"Ш" ажиллагаа ба Л.Оюун-Эрдэнийн цэвэрлэгээ

Хуучирсан мэдээ: 2023.02.08-нд нийтлэгдсэн

"Ш" ажиллагаа ба Л.Оюун-Эрдэнийн цэвэрлэгээ

"Ш" ажиллагаа ба Л.Оюун-Эрдэнийн цэвэрлэгээ

Энэ удаад Х.Баттулга гутлаа тосолж, зангиагаа зүүгээд, УИХ-аас зохион байгуулж буй нээлттэй сонсголд оролцлоо. Эрх биш бусдаасаа үлгэрлэл аваа байлгүй, бас ичсэн нэрэндээ очихоос өөр аргагүйд хүрсэн биз. Ямар өмнөх шигээ Баянголынхоо баруун буланд нуугдалтай нь ч биш.

Өчигдөрхөн улсын яллагч мэт авирлаж суусан УИХ-ын гишүүн Н.Энхбаяр ихэд аядуухнаар түүнээс Хөгжлийн банкнаас Сайншандын аж үйлдвэрийн паркт зарцуулсан хөрөнгийн талаар асуув. Өнөөх нь ярьдаг ганц үлгэр, хэлдэг ганц хэрүүлээ хийсээр байгаад нээлттэй сонсгол завсарласан юм.

Хөгжлийн банкийг тонож идсэн луйврын хэрэгт холбогдсон эрх мэдэлтнүүдийн нэг нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга. Хөгжлийн банкнаас олгосон Гашуунсухайтын төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн парк, “Шинэ яармаг” болон МоАХН-ын байрыг барьцаалж авсан олон зуун тэрбум төгрөгийн ард түүний нэр сонсогддог, зөвлөх туслахаараа дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэж хардагддаг. Дөчин их наяд төгрөгийн нүүрсний хэргийн гол сэжигтнээр АТГ зарласан гээд хаана төрийн сан, төсвийн мөнгө, төрийн өмчит компани, хөгжлийн зээл, хөрөнгө тоносон, идсэн дуулиан дэгдэнэ, тэр болгонтой нэр нь “нус” мэт наалдаж явдаг улстөрчдийн нэг бол Х.Баттулга.

Нээлттэй сонсголоос харахад Х.Баттулга Үйлдвэр худалдааны сайд байхдаа Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны үнэлгээг хийлгэхээр “Натур Фрэндли” компанид 7.9 тэрбумыг олгосноос 28 хувийг нь зориулалтын дагуу ашигласан “факт” дэлгэгдсэн. Үлдсэн мөнгө хулгайн гараар ороод дууссан бололтой, энэ асуултад Х.Баттулга тодорхой тайлбар өгч чадаагүйг бодоход.

Хөгжлийн банкны нээлттэй сонсгол олон хоног үргэлжилж, 80 хүн шүүгдэгчээр татагдсан. Тэдний дийлэнх нь улстөрчид, эрх мэдэлтнүүд.  Араас нь нүүрсний гэх том хэрэг мөн хууль, шүүх дээр шалгагдаж яваа. Мөн л төрийн өмчит компаниудын захирал, УИХ-ын гишүүд, засгийн сайдын нэр холбогдож, зарим нь яллагдагчаар татагдсан. ХНХ-ын сайд Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хоёр нүүрсний хэргээс болж гишүүний болон сайдын суудлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихсөн бий. Ямар ч гэсэн Л.Оюун-Эрдэнэ хоёр жилийн өмнө хэлж байсан шигээ намынхантайгаа, ах дүүстэйгээ зарласан “дайн” эрчимжүүлэхээр шийджээ.

НЭГ.

Дайнд Л.Оюун-Эрдэнэ ялах эсвэл хэн нэгэн ялагдах нь гол биш. Гол нь авлига буурч, авлигачид цөөрөх ёстой. Монголын төр авлигаасаа салах ёстой. Үүний тулд Л.Оюун-Эрдэнийн таван “Ш” ажиллагаанд олон нийтийн дэмжлэг чухал.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын танилцуулсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн таван “Ш” ажиллагаа эцсийн үр дүндээ Монголын хөгжил, ардчилал, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах  тухай юм. Монголын эдийн засаг, нийгмийн хамгийн том саад нь цагаан захтнуудын хулгай, албан тушаалтнуудын авлига болсон. 10 тэрбум төгрөг захын авлигачын гэрт “сул” хэвтдэг мөнгө болсон нь харамсалтай.

Л.Оюун-Эрдэнийн таван Ш ажиллагааны нэгд шүгэл үлээх асуудал багтжээ. Х.Нямбаатар Шүгэл үлээгчийн тухай хуулийг санаачилж, бүр 1.5 тэрбум төгрөгөөр шагнах хүртэл урамшуулах олгохх зарлаад удаж байна. Нэг нь “матаачийн” хууль гэж хардаж, нөгөө хэсэг нь манаачийг манах эрх зүйн бодлого болохыг ярьж буй.

Хоёр дахь нь шүүр ажиллагаа. Улс төрийн болон нийтийн албан хаагчид орлогоо нотлох. Үнэндээ 1.5 сая төгрөгийн цалинтай төрийн албан хаагч Зайсанд тансаг зэрэглэлийн хаус бариулж, барууны үнэтэй машин унаж, дэлхийн тансаг брэндүүдээр гоёхын ард авлига, хулгай, луйвар байж таарна.  Энэхүү шүүр ажиллагааны хүрээнд зургадугаар сарын 1 гэхэд орлогоо нотлож чадаагүй төрийн албан хаагчид өргөдлөө өгөх тухай яригдаж буй нь үнэн. Өөрөөр хэлбэл, цаашдаа төрийн албан хаагч тансаг хэрэглээнийхээ эх үүсвэрийг нотлох эсвэл шоронд суух сонголттой тулна гэсэн үг.

ХОЁР.

Энэхүү “Ш” ажиллагаанаас хамгийн чухал тав дахь Ш. Шилэн төр болъё гэж Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа л санаачилсан. Төрийн байгууллагуудын дансыг шилэнжүүлсэн. Үүний үр дүнд  төрийн өмчит компаниудын захирлуудын, төсөв захиран зарцуулагчдын тансаглал олон нийтэд ил тод болсон.  Шилэн дансны хүчинд хэн ямар тендер зарлаж, хэдэн төгрөгөөр юу “шахаж” буй нь тодорхой болсон. Өмнө нь “Эрдэнэт” дээр өч, төчнөөнөөр нь бэлгэвч шахчихсан тохиодол ч гарч байв.

Төрийн өмчийн засаглалын нээлттэй ил тод болгож цахимжуулах ажлаа цаг алдалгүй хийх ёстой. Нэг зөвшөөрөл авахын тулд арван хүний гарын үсэг авдаг тогтолцоо нь авлигын хөрс суурийг бэлддэг. Ажлаа явуулахын тулд хүссэн ч эс хүссэн ч авлига өгөхөөс өөр аргагүйд хүрдэг. Тиймээс Шилэн ажиллагааг төр өөрөөсөө, төсвийн бодлого, захиран зарцуулалтаасаа эхлүүлэх шаардлагатай.

Тавдугаар Ш-ийн нэг нь улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод болгох. Олон жил ярьж байгаа сэдэв. Тэрбум төгрөг намдаа хандивлаад сайд болж байсан тохиолдол МАН, Монголын төрд бий. Тиймээс МАН дансаа шилэн болгож байж Монгол авлигаасаа сална. МАН-ын дансыг ухвал хүрээний бузрууд дэлгэгдэх биз.

Шувуу, шүүр ажиллагаа гэхээр мэдээж инээдтэй л сонсогдох байх. Гэхдээ авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон этгээдүүд оргон зайлдаг жишиг хэдийнэ тогтсон.  Хамгийн сүүлд нүүрсний дуулиан дэгдэнгүүт Ө.Шижир, Н.Удаанжаргал нар Монголын хил даваад зугатчих жишээний. Төмөр замын хэрэгт холбогдож байхдаа Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нар оргон зайлсныг интерполоор эрэн сурвалжлуулж байв.  Дөрөв дэх Ш-ийн товчлоогүй нэр нь шилжүүлэн авчрах ажиллагаа.  Энэ нь  гадаадын улс орнуудад үүсэн бий болсон оффшор хөдлөх үл хөдлөх хөрөнгүүдийг олж авчрахыг хэлж байгаа аж.  АТГ-аас өнгөрсөн 2021, 2022 онд гадаад улс орнуудаас нийт 12.2 сая ам.долларын өртөг бүхий хөрөнгийг улсын орлого болгосон тухайгаа мэдээлсэн. Лондон хотод байрлах нэг орон сууц, 1.8 тэрбум төгрөгтэй тэнцэх бэлэн мөнгө, 269 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө хоёр ширхэг, нийт 6.4 тэрбум төгрөг буюу 4.7 сая ам.долларыг улсын орлого болгосон.

Мөн Британийн Биржини арлаас 2.2 тэрбум төгрөг буюу 1.6 сая ам.доллар үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, газрыг улсын орлого болгож, мөн арлаас 11.3 тэрбум төгрөгийг Монгол олж авчирсан байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шүүр, шувуу ажиллагаа ирэх сонгууль угтсан энтертаймент биш байгаасай гэж найдъя.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж