"Урлаг бидэнд амьдралыг саарал гэдгийг ойлгуулдаг"

Хуучирсан мэдээ: 2023.02.09-нд нийтлэгдсэн

"Урлаг бидэнд амьдралыг саарал гэдгийг ойлгуулдаг"

"Урлаг бидэнд амьдралыг саарал гэдгийг ойлгуулдаг"

Урлаг судлаач Б.Мичидмаатай хүүхдийн урлагийн боловсролын талаар ярилцлаа.


-Төгөлдөр хуурч бүсгүй хэрхэн урлаг судлалын салбарыг сонирхох болов?

-Би одоогийн Монгол Улсын Консерватори, хуучнаар Хөгжим Бүжгийн Коллежийг 2010 онд төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн. Тус сургууль хүүхдийг багаас нь балет, монгол бүжиг, цирк, дуу, хөгжмөөр дагнан бэлддэг Монголдоо ганц гэж хэлж болох нарийн мэргэжлийн сургууль. Энэ сургуульд суралцаж төгсөхөд Монголд ажлын байрны асуудал тулгардаг. Ингэхээр нэг бол хөгжимчин, эсвэл улсын болон хувийн байгууллагад хөгжмийн багшаар ажиллах сонголт гарч ирдэг.

Би сургуулиа төгсөөд зөвхөн хөгжмийн чиглэлээр мэргэшихээс илүүтэй урлагийн салбарын бусад мэдлэгтээ танилцах хүсэлдээ хөтлөгдөн дүрслэх урлаг, урлагийн түүх, онолын чиглэлээр суралцахаар шийдсэн.

Ингээд 2010-2020 он хүртэлх хугацаанд урлагийн түүх, онолын чиглэлээр гадаад дотоодод мэргэжил дээшлүүлж суралцсан. Одоогоор Монгол Улсын Их Сургуулийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимд дадлагажигч багшаар ажиллахын хажуугаар олон нийтэд урлагийн боловсролыг түгээх ажил руу орж “Prima Artzone” төвөө байгуулаад байна.

-Урлагийн боловсрол олгох “Prima Artzone” төвөө байгуулах болсон тухайгаа ярихгүй юу?

-2020 онд би магистраа БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо “Бээжин Боловсролын Их Сургууль”-д урлагийн онол чиглэлээр хамгаалсан. Төгссөн сургууль маань боловсрол, сурган хүмүүжил төвтэй байсан учир урлагаас гадна боловсролын салбар руу нилээд анхаарлаа хандуулж шилдэг профессор, гадны багш нарын лекцд идэвхитэй хамрагддаг байлаа. Ингээд Монголд ирээд урлагийн боловсролын чиглэлээр сургалт лекц зохион байгуулах хүсэлтэй явсан ч аргагүй ковид цар тахлын хоёр жил нөлөөлсөн.

Өнгөрсөн 2022 оны намраас эхлэн Prima Artzone төвийн хүрээнд би “ART-EDU” нэртэй хувь хүн, байгууллага руу чиглэсэн олон нийтэд урлагийн боловсрол олгох сургалтаа эхлээд хэрэгжүүлж байна.

"ART-EDU" илүү насанд хүрэгчдийн түвшинд зориулсан хөтөлбөр сургалт юм. Уг сургалтаар тухайн хүнд дүрслэх урлаг, хөгжим театрын урлагийн тухай цэгцтэй, системтэй мэдлэг олгохоос гадна урлагийн мөн чанарын тухай ойлгуулах зорилготой.

-Ерөнхий боловсролын сургуульд монгол хэл, англи хэл, математикийн хичээлийг илүү чухалчилж, заадаг. Харин дүрслэх урлаг, дууны хичээлийн цагт харьцангуй бага ач холбогдол өгдөг. Тиймээс урлагийн нэмэлт сургалтад хүүхдээ хамруулах шаардлагатай болдог шүү дээ?

-Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт урлагийн мэдлэг олгох хичээл бага цагаар тавигддаг гэдэг үнэн. Тиймээс эцэг эхчүүд төлбөр төлж, хүүхдээ хувийн сургалтад давхар хамруулдаг. Жишээлбэл, улсын сургуулийн дуу хөгжмийн хичээлийн хүрээнд сурагчдад зөвхөн хуурай нот цээжлүүлэх арга барил олон жил зонхилсон. Энэ ямар ч ач холбогдолгүй. Ядаж нэг хөгжмийн зэмсгийг анхан шатанд тоглож сурах нь чанартай сургалт болно. Хөгжим тоглож сурахад хүний таван мэдрэхүй зэрэг хөгждөг давуу талтай. Хоёрдугаарт, тархинд маш сайнаар нөлөөлдөг гэдгийг тархи судлалын салбарын судлаачид батласан.

Хөгжмөөр олон жил хичээллэсэн хүн зөнөх буюу alzheimer өвчин тусах магадлал бага гэдэг. Учир нь хөгжим тоглож сурах яг математиктай адилхан. Чихээрээ сонсч, гар хуруугаараа хөгжим тоглож байгаа ч давхар тархиндаа хөгжмийн нотыг харж, математик бодолтуудыг хийж байдаг гэсэн үг. Хугацаа, хэмжээ, хэмнэл зэргийг секундээр тооцоолж маш хурдтайгаар нот унших арга барил давхар эзэмшдэг. Нот унших гэдэг яг бодлого бодохтой адил тархийг логиктой ажиллахад хүргэдэг.

Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдэд зориулсан төгөлдөр хуур, балет, уран зураг, урлагийн боловсрол олгох сургалт борооны дараах мөөг шиг олширсон. Үүнийг би зөв гэж хардаг. Эцэг эхчүүд болж өгвөл урлаг, уран сайхны сургалтанд хүүхдээ тогтмол хамруулах чухал. Энэ хэрээр сургалтын төвүүд чанар чансаагаа сайшруулах хэрэгтэй.

-Хүүхэд хамгийн түрүүнд эцэг эхээсээ үлгэр дуурайлал авдаг. Монголд эцэг эхчүүд урлагийн боловсролдоо хангалттай хөрөнгө оруулж чаддаг уу. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Насанд хүрэгчид өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлж чадаагүй мөрөөдлөө тэдний хойч үе биелүүлж хэрэгжүүлээсэй гэж хүсдэг. Би энэ төрлийн эцэг эхчүүдтэй нэг бус удаа таарч байсан. Ихэнхи нь “Би бол хожимдсон, миний хүүхэд л урлагийн боловсролтой болох чухал” гэсэн өрөөсгөл бодол тээж явдаг. Гэвч урлаг хүнд нас хүйс, шашин шүтлэг, үндэс угсаагаар ялгаварлахгүй адил зарчмаар нөлөөллөө үзүүлдэг. Тэгэхээр эцэг эхчүүд зөвхөн хүүхдээ чухалчилхаас гадна өөрийнхөө урлагийн боловсролыг анхаарч нэг хараарай.

Өөрөөр хэлбэл. жилдээ хэдэн удаа театр орж жүжиг, балет, дуурь үздэг вэ, хэдэн удаа галерей орж үзэсгэлэн үздэг вэ, жилдээ ядаж нэг удаа урлагийн ном сэтгүүл уншдаг уу гэдэг энгийн асуултаас эхлэнэ. Та хүүхдэдээ л хөрөнгө мөнгө, цаг заваа зарцуулаад байдаг. Гэтэл та хүүхдээсээ урлагийн боловсролоор хоцрогдож эхэлнэ. Тиймээс адилхан хөгжих, мэдлэгээ тэлэх чухал. Насанд хүрэгчид ч гэсэн урлагийн сургалт, үйлчилгээг тодорхой хэмжээнд авч өөрийн оюуны хөгжилд хөрөнгө оруулах шаардлагатай.

-Хүүхдүүд бага насандаа дуулж бүжиглэх, зураг зурах, баримлаар бүтээл хийх дуртай байдаг. Гэтэл эцэг эхчүүд авьяасыг нээн хөгжүүлэх бус өхөөрдөж хайрлаад л өнгөрдөг юм шиг санагддаг. Урлаг, уран сайхны сургалт яг ямар нөхцөлд тухайн хүүхдийн авъяасыг нээн илрүүлж үр дүнтэй сургалт болдог вэ?

-Хүүхэд аливааг хэн нэгний албадлага, шахалт доор эсвэл хий хоосон магтаал дунд өнгөц хэлбэр төдий суралцах нь өөрөө их хортой. Жишээ нь долоон настай хүүхдэд багаас нь санхүүгийн мэдлэгтэй болгоно гээд том том эдийн засгийн ном уншуулаад байх утгагүй. Түүний оронд урлагийн ном, амьдралыг ухааруулсан сурган хүмүүжлийн шинжтэй үлгэрийн ном уншуулах нь тохиромжтой.

Үүнтэй адил аливаа урлагийн сургалтаар хүүхдийнхээ аъяасыг нээн илрүүлж байна гээд хүчлээд, элдэв дарамт шахалт үзүүлэх ер нь зохисгүй бөгөөд эргээд хүүхдэд тухайн хийж буй үйлдэлдээ дургүй болох үндсийг бүрдүүлнэ.

Балетаар хичээллэж буй хүүхдэд сэтгэл хөдлөлөө хөдөлгөөнөөр хэрхэн илэрхийлэх тухай, мөн балетийн урлагийн гоо зүйн мөн чанарыг ойлгуулах л чухал. Түүнээс биш хүнд хүчир дасгал шахалтаар зогсоо чөлөөгүй хичээллэх тийм ч ач холбогдолтой биш. Хүний төрөлх өгөгдөл буюу авъяас хүчлэх шаардлагагүй өөрөө аяндаа мэдэгддэг. Харин түүнийг хөгжүүлж өөрийн болгох нь тухайн хүнээс маш их хүчин чармайлт, тэвчээр шаарддаг.

-Та ярилцлагадаа урлагийн боловсрол гэж нилээд дурьдлаа. Ер нь Урлагийн боловсрол гэж яг юуг хэлдэг вэ?, урлагаар дамжуулан сурган хүмүүжүүлэх арга гэсэн үг үү?

-Урлагийн боловсрол буюу art education гэх ойлголт өрнөдийн сургалтын системд “Урлагийн мэдлэгийг цэгцтэй системтэй зааж сургах” гэсэн утгатай. Энэ чиглэлээр их сургуульд багш бэлтгэдэг. Багш нар төгсөөд дунд, ахлах сургуулиудад урлагийн боловсролын хичээл заадаг. Харин дорно дахин буюу Азид энэ ойлголт илүү педагогик шинжтэй болоод явчихдаг. Өөрөөр хэлбэл, урлагаар дамжуулан “зөв хүн” бүтээх, урлагаар дамжуулан сурган хүмүүжүүлэх гэсэн арга руу чиглэдэг.

-Хүмүүс урлаг амьдралд ямар хэрэгтэй юм бэ гэдэг. Ер нь урлагийн үнэ цэн гэж юу юм бэ?

-Урлаг бидэнд амьдралыг хар ч биш цагаан ч биш, харин саарал гэдгийг ойлгуулдаг гэж би үздэг. Урлаг хүний оршихуйн сайн муу, сайхан муухай, амжилт бүтэлгүйтэл, жаргал зовлонг хослуулан гаргаж чаддаг. Түүнчлэн Германы философич Ницше нэгэн цагт “Хөгжим үгүй бол энэ амьдрал тэр чигтээ алдаа” гэж хэлсэн удаатай.

Үүнтэй адилаар урлаг гэж үгүй бол хүн энэ хорвоод нэг л дутуу, нэг л сэтгэл хөдлөлгүй механик робот мэт оршин байх болов уу.

Судлаачид, урлаг сонирхогчид урлагийг зөвхөн гоо зүйн ач холбогдолоор үнэлэх бус нийгэм, танин мэдэхүйн ач холбогдлыг нь харж үнэлэх чухал гэж үздэг. Өнөөдөр зуу зуун жил, мянга мянган жил чанараа алдахгүй бидний энэ цаг үед үнэлэгдээд яваа мастер урлагийн бүтээлүүдийн үнэ цэн чухам үүнтэй л холбоотой.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж