Түмэн эх чуулгын байрыг нурааж, ногоон байгууламж барина

Хуучирсан мэдээ: 2023.02.09-нд нийтлэгдсэн

Түмэн эх чуулгын байрыг нурааж, ногоон байгууламж барина

Түмэн эх чуулгын байрыг нурааж, ногоон байгууламж барина

Ардын дуу эгшиглэсэн энэ өргөө бол "Түмэн-Эх" чуулгын байр. Үүдээр нь ормогц үндэсний хээ угалзаар чимэглэсэн, монгол гэрийг санагдуулам орчин угтана. Эртний хаадын өргөө ч юм шиг сэтгэгдлийг төрүүлэх аж.

Үндэсний соёл урлагийг дэлхий дахинаа сурталчлан таниулдаг тус чуулгын байрыг нураана гэх яриа олон нийтийн сүлжээнд хэдийнэ цацагдсан. Бас нэгэн соёл урлагийн газар хаалгаа барьж, устах нь гэх болгоомжлол урлагийнхны дунд байна. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаараа "Түмэн-Эх" чуулгын байрны асуудлыг хөндлөө.

Хүрэн өнгийн хоёр давхар барилга түүх соёлын дурсгал биш. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн харьяа чуулга гэсэн данстай. Өөрөөр хэлбэл, хувийн өмч гэсэн үг.

Тэглээ гээд энэ чуулгын байрны асуудлыг тоолгүй орхиж боломгүй. Анх 1989 онд Соёл амралтын хүрээлэнгийн дэргэд тэр үеийн захирал УИХ-ын гишүүн С.Лунаа, Соёлын гавъяат зүтгэлтэн Ж.Бадраа, УГЗ С.Цоодол агсны санаачлага зүтгэлээр судалгааны үндсэн дээр тус чуулгын үндэс суурийг нь тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш өдийг хүртэл 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж, одоо 40 орчим уран бүтээлчид ажиллаж байна.

Биднийг очиход чуулгын уран бүтээлчид сар шинийн нэвтрүүлгийн зураг авалт хийж, бэлтгэлээ хэвийн үргэлжлүүлж байв. Чуулгын уран бүтээлчид нэг жилд 25-30 мянган гадаадын жуулчинд үндэсний соёл урлагаа сурталчилж, өдөрт хамгийн багадаа хоёр удаа тоглолт хийдэг аж.

“ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭНГЭЭС ШИНЭ БАЙР БАРИХ ТАЛААР ЯРЬСАН”

Уртын дуучин Ч.Бямбахорол “Уран бүтээлчид өөрсдийн сонссон мэдээллийнхээ хүрээнд чуулгын байрны асуудлыг олон нийтийн сүлжээнд хөндсөн. Урлагийн мастеруудын үүсгэн байгуулсан энэ чуулга 1989 оноос өдийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна.

Чуулгын байрыг барьсан газар улсын мэдэлд очсон гэх мэдээллийг авсан. Тиймээс чуулгын байрыг нурааж, нийслэлээс ногоон байгууламж барих асуудлыг ярьж байгаа. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн харьяа чуулга учраас дахин шинэ байр барих талаар ярьж байна.

Манай чуулга нь өөрийн гэсэн хэв шинжийг агуулсан, 30 гаруй жилийн түүхтэй. Ойрын тайзнаа уран бүтээлчид ямар ч микрофон хэрэглэхгүйгээр дуулж, бүжиглэдэг. Бүжигчин бүжиглэхэд дээлийнх нь хормой нь үзэгчид хүрч, мэдрэгдэж байдгаараа онцлог. Мөн Монголыг зорин ирж буй гадаадын жуулчдын дийлэнх хувьд үндэсний соёл урлагаа сурталчилж ирсэн” гэв.

"ҮНДЭСНИЙ ХЭЛБЭРИЙГ АГУУЛСАН ЦОР ГАНЦ ЧУУЛГА БОЛ “ТҮМЭН ЭХ” ЧУУЛГА"

Чуулгын шанз хөгжимчин Ц.Чулуунцэцэг “Би энэ чуулгад 1992 оноос өдийг хүртэл ажиллаж байна. Чуулгадаа бараг 30-аад жил болж, ахмад уран бүтээлчийн тоонд орлоо. Би Хөгжим бүжгийн дунд сургуулийг төгсчихөөд Завхан аймагт гурван жил шанз хөгжмийн багшаар ажилласан. Залуу байсан болоод ч тэр үү хөдөөд биш гадаад руу явж тоглолт хийдэг чуулга “Түмэн-Эх” гэдгийг олж мэдсэн. Тэгээд чуулгадаа ажилд орохоор хөгжмийн нэрт онолч, хөгжим судлаач, хөгжмийн зохиолч  П.Хаянхярваа багш маань шалгаж авч байлаа. Би үнэхээр энэ чуулгадаа хайртай. Мөн дээрээс нь энэ чуулгаас маш олон залуус үндэсний өв соёлоо тээж явдаг. Тэр утгаараа урлаг соёлын маш олон гавьяатнуудыг төрөн гаргалаа. Тодруулбал, ардын дууны мастер Ц.Үенч, Ц.Чулуунцэцэг тэргүүтэй Б.Мөнхбаатар, Г.Бямбажаргал, Ч.Бямбахорол, Б.Буянжаргал зэрэг уран бүтээлчид төрөн гарч байна.

Урлагийн алтан үе болох Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа, С.Цоодол агсан хүүхдийн паркийн хашаанд үндэсний язгуур урлагийн өв соёлыг тээсэн чуулгыг байгуулахаар гэр хэлбэртэй барьж байгуулсан юм билээ. Тухайн үед хүүхдийн паркийн газар улсын өмч байсан. Одоо тэрнээс хойш газар нь хэний өмч болсныг сайн мэдэхгүй юм. Дарга нар маань яг ийм чуулгын шинэ байр барина гэж зураг төсөл үзүүлж байсан. Одоогоор тэр ажил нь тодорхой болоогүй байна.

Манай чуулгын тайз уран бүтээлчдийн тоглолтыг ойрын зайнаас мэдэрч үзэх боломжтой. Уран бүтээлчид маань уртын дуу, хөөмий, уран нугараа гэх мэт ардын өв соёлын бүхий л төрлийг натур байдлаар үзэгчдэд хүргэж, тоглолт хийдэг.

Чуулга маань нэгхэн жилийн дараа 35 жилийн ойтойгоо золгох гэж байна. Үндэсний хэлбэрийг агуулсан цор ганц чуулга бол “Түмэн эх” чуулга гэж хэлнэ.

Бид шинэ байр барина гэдэгт итгэлтэй байна. Баригдах ч ёстой. Чуулгад нийт 40-өөд уран бүтээлч ажиллаж байна. Хэрвээ энэ чуулгын барилгыг үнэхээр нураавал энэ хүмүүсийн ажил, амьдрал яах вэ. Чуулгын барилгыг нураана гэдэгт итгэхгүй байна. Монголд соёл урлагийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг Монгол Улсын консерватори, Соёл урлагийн их сургууль гэсэн  хоёр сургууль байна. Тэндээс төгсч буй залуу хойч үеийнхний ажлын байр улам хорогдож, устаж байна. Улсын ардын дуу бүжгийн чуулгад анх 12 шанз хөгжимчинтэй байсан бол одоо найм болсон. Зөвхөн шанз хөгжимчид гэхэд багасч, ажиллах хөгжимчингүй болоод байна" хэмээн ярилаа.

Ж.БАДРАА, УГЗ С.ЦООДОЛ АГСНЫ САНААЧЛАГААР ЧУУЛГЫН ҮНДЭС СУУРИЙГ ТАВЬЖЭЭ

Соёл амралтын хүрээлэнгийн дэргэд 1989 онд тэр үеийн захирал УИХ-ын гишүүн С.Лунаа, эрдэмтэн зохиолч, ардын билигзүйч Соёлын Гавъяат Зүтгэлтэн Ж.Бадраа, УГЗ С.Цоодол агсаны санаачлага зүтгэлээр тус чуулгын үндэс суурийг нь тавьжээ.

Уламжлалт Өв Соёлын ”Түмэн Эх” чуулга нь эртний Монгол хаадын зочлол ёслолын гэр өргөөг санагдуулам урлаж чимсэн өөрийн тохилог байрандаа дуу чимээний элдэв техник, өсгөгч зэргийг ашиглалгүй анхдагч төрхөөр нь сонордуулан толилуулдаг, эрхэм заншлаар үзэгч, зочид, гийчидтэйгээ нүүр тулан уулзаж, өргөн барьдаг онцлогтой.

Монголчуудын бүжиг наадам, хөөмэй, магтаал, уран нугаралт, цам болон бөөгийн бүжгийн гайхамшиг зэрэг олон төрлийн бүтээлээр урын сангаа судалгаа, сурталчилгаа, сургалтын чиглэлээр баяжуулан, харилцаа дууны хэлбэр төрлөөр сэргээн бүтээж үндэсний өвөрмөц урлагаа олон улсын хэмжээнд танилцуулдаг.

Тус чуулга нь 1989 оноос эхлэн өнөөг хүртэл Франц, ХБНГУ, Швейцарь, Арабын Нэгдсэн Эмират, Голланд, Белги, Испани, Их Британи, БНХАУ, Энэтхэг, Япон, ОХУ, БНСУ, БНАСАУ, Тайвань, Хонконг, Сингапур, Кувейт, Австри, Канад, АНУ зэрэг тив дэлхийн 60 гаруй улс оронд айлчлан тогложээ.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХарамсалтайХарамсалтай
8
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж