Боловсролын байгууллагуудад “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг сурталчлах, хөтөлбөртөө оруулах тухай эрхтэн, мэдэлтнүүд шахах болжээ. Баялаг түүхээсээ шууд хуулж, ганцхан “с” үсэг нэмсэн энэ бодлогын хэрэгжилтийн эхнээс харахад их л эвгүй. “Алсын хараа 2050” хөтөлбөрийн богино зайн энэхүү хөтөлбөр бие халаалт, бэлтгэл, сургуулилалт гэж тодорхойлоод буйг болоод буй үйл явдал, эрх баригчдын авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэртэй уялдаа холбоог нь эргэцүүлэн ажвал анхаарахгүй өнгөрч боломгүй. Энэ хөтөлбөрт туссан зүйлийг бид сайтар анхаарах ёстой төдийгүй хожмын үр дагавар, хүрэх үр дүнг нь тооцоолохгүй бол ирээдүйд элгээрээ хэвтэж, хожмын өдөр дуу алдан тонгорцоглож унасан ч бүлх үмхсэн мэт байдалд орох вий гэх болгоомжлол эрхгүй төрнө.
ЦАХИЛЖ ЯВАА МАН, ЦАХИУР ХАГАЛСАН ЦАХИМ ЛАВЛАГАА
МАН энэ парламентад 62+1 суудалтай болчихсон гэхэд нэг их хилсдэхгүй. Учир нь ХҮН-ын ганц суудлын эзэн болсон Т.Доржханд гишүүний ордны явдлыг ажиглавал МАН-ын “мануухай” гэмээр. Данхайсан бүтэц нь байсаар атал давхар давхар дээлийг нь өмсүүлэхээр Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргасан зэргийг нь харвал үгүйсгэл түүнээс олдохгүй.
Хөгжлийн банкны сонсгол дээр эрх баригчидтай нийлж, бүх хулгай хуучин эрх баригчидтай холбоотой мэтээр ханьсан суугаа. МАН-ыг ийм том болгосон нь иргэд гэхээс илүү цаг зав хэмнэж, цахиур хагалсан цахим санал тооллого байсныг нотлох мэт цахим лавлагаа иргэдийг эргэлзүүлж байна. Өөрийг нь өчнөөн хүүхэдтэй болтол нь будилуулсан цахим лавлагааг хариуцсан сайд нь хошигнох маягтай хэлсэн нь бүр ч гайхшруулав.
Монгол хэдэн хүнтэй, нийт хүүхдийн 9 хувь нь хэд болох, нийт хүн хэд болох. Цаасан дээр, цахим дээр, газар дээр хэдэн хүн байдгийг хэлэх албан тушаалтан өнөөдөр Монголд алга. Яг хаанаас гарч ирсэн бүртгэлээр биднийг цахим бүртгэв гэдэг одоо хэр нь асуудал дагуулсан хэвээрээ байна. Хүүхдийн мөнгөөр илэрсэн будилаан бидний эд хөрөнгө, өмч мөнгө, унах унаанд ямар их будилаан байгаа, түүгээр ямар их статистик өөрчлөгддөг, түүнийг дагасан төсвийн мөнгөний зарцуулалт яаж явдаг вэ гэдгийг төсөөлөхөд бэрх. Тиймээс “цахим үндэстэн” гэдгийн цаана ямар аюул нуугдаж байгааг бид тааварлахад бэрх байна.
"Шинэ сэргэлтийн бодлого"-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтэд туссан “Шинжлэх ухаанд суурилсан өндөр технологи, блокчейн, хиймэл оюун ухааны ололтыг нэвтрүүлж, дижитал эдийн засгийн чиг хандлагад нийцсэн аж үйлдвэржилтийг хөгжүүлнэ” гэсэн нь энэ бололтой. Цахим төр гэж ойрын хэдэн жил цамнасаар ирсэн нь энэ.
Бидэнд цахим бус цомхон төр л үгүйлэгдэж байна.
ТОГТОЛЦООНД ТОХСОН ХЭРЭГ
Болохгүй, бүтэхгүй бүхнийг "амьд үхдэл" болсон АН руу долоон жилийн турш чихэж явсан эрх баригчид аргаа олсон нь тогтолцооны гажиг. Бүх асуудал тогтолцоонд байна гэсээр дөрвөн жилийн өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бол түүнээсээ гуравхан жилийн дараа магтаад байсан Үндсэн хуульдаа дахин гар хүрэв. МАН-ын дарга бөгөөд Монголын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн наймдугаар сард Н.Энхбаяр тэргүүтнийг цуглуулж байгаад шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан нь Монголыг бүгд найрамдах засаглалд эргэн шилжүүлэв ном болов гарав.
Үндсэн хуулийн манаачдыг өөрсдийн нохой болгосны дараа давхар дээлээ өмсөхдөө туршаад, өгсөн ясыг нь үмхсэнд урамшаад, бүр эвгүй зүйл рүү тэд тэмүүлж байна.
Сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг Үндсэн хуульд тусгах нэрийдлээр эхэлсэн энэхүү жонхуу Үндсэн хууль руу үндсээр нь дайрах төлөвлөгөө болов. Монголд Үндсэн хуулийн эргэлт хийхээр заналхийлсэн үйлдэл гэж хардахаас өөр сонголт тэд үлдээсэнгүй. Тэрхүү төсөлд тусгагдсанаар Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хийж байсан хүн мөнхөд парламентад сонгогдохоор томилогдох заасан нь олон нийтэд зориуд хаясан өгөөш. Түүний цаана Монголыг ардчилсан тогтолцооноосоо ухраах далд санаа цухалзсан төдийгүй цохон тэмдэглэсэн нь “Бүгд найрамдах Монгол Улс”… Төслийг нь харвал “болно” гэх байдлаар болохгүй бүхний замыг зассан байх жишээтэй…
Үргэлжлэл бий…
Холбоотой мэдээ