“Шаталсан татвар орлогоо сайн дураар тайлагнадагт үйлчлэхгүй”

Хуучирсан мэдээ: 2023.02.08-нд нийтлэгдсэн

“Шаталсан татвар орлогоо сайн дураар тайлагнадагт үйлчлэхгүй”

“Шаталсан татвар орлогоо сайн дураар тайлагнадагт үйлчлэхгүй”

Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын өөрчлөлт энэ оноос үйлчилж эхэлсэн. Энэ дагуу өнөөдрийн байдлаар сарын 10 саяас дээш буюу жилийн 120 сая төгрөгийн орлоготой иргэд Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ) төлөгч нийт 816 мянган хүний 0.5 хувь нь болж, 1300 иргэн хамрагдаж байгаа юм.

Сангийн сайд Б.Жавхлан эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзахдаа “Шаталсан болон тансаг хэрэглээн дээр тавьдаг татвар нь олон улсад нийтлэг байдаг, сонгодог татварын нэг хэлбэр. НӨАТ-тай хэлбэр адил, суурь татвар. Хуучин социалист системд байсан улс орнууд татварын энэ нийтлэг хэлбэр рүү хожуу орцгоосон.

Манай улс шаталсан татварын хөнгөлөлттэй явж ирсэн болохоос биш нэмсэн шатлалын татвартай байгаагүй. Хэдийгээр шаталсан төлөлт 10 хувиас эхэлж байгаа боловч тооцоолоод үзэхээр бид бага орлоготой хэсгээсээ 4.8 хувийн татвар авдаг. Манай улс ХХОАТ-ыг ажиллаж буй хүмүүсээс суутган авах, иргэд өөрсдөө мэдүүлэх замаар сайн дураар төлөх гэсэн хоёр тусдаа хэлбэрээр тооцдог.

Одоо зөвхөн эхний хэлбэр буюу суутган төлөлтөөс бид 10 сая төгрөгөөс давсан хэсэг дээр л шаталсан татвар тавьж байна. Түүнээс биш орлогоо сайн дураар тайлагнан тооцдог хэсэгт үйлчлэхгүй, ногдохгүй, хуучин 10 хувийн аргачлалаар явна гэсэн үг юм. Энэ нь тусдаа хоёр өөр ойлголт бүхий хэлбэр юм.

Шаталсан татвар нь орлогын тэгш бус хуваарилалтыг жигд болгодог төрийн бодлогын татварын хэрэгсэл юм. Нөгөө талдаа тансаг хэрэглээ дээр тавьдаг, ААН-үүд дээр ч тэр өндөр орлоготой нь их төлдөг татварын шинэчлэл юм. Энэ бол нэг өдөр хийдэг үйл явц биш.

Энд өнөөдөр хэдийгээр цөөн хэсэг хамрагдаж буй боловч татварын энэхүү шинэчлэл өөрчлөлтийг хөгжлийн дунд болон урт хугацааны зорилт болох “2030-2050 Алсын хараа”-д тусгасан эдийн засгийн суурийг тэлэх, түүн дээрээ үндэслэн ДНБ буюу нэг хүнд ногдох үндэсний орлогыг 2030 онд 10 мянган ам.доллароос давуулна гэсэн зорилтод нийцүүлж буй юм. Тэр үед өндөр орлоготой хэсэг өнөөдрийнх шиг 0.5 хувь биш, магадгүй 5-10 хувь болж, өнөөдрийн төсөвт оруулж буй 10 тэрбум шиг бус, нийт төсвийн орлогын зохих хувийг бүрдүүлж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс 10 жилийн дараа очих татварын шинэчлэлийг бид өнөөдөр тавьж байна гэсэн үг” гэж тайлбарласан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж