"Тэрбум мод" хөтөлбөрт 3000 мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай"

Хуучирсан мэдээ: 2023.02.08-нд нийтлэгдсэн

"Тэрбум мод" хөтөлбөрт 3000 мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай"

"Тэрбум мод" хөтөлбөрт 3000 мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай"

Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хамтран өнөөдөр (2023.02.08) Улаанбаатар хотод Тогтвортой ногоон хөгжлийн төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээг тодорхойлох дээд түвшний зөвлөгөөн зохион байгуулав. Энэхүү зөвлөгөөн нийт 14 сая еврогийн буцалтгүй тусламжийн хүрээнд хөдөө аж ахуй, ойн аж ахуй, техник, мэргэжлийн боловсрол, сургалтын /МСҮТ/ салбарт хэрэгжих төслүүдийн бэлтгэл арга хэмжээ ажээ.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз уг зөвлөгөөнийг нээж, “Европын Холбоо Монгол Улсыг тогтвортой, ногоон хөрөнгө оруулалтыг түлхэх гол түншээ гэж үздэг. Бид ардчилалд суурилсан үнэ цэнд хөтөлсөн хөрөнгө оруулалт үр дүнгээ өгдгийг хамтдаа харуулж байна. Европ, Монгол төдийгүй дэлхий хооронд харилцан хамаарал бүхий биш харин бат бөх, тогтвортой хамтын ажиллагаа бий болгохыг хүсэх болов. Хойч үедээ бид шинэ, илүү тогтвортой, ногоон ирээдүйг үлдээх учиртай. Тус зөвлөгөөнөөс гарах үйл ажиллагааны цар хүрээ, үр дүнг “Түншлэл-Хариуцлагатай хэрэгжүүлэлт-Үр нөлөө” хэмээн тодорхойлж байна” гэж хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүүгийн мэдээлснээр, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн 2022-2024 буюу нэгдүгээр шат, 2025-2027 он буюу хоёрдугаар шат, 2028-2030 он буюу гуравдугаар шат гэсэн үечлэлээр ажил хэрэг болох юм байна.

Үндэсний хөдөлгөөнийг дэмжиж одоогийн байдлаар дотоодын 320 албан байгууллага, аж ахуй нэгж хамтран ажиллаж байгаа ба Ерөнхийлөгчийн гаднын улсад хийсэн болон манай улсад хийсэн айлчлалуудын хүрээнд энэ чиглэлээр гэрээ хэлэлцээрүүд хийгджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хамтарсан судалгааны төв байгуулах, техникийн нөхцөлийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтсон. Өнгөрсөн хугацааны ололт амжилтаас дурдвал, 12 сая мод тарьж, бүртгэлжүүлжээ. Мөн үрийн нөөцийн бүрдүүлэлтийг өмнөх жилүүдтэй харьцуулахад 4.5 дахин ихээр нэмэгдүүлсэн байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга Д.Билгүүдэй “Тэрбум мод” хөтөлбөр буюу дээрх салбаруудад ойрын жилүүдэд дунджаар 3000 мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай гэсэн судалгааг Ойн газраас гаргасан. Магадгүй 200 нь инженер, үлдсэн хувь нь мэргэжлийн ажилтан байх бололцоотой. Өнөөгийн байдлаар Орхон, Сэлэнгэ, Завхан, Хэнтий зэрэг аймагт ХАА-н чиглэлийн МСҮТ-үүд суралцагчдыг хүлээж авдаг.

Одоо хэрэгжих төслийн хүрээнд суурь судалгаагаа боловсруулж, улмаар сургалтын хөтөлбөр, агуулгыг олон улсын жишигт нийцсэн байдлаар гаргаж ирэх юм. Салбарын яамнаас авч хэрэгжүүлж буй бодлогын шинэ зорилт бол мэргэжлийн болон хөтөлбөрийн шаталсан системийг бий болгох тал дээр анхаарч ажиллана. Тэр үүднээсээ ХААИС болон МСҮТ хоорондын хөтөлбөрийн уялдаа холбоог хангах ажлыг энэ жил эрчимжүүлэх юм.

Тухайлбал, ХААИС-ийн багш МСҮТ-д очиж онолын мэдлэг олгох сургалт явуулдаг бол МСҮТ-ийн дадлагын баазыг ашиглаж ХААИС-ийн оюутнууд үйлдвэрлэлийн дадлагаа явуулдаг байдлаар өөр хоорондын уялдаа холбоог хангах ажлыг хийнэ. Ирэх он жилүүдэд энэхүү салбарт мэргэжлийн ажиллах хүчин олноор шаардагдана. Манай яам мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх чиг үүргийнхээ дагуу шаардлагатай боловсон хүчнийг сургаж, хөдөлмөрийн зах зээл рүү нийлүүлэх ажлаа 100 хувь хэрэгжүүлээд явна. Тэр хүрээнд авч үзвэл, өнөөдрийн яригдаж буй төслүүдийн үүрэг ихээхэн нөлөөтэй байхаар байна” гэв.

Д.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж