Цахим залилан, сүлжээний бизнесийн талаар монголчуудын мэдлэг нимгэн. Тиймдээ ч энэ төрлийн залиланд өртөх хүмүүсийн тоо ихэсч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсан. Гэвч залиланд өртөгсдийн тоо буурахгүй нэмэгдэж байгаа аж. Хамгийн сүүлийн жишээ бол “FT Group” гэх сүлжээ. Тус сүлжээний бизнесийн хохирогчдын тоо албан бусаар 400 мянга гаруй болж, алдсан мөнгөн дүнг урьдчилан тооцоолох боломжгүйд хүрсэн. Эдгээр хохирогчдын ихэнх хувийг монголчууд эзэлж байгаа гэх мэдээлэл ч гарсан. Бид хэчнээн хүн залилуулж, хэдий хэмжээний мөнгөн хохирол учирсан гомдол цагдаагийн байгууллагад ирсэн эсэх талаар тодрууллаа.
ЦЕГ-аас “Хохирогчид Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албанд өргөдөл гомдлоо өгч байгаа. Одоогоор мөнгөн дүн, нийт залилуулсан хүний тоог гаргах боломжгүй. Ямартай ч өргөдөл гаргаж байгаа хүний тоо өсч байгаа” гэв.
Нийслэлийн цагдаагийн газраас өгсөн мэдээллээр "Цахимаар иргэдийг залилсан аппликейшнууд нь хохирогчдын мэдээллээр нэгдүгээр сарын 24-нөөс эхлэн үйл ажиллагаагаа зогсоосон учир иргэд үүгээр гүйлгээ хийхгүй байх нь зөв. Хохирсон иргэд нэн яаралтай ирж, гомдол мэдээллээ өгөх хэрэгтэй. Судалгаагаар "FT Group" нь Орос, Герман зэрэг улсад салбараа байгуулж, 2022 оны гуравдугаар сард Монголд орж ирсэн гэх мэдээлэл байна. Гэхдээ энэ мэдээлэл баттай биш. Тус байгууллагын үйл ажиллагаа нь блокчэйн технологи дээр суурилсан бөгөөд хөрөнгийн биржээр дамжуулан цэнэглэлт, таталтаа хийдэг крипто валютын нэг хэлбэр.
Одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа явж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авсны дагуу мэдээлэл өгөх боломжтой.
Цагдаагийн байгууллагаас нэн тэргүүнд гэм буруутай этгээдийг олж тогтоох, хөрөнгийг нь царцаах, гадаад руу шилжүүлсэн бол банкны системээр дамжуулан царцаана" гэсэн юм.
"ВИРТУАЛ ХӨРӨНГӨТЭЙ ХОЛБООТОЙ ХЭРГҮҮД БҮРТГЭГДСЭН"
ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.СЭРГЭЛЭНБААТАР:
-2022 оны хоёрдугаар сард виртуал хөрөнгийн хуулийг баталсан. Энэ нь Санхүүгийн зохицуулах хороогоор зохицуулж, үүнтэй холбоотойгоор цагдаа, тагнуулын байгууллага мөрдөн шалгах эрхтэй. Цахим залилангаас гадна виртуал хөрөнгөтэй холбоотой сүүлийн гурван жилд 468 хэрэг бүртгэгдсэн. Нууц үгээ алдаад койноо алдсан, Монгол дахь койноо гадагшаа алдсан гэх хэрэг 2020 онд ес хэрэг, 2021 онд 81, 2022 онд 370, 2023 онд найман хэрэг тус тус бүртгэгдсэн. Эдгээрээс гадна бусдад санал болгоод түүнээсээ хөрөнгө босгосон гэх дөрвөн хэрэг бүртгэгдсэн. Үлдсэн 430 хэрэг нь залилах буюу нууц үгээ алдаад койноо алдсан гэх мэт хэргүүд багтаж байна. Нийт хэд нь гараад хэд нь бүртгэгдээгүй, хэдэн төгрөг төвлөрүүлсэн гэх мэдээлэл сошиал орчинд маш их байна. Нарийн мэдээллийг гол зохицуулах Санхүүгийн зохицуулах хорооноос авах нь зүйтэй" гэв.
Холбоотой мэдээ