”-ийн FACEIT нь 3800 байсан нь Амираныг гайхшруулсан аж.

Амиран Рехвиашвили

Энэ талаар Амиран “Техникийн хувьд тэр сайн байсан ч хэрхэн зөв тоглохоо мэдэхгүй байсан. Гэхдээ би түүнийг өндөр потенциальтай гэдгийг харсан. Яг л “b1t” шиг харагдсан. Түүний буудалтын чадвар гайхалтай байсан ч яг юуг хэрхэн зөв хийх учраа олоогүй. Бид түүнийг багтаа нэгтэсэн. Түүнийг бүгдийг зөв хийж, сонсч чадвал гайхалтай тоглогч болно гэдгийг мэдэж байсан” гэж дурсчээ.

Илья 2020 оны нэгдүгээр сард “NAVI Junior” багт туршилтаар элсч тэмцээнд оролцож эхлэв. Гэхдээ “NAVI” түүний төлөө “Hard Legion” багтай өрсөлдсөн. “Hard Legion” баг Ильяаг стриймэрээр багтаа элсүүлэх хүсэлтэй байсан гэнэ.

600 МЯНГАН ДОЛЛАРТ ХҮРСЭН НЬ

Эхний жилдээ “m0NESY” насны хязгаарлалтын улмаас үндсэн багийнхантайгаа битгий хэл залуучуудынхаа багтай ч хамт тэмцээнд оролцох боломж бага байлаа. Гэхдээ удаан хүлээсний эцэст залуучуудын багтай тэмцээнд оролцож эхлэв. Удалгүй FPL буюу FACEIT Pro League-д тэрбээр уригдаж, гайхалтай тоглолтыг үзүүлсэн. Энэ эрчээрээ багийнхантайгаа Европын хоёрдугаар зэрэглэлийн тэмцээнүүдэд оролцож, муугүй тогложээ. Байрлал, тоглодог арга барилаасаа шалтгаалан Илья Украины домогт “s1mple”-тай харьцуулагдаж байлаа.

m0NESY болон s1mple нар

Амиран тэдний талаар ярихдаа “Энэ хоёр тоглогчийг харьцуулж болохгүй ээ. Саша бол дэлхийн хамгийн шилдэг тамирчин. Түүнд дахиад өндөр түвшинд тоглох хэдэн жил байна. Харин Илья бол одоо ч хөгжсөөр байна. Тэр шилдэг нь болоход их зүйл үзнэ. Түүнийг 2-3 жилийн дараа Сашагийн түвшинд ойртоно гэж найдаж байна” гэжээ.

“S1mple” байгаа цагт үндсэн багт тоглох боломж нь бага учир Илья өөр багаас санал ирвэл эргэлзэхгүйгээр боломжоо ашиглана гэдэгтээ бат итгэлтэй байсан гэдэг. Гэтэл Германы “G2 Sports” баг “NAVI”-тай холбогдож, 16 настай Илья Осиповын төлөө 600 мянган ам.доллар төлсөн аж.

“G2 Sports” 2020, 2021 онд гурван том тэмцээнд гурван удаа “NAVI”-тай финалдсан ч ялж чадаагүй. Улмаар өөрчлөлт, шинэчлэлт хийснийх нь нэг хэсэг Илья байжээ. Бага байхын англи хэлний хичээлээ давтдаг байсан түүнд шинэ багийнхантайгаа ойлголцоход асуудал гарсангүй.

САНДРУУ ЖААЛ

Шинэчлэлт хийсэн “G2 Sports”-ийн удирдлагууд Илья хүүг багийнх нь гол асуудлыг шийдэж чадна гэж итгэжээ. “NAVI”-ийн дасгалжуулагч Андрей Городенський “m0NESY”-ийг чухал тоглолтуудад, шилдэг мэргэн буучдын эсрэг тоглохдоо их сандардаг учир сайн тоглодоггүй гэж шүүмжилж байлаа. Амиран Рехвиашвили ч түүний том тэмцээнд тоглох болоогүй гэж ярьсан удаатай.

Амираны хүсэл нь “b1t” болон “m0NESY” гэх академийнхаа шилдгүүдийг нэг багт харах байжээ.

Гэтэл “NAVI”-ийн академийн бүтээгдэхүүн том тэмцээнүүдэд гялалзаж, финалд хожигддог “G2 Sports” багийн хамтаар “BLAST Premier: World Final 2022” тэмцээнд түрүүлжээ. Сүүлд л гэхэд өнгөрсөн сард “BLAST Premier: Spring Groups 2023” тэмцээний финалд өөрийг нь байнга харьцуулдаг “s1mple”, “b1t” тэргүүтэй “NAVI”-ийг хожсон.

“Esports Awards”-ийн зүгээс Илья Осиповыг 2022 оны шилдэг залуу тамирчнаар тодруулжээ.

Өнөөдрийн байдлаар “G2 Sports” баг долоон тоглолт дараалан ялалт байгуулаад байна. Ингэхдээ “Outsiders”, “Vitality”, “FaZe”, “Liquid”, “BIG”, “NAVI” зэрэг дэлхийн шилдгүүдийг буулган авав. Эдгээр тоглолтууд дөнгөж 17 настай Илья Осипов гайхалтай буудалтуудыг гүйцэтгэж, өрсөлдөгчдийнхөө духанд сум зоожээ.

Шилдэг залуу тамирчин болон оны шилдэг үзүүштэй тоглогчийн шагналын хамтаар

“ASTRALIS”, БОХЬ ХОЁРТ ДУРЛАГЧ

Илья Осиповд дуртай тоглогч гэж байхгүй бөгөөд тэр багуудын тоглолтыг их үздэг гэнэ. Ялангуяа Данийн “Astralis” багийн тоглолт, баг доторх харилцаа, арга барилд нь дуртай аж. Мөн тэрбээр байнга бохь зажилдаг. Учир нь бохь түүнийг тоглолтдоо төвлөрөхөд тусалдаг гэжээ. Чөлөөт цагаараа Илья гадуур алхаж, кино театр явж, “Youtube”-ээр хэсэх дуртай. Түүний дуртай кино цуврал нь “The Mandalorian” болон “Game of Thrones”.

Дэлхийн долоо дахь шилдэг "counter"-чин

Харин дэлхийн чансааны долдугаарт эрэмбэлэгдсэн талаараа Илья “Би ранктайгаа эвлэрч байна. Гэхдээ Орос, Украинаас илүү олон тамирчныг топ аравд хармаар байна. Удахгүй олон болох байх” гэжээ. Дөнгөж 17 настай “m0NESY” өнөөдрийн байдлаар 195 мянган ам.долларын орлого олоод байна.

“stavn”, “blameF”, “huNter”, “b1t”, “NiKo”, “s1mple” зэрэг дэлхийн шилдгүүд Илья Осиповыг 2022 онд цахиур хагалсан шинэ од гэдэг санал нийлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж