Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун сар гаруй хугацаанд олны өмнө гарч ирээгүй. Тус улсын Улс төрийн товчооны хурал өнгөрсөн Ням гаригт болсон. Уг хуралд Ким Жон Ун оролцоогүй нь олны дунд элдэв таамаг үүсгээд байв. Ким төрийн эрхийг гартаа авснаасаа хойш албан ёсны чухал уулзалтыг алгассан гурав дахь тохиолдол нь энэ болжээ. Өмнө нь 2014 онд 40 өдөр олны нүдэнд харагдаагүй нь мөн л олны анхаарлыг татаж байв. Энэ удаад түүний эрүүл мэндэд ямар нэг асуудал үүссэн байж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байна.
Тэрбээр өнгөрсөн Даваа гаригт Цэргийн төв комиссын хуралд оролцож, армийн бэлэн байдлыг нэмэгдүүлж, сургуулилалтаа ахиу хийхийг үүрэгджээ.
Улмаар Мягмар гаригийн оройн хүлээн авалтад Ким Жон Ун охиноо дагуулж ирсэн нь анхаарал татав. Тус хүлээн авалт арми байгуулагдсаны 75 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээ байжээ. Тэд цэргийн хуаранд тодорхойгүй хугацаагаар зочилж, цэргүүдэд урам хайрласан үг хэлсэн. Ким Жон Ун цэргүүдээ “Хүндрэл бэрхшээлийг үл харгалзан, дэлхийн хамгийн хүчирхэг армиа хадгалж үлдэж чадсан” гэж магтжээ.
Тус улс ойрын хугацаанд томоохон хэмжээний цэргийн парад хийхээр төлөвлөж буйг гадаадын хэвлэлүүд мэдээлсэн. Улмаар энэ парадынхаа үеэр шинэ цөмийн зэвсэг, баллистик пуужин танилцуулж магадгүй гэж үзэж буй юм. Хиймэл дагуулаас авсан зургуудаас харахад асар олон цэрэг, энгийн иргэдийг оролцуулсан бэлтгэл ажлыг хэдэн долоо хоногийн турш хийж байжээ.
Ким тэргүүтэй Умардын удирдагчид байлдааны сургуулилалтыг тогтмол эрчимжүүлж, дайны бэлэн байдлыг улам бүр хангах болов. АНУ сүүлийн үед Өмнөд Солонгос, Япон зэрэг бүс нутгийн холбоотнуудтай харилцаагаа өргөжүүлэх болсноор Умардтай улам хурцадмал байдалд болоод байна.
Эх сурвалж:FOX NEWS, AP
Холбоотой мэдээ