Цар тахлын улмаас сурагчид танхимын боловсролоос цахим боловсрол руу шилжиж, хоёр жилийн хугацаанд хичээллэсэн. Нийслэлийн Боловсролын газраас цар тахлаас үүдэлтэй хичээл хоцрогдлыг нөхөхөөр төлөвлөгөө батлуулан ажиллаж байгаа гэв. Энэ талаар Багшийн мэргэжилд дээшлүүлэх институтийн бүртгэл, төлөвлөлт, мэдээллийн албаны дарга Д.Даваасүрэнгийн тодруулгыг хүргэе.
–Цар тахлаас болж сурагчид хичээл хоцрогдолд орсон. Салбар яамнаас тодорхой арга хэмжээ авч байгаа ч багш нарын зүгээс хоцрогдолт арилахгүй байгааг хэлж байгаа шүү дээ?
-Өнгөрсөн 2020-2021 оны хичээлийн жилд орон нутгийн сургуулийн сурагчид нийт сургалтын 62 хувь, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 68 хувь нь зайнаас суралцсан. Танхимын хичээл хаагдсанаар сурагчид 1-1.5 жилээр хоцорсон. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлаас болж хичээл сургалтыг цахим болон теле хэлбэрт шилжүүлж, танхимын хичээлийг удаан хугацаагаар завсарлуулсан нь нөлөөлсөн.
Тиймээс анги болон судлагдахуун тус бүрээр хоцрогдлыг тогтоосон байгаа.
Боловсролын сайдын 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрийн А/190 дүгээр тушаалаар батлагдсан суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү төлөвлөгөө нь 2021-2023 он буюу гурван жилийн хугацаанд сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, сэтгэл зүйн хэвийн байдлыг хангах, тулгарсан бусад асуудлыг шийдвэрлэх цогц шийдэл юм.
-Дээрх хөтөлбөрөөс гадна хичээл хоцрогдлыг арилгах өөр, шинэлэг төлөвлөгөө бий юу?
-Энэ жилийн хувьд “Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Уг хөтөлбөрийн хүрээнд багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ, суралцагчдын сурлагын амжилт, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх үнэлгээний мэдээлэлд дүн шинжилгээ хийнэ.
Тиймээс сургууль бүрийн нөхцөл байдалд тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр хэрэгжилт зохицуулалтын багууд ажиллаж байгаа.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд суралцагчдын сэтгэл ханамж нэмэгдэж, сургалтын чанар болоод багшийн хөгжил, боловсролын байгууллагын удирдлагын манлайлал сайжрах байх.
Г.ХУЛАН
Холбоотой мэдээ