Тайванийн Батлан хамгаалах яам өчигдөр /2023.02.07/ "Украины дайнаас сургамж авсан тул цэргийн зориулалттай нисгэгчгүй нисэх онгоц бүтээх ажлыг түргэсгэнэ" гэж мэдэгджээ.
Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Сун Ли Фан "ОХУ, Украины дайны хувьд хоёр талд нисгэгчгүй нисэх онгоцууд чухал үүрэг гүйцэтгэсэн. Нисгэгчгүй нисэх онгоцыг орчин үеийн болоод ирээдүйн дайны хэв маягийг тодорхойлно гэж үзэж буй. Тайвань энэ дайныг анхааралтай ажиглаж буйгаа удаа дараа мэдэгдсэн. Тэд Хятадын довтолгооны эсрэг тэмцэхэд ашиглаж болох зүйл юу байна, Украин улс тоон үзүүлэлтээр хэрхэн давамгайлж байгаа зэргийг ажиглаж, сургамж авч байна. Тайвань нисгэгчгүй нисэх онгоцны хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн ажлыг хурдасгаж байна" гэв.
Мөн тэрбээр “Орос, Украины дайны туршлагыг ашиглан, дайсны заналхийлэлд хариу арга хэмжээ авахын тулд бид төрөл бүрийн нисгэгчгүй онгоцны судалгаа, боловсруулалт, үйлдвэрлэлийг хурдасгаж байна. Үндэсний шинжлэх ухаан, технологийн хүрээлэн нь энэ ажлыг тэргүүлж, гардан хийж байна. Мөн иргэний компаниудыг ч оролцуулах болно” гэжээ.
Тус хүрээлэн өнгөрсөн жил парламентад тавьсан тайландаа нисгэгчгүй онгоц үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөгөө танилцуулж байв.
Үндэсний шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн Нисэхийн системийн судалгааны хэлтсийн захирал Чи Ли Пин “Манай нисгэгчгүй онгоцууд төрөл, чадвар, технологийнхоо хувьд хэдийнэ олон улсын жишигт хүрсэн” гэж хэлжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ