Мөсөн хотхон урлаач, уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ өвлийн улиралд цас, мөсөөр, хавар, зун, намрын улиралд мод, элсээр сийлбэр урладаг. Залуу уран бүтээлч уран сийлбэрийн олон улсын томоохон фестивалиудад оролцож, үндэсний соёл урлагаа сурталчилж, эх орныхоо нэрийг гаргаж яваа нэгэн. Тэрбээр эхнэртэйгээ хамтран 2022 онд Швед улсад олон мөсөн зочид буудал барих төсөлд ажилласан талаар өмнө нь мэдээлсэн. Тэд хоёрдугаар сарын 3-наас 5-ны хооронд Латви улсад зохион байгуулагдсан олон улсын мөсөн урлалын фестивальд амжилттай оролцож, хоёрдугаар байр эзэлжээ.
Түүний эхнэрийг Энхтайваны Ууганцэцэг гэдэг. Тэрбээр 2004 онд Дүрслэх урлагийн дээд сургууль төгсчээ. Зураач мэргэжилтэй. Тэд сүүлийн жилүүдэд хамтдаа томоохон уралдаан тэмцээнүүдэд оролцож буй юм.
Сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнийн хамгийн том бүтээл бол Баянхонгор аймагт босгосон “Үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн” бөгөөд өндөр нь долоо, урт нь 15 метр үлэг гүрвэлийн баримлыг сийлбэрч Б.Дэлгэрсайхантай хамтарч хийсэн байна.
Home nature - Munkh-Erdene Tsagaan, Uugantsetseg Enkhtaivan. ICEHOTEL 33 - Photo by - Asaf Kliger
Монгол сийлбэрчид 2020 онд Хятадын Харбин хотод зохион байгуулагдсан цасны фестивальд “Биднийг авраач” нэртэй бүтээлээрээ тэргүүлж байв. Уг бүтээлээрээ Австрали тивийн ойн түймэрт өртсөн коала баавгай, имжийг дүрсэлсэн нь олны сонирхлыг татсан юм. Энэ тухайгаа "Уран бүтээлчид тухайн хийх бүтээлийн утга санаанд тохируулан судалгаа хийж, сэтгэж хийдэг. Энэ цаг үед Австралийн түймэр дэлхийн хэмжээний том гамшиг байлаа. Тиймээс Монголын уран бүтээлчид зөвхөн тэр улсын гамшиг биш гэдэг утга санааг агуулсан" гэдгийг хэлж байв.
Мөн тэд 2022 оны хоёрдугаар сард Байгал нуурын Ольхон арал дээр гурав дахь жилдээ зохион байгуулагдсан олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээний дэд байрыг эзэлжээ. Тодруулбал, 2022 оны хоёрдугаар сарын 13-наас 18-ны өдрүүдэд болсон тэмцээнд сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ, Э.Ууганцэцэг нар "Хүннү үеэс" бүтээлээрээ оролцож, дэд байрын шагнал хүртсэн байна.
Холбоотой мэдээ