Амиа алдагсдын 5894 нь Турк, 2470 нь Сирид байна

Хуучирсан мэдээ: 2023.02.08-нд нийтлэгдсэн

Турк, Сири газар хөдлөлт

LiveАмиа алдагсдын 5894 нь Турк, 2470 нь Сирид байна

Амиа алдагсдын 5894 нь Турк, 2470 нь Сирид байна

Турк улсад 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 10 мужид гурван сарын хугацаатай онц байдал зарлаж, хохирогчдын тоо цаг минутаар өссөөр байна.

14 : 17
2023-2-8

Туркчууд аврах ажиллагаа удаашралтай байгааг шүүмжилж байна

Туркийн ард иргэд аврах, эрэн хайх ажиллагаа удаан, чадвар муутай байгааг шүүмжлэн бухимдаж байгааг эх сурвалжууд мэдээлжээ. Өнөөдрийн байдлаар амиа алдсан хүмүүсийн тоо 8000 давсан бөгөөд 5894 нь Турк, 2470 нь Сири улсад бүртгэгджээ. 

Турк улсад газар хөдлөлтөөс сэргийлэх, гамшгийн үед хэрэглэх зорилгоор иргэдээс хураасан "газар хөдлөлтийн татвар" гэж байдаг бөгөөд үүнд 4.6 тэрбум ам.доллар хуримтлагдсан байдаг аж.

12 жил орчим иргэний дайны хөлд зовж зүдэрсэн Сири улсын ард иргэд хүчтэй газар хөдлөлтөд өртсөнд хүмүүнлэгийн ажилчид сэтгэл зовниж буйгаа илэрхийлж байна. Газар хөдлөлтийн голомтоос 250 км зайтай орших Хама хотод хүртэл хүн нас барсан талаар мэдээлжээ. 

14 : 01
2023-2-8

Австралийн 4 иргэн газар хөдлөлтийн дараа сураггүй болжээ

Сири, Турк улсад хүчтэй газар хөдөлснөөс олон мянган хүн сураггүй болж, 8000 шахам хүн амь үрэгдээд байна. Тэгвэл газар хөдлөлтийн дараа Австралийн дөрвөн иргэн сураггүй болсныг тус улсын гадаад хэргийн яамнаас өнөөдөр мэдээллээ. Австралийн худалдаа, гадаад харилцааны яамнаас ар гэрийнхэнд нь консулын тусламжийг үзүүлж байгааг мэдээлэв. 

Австрали улс нь 72 хүний бүрэлдэхүүнтэй аврах, эрэн хайх багаа Турк руу илгээсэн. 

Тус улсын аврах, эрэн хайх ажиллагааны мэргэжилтнүүд нь байршил тогтоох, эмнэлгийн тусламж хүргэх, барилгын нурангид хохирогчийг татаж гаргах зэргээр мэргэшсэн алба хаагчид гэдгийг Австралийн гадаад хэргийн сайд онцолжээ. 

Эх сурвалж: ВВС 

10 : 06
2023-2-8

Амь үрэгдэгсдийн тоо 8000 дөхжээ

Одоогийн байдлаар амь үрэгдэгсдийн тоо 8000 дөхсөн бөгөөд Монгол тэргүүтэй дэлхийн 40 гаруй орноос 2400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй аврах баг болон 100 орчим үнэрч нохой, мөнгөн тусламж, шаардлагатай дэмжлэг үзүүлж байна. Хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлтийн дараа 300 гаруй чичирхийлэл мэдрэгдсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ. 

Аврах багаа илгээж, мөнгөн тусламж үзүүлж буй орнууд:

Монгол

35 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах баг болон эмч нарын бүрэлдэхүүн өнөөдөр /2023.02.08/ үүрээр Туркийг зорив. Мөн аврагчдын бүрэлдэхүүнд Марта болон Балу нэртэй гурав, дөрвөн настай үнэрч хоёр нохой багтсан байна. Засгийн газраас 1500 ноосон хөнжил, 10 тонн махан нөөш, хоёр тонн лаа, бусад хүмүүнлэгийн тусламжийг илгээж байна.

АНУ

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн хоёр баг өнөө өглөө Туркт газарджээ. Тус багууд зүүн өмнөд хэсгийн Адъяаман мужид аврах, эрэн хайх ажиллагаа явуулах юм. Тодруулбал, 79 хүний бүрэлдэхүүнтэй хоёр багийг 12 үнэрч нохой, цементэн хана нураах тоног төхөөрөмж гэх мэтийн хамт илгээжээ. Үүнээс гадна Лос-Анжелес хотоос гал сөнөөгч, барилгын инженер нараас бүрдсэн 100 хүний багийг зургаан үнэрч нохойтой Турк руу илгээх гэнэ.  

Их Британи

Их Британи улсаас аврах, эрэн хайх чиглэлээр мэргэшсэн 77 хүний багийг тусгай тоног төхөөрөмж, дөрвөн нохойны хамт илгээжээ. Тэд Туркийн зүүн өмнөд хэсгийг Газиантеп хотод очсон бөгөөд аврах ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тус багт эмнэлгийн тусламжийн баг ч багтаж байгаа аж. 

ОХУ

Сири улсад 300 алба хаагчаас бүрдсэн 10 нэгжээ илгээж, аврах, эрэн хайх ажиллагаанд тусалж байгааг тус улсын Онцгой байдлын яамнаас мэдээлжээ. Тус улсад үүрэг гүйцэтгэж буй Оросын цэргийн онгоцуудыг хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд ашиглаж байгаа аж. Турк улс руу хоёр онгоцоор 100 алба хаагч илгээсэн гэж "ТАСС" агентлаг мэдээлжээ. 

Мексик

Аврах, эрэн хайх ажиллагааны үнэрч нохдоороо алдартай тус улс 16 нохойг өчигдөр нисэх онгоцоор Турк руу илгээжээ. Тус улсад 2017 онд болсон газар хөдлөлтийн дараа үнэрч нохдын тусламжтайгаар олон хүний амийг авч чадсан байв. 

Итали

Гал сөнөөгчдийн багаа Турк руу илгээхээр бэлтгэж байгаа бөгөөд армийн зүгээс цэргийн нисэх онгоцоор эрүүл мэнд болон аврах ажиллагааны багийг, тоног төхөөрөмжийн хамт илгээх гэнэ. 

Шинэ-Зеланд

Туркийн Улаан хавирган сар нийгэмлэгт 632 мянган ам.доллар, Сирийн Арабын Улаан хавирган сар нийгэмлэгт 316 мянган ам.долларыг хүнс, майхан, хөнжил, эмнэлгийн хэрэгсэл, сэтгэлзүйн дэмжлэгийн хамт илгээжээ. 

Хятад

Тус улсын Улаан загалмайн нийгэмлэгээс Турк, Сирийн Улаан хавирган сар нийгэмлэгээр дамжуулан тус бүр 200 мянган ам.долларын тусламж үзүүлжээ. Мөн 40 сая юанийн өртөг бүхий яаралтай тусламжийн эхний хэсгийг өчигдөр Турк руу илгээсэн бол Сири рүү аврах багаа илгээх гэнэ. Тус улсын онцгой байдлын сайдын мэдээлснээр аврах ажиллагааны 82 хүнтэй баг өчигдөр Турк рүү нисчээ. 

Тайвань

Арлын засгийн газраас 130 хүний бүрэлдэхүүнтэй баг, таван үнэрч нохой, 13 тоннын тоног төхөөрөмжийг Турк рүү илгээсэн байна. Эхний баг Даваа гаригийн шөнө тус улсад очсон бол удаах нь өчигдөр очсон байна. Мөн 200 сая ам.долларын мөнгөн тусламж үзүүлжээ. 

Албани

Албани болон Косовагаас яаралтай тусламжийн багаа Турк рүү илгээсэн байна. 53 хүнээс бүрдсэн Албанийн багт гал сөнөөгчид, арми, эрүүл мэндийн алба хаагчид багтжээ. 

Финланд

Турк, Сири улсад Улаан хавирган сар, Улаан загалмайн нийгэмлэгүүдээр дамжуулан нэг сая еврог илгээжээ. Үүгээр хоргодох газруудад хоол, эмнэлгийн болон сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх гэнэ.

Украин

Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг дайтаж байгаа ч Украин улс өргөн бүрэлдэхүүнтэй аврах багаа Турк рүү илгээхээ мэдэгдсэн. 

Израиль

Тус улсаас инженер, эмнэлгийн ажилтан, аврагчдаас бүрдсэн 150 хүний бүрэлдэхүүнтэй багаа Турк руу илгээсэн байна. Мөн Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгджээ. 

Палестин

Сири болон Турк улс руу хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хоёр багаа илгээсэн бөгөөд үүнд иргэний хамгаалал болон эмнэлгийн ажилчид багтжээ. 

Грек

Хөрш Турк улс руу 21 хүний бүрэлдэхүүнтэй багийг хоёр үнэрч нохой, тусгай техник хэрэгслэлийн хамт "C-130" цэргийн тээврийн онгоцоор илгээжээ. Тус багт газар хөдлөлтийн мэргэжилтэн, барилгын инженер, таван эмч багтсан байна. 

Ливан

Сири улс руу цэргийн инженер мэргэжилтэй 15 хүнийг илгээсэн бол Турк руу аврах ажиллагаанд туслах зорилгоор 20 хүний багийг явуулжээ. 

Ливи

Турктай сөргөлдөөнтэй хэдий ч тус улсын засгийн газраас аврах ажиллагаанд туслуулахаар 55 хүнтэй багаа илгээсэн бөгөөд үүнд аврагчдаас гадна эмнэлгийн ажилтнууд, мөн дөрвөн үнэрч нохой багтжээ. 

Испани

Тус улс нь гэмтэж бэртсэн хүмүүсийг эмчлэхэд голчлон анхааран эмнэлгийн мэргэжилтэй хүмүүсийг дайчилсан бөгөөд Турк руу 85 хүнээс бүрдсэн хоёр багийг илгээжээ. Туркийн талаас Малатья нисэх онгоцны буудалд олон улсын тусламжийн төвийг байгуулсан бөгөөд Испанийн талаас тийшээ дрон, цэргүүдээ илгээсэн байна. Мөн Олон улсын Улаан хавирган сар, Улаан загалмай байгууллагуудад дэмжлэг үзүүлэх гэнэ. 

Герман

Тус улсын иргэний хамгааллын агентлагаас 50 хүнтэй багаа илгээсэн байна. Тус багт 42 мэргэжилтэн, таван нохой багтсан бөгөөд Сиритэй хил залгаа Туркийн Кирихан хотод ажиллах гэнэ. Мөн майхан, хөнжил, ус болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг илгээсэн аж. 

Өмнөд Солонгос

Аврах, эрэн хайх ажиллагааны 60 хүнтэй баг, 50 цэрэг, эмнэлгийн тусламжийг Турк руу илгээжээ. Мөн 5 сая ам.долларын шууд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа аж. Тус улсын Гёнгги аймгаас сая ам.долларыг мөн хандивласан байна. 

Пакистан

Тус улсаас хоёр нислэгээр 50 хүнтэй  баг болон аврах ажиллагааны хэрэгслүүдийг Турк, Сири рүү өнөөдөр илгээсэн байна. Пакистаны засгийн газрын гишүүд нэг сарын цалин, төрийн бүх албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлаж байгаа аж. 

Энэтхэг

Онцгой байдлын 50 алба хаагчийг тусгай бэлгэгдсэн үнэрч ноход, аврах ажиллагааны төхөөрөмжүүдийн хамт Турк улс руу илгээсэн байна. Нийтдээ дөрвөн нислэгээр Турк руу тусламж илгээсэн бөгөөд Энэтхэгийн армийн Аград төвтэй цэргийн 99 эмчийг эмнэлгийн 30 орны хамт  илгээсэн байна. Эдгээр эмч нар эрчимт эмчилгээ, ясны хугарал, ерөнхий мэс заслын чиглэлээр мэргэшсэн хүмүүс бөгөөд "X-ray" машин, уушги орлуулагч, хүчилтөрөгч ялгаруулдаг ургамал болон бусад төхөөрөмжүүд багтжээ. 

Швейцарь 

Швейцарийн засгийн газраас 22 хүнтэй багийг 14 үнэрч нохойг Турк руу илгээсэн байна. Нэмж армийн гамшгийн мэргэжилтэн болон аврах, эрэн хайх чиглэлээр мэргэшсэн 80 хүнийг илгээх гэнэ. 

Чех

Гал сөнөөгч, эмч, барилгын инженер нараас бүрдсэн 68 хүний бүрэлдэхүүнтэй багийг үнэрч нохдын хамт Турк улс руу илгээжээ. 

Япон

Аврах, эрэн хайх албаны 75 алба хаагчийг Турк рүү илгээсэн. 

Австри

Армийн гамшгийн эсрэг нэгжээс 84 цэргийг Турк рүү илгээх санал тавьжээ. 

Польш

Найман үнэрч нохой, тусгай хэрэгслүүдийн хамт 76 гал сөнөөгчийг Турк рүү илгээсэн байна. 

Румын

Мэргэшсэн алба хаагчдыг, шаардлагатай материалуудын хамт хоёр нисэх онгоцоор Турк рүү явуулжээ. 

Хорват

Аврах ажиллагааны бүхээгт тэргүүд, тоног төхөөрөмж, 10 нохойны хамт 40 алба хаагчийг Турк рүү илгээжээ. 

Серби

Тус улс нь гурван холбоочин, 21 аврагчийг Турк улс дахь аврах ажиллагаанд туслуулахаар нисгэсэн байна. 

Монтенегро

Багадаа 24 гал сөнөөгчийг Турк улс руу илгээсэн. 

Молдав

Тус улсын ерөнхийлөгчийн мэдээлснээр аврах ажиллагааны 55 алба хаагчаа Турк рүү явуулжээ. 

Франц

Аврах багаа Турк рүү илгээсэн гэв.

Йордан

Сири болон Турк улсад яаралтай тусламж үзүүлэхийг II Абдулла хаан зарлигдсан байна. 

Иран

Тус улсын тусламжийн онгоц газар хөдлөлтийн дараа Сирийн Дамаск хотноо газардсан байна. 

Ирак

Тус улсын аюулгүй байдлын албанаас Сири улсад яаралтай тусламжийг хүргэжээ. 

Египет 

Турк улсад хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэхээ мэдэгдсэн. 

Улаан загалмай

Олон улсын Улаан загалмай нийгэмлэгээс Сирийн Алеппо хотын эмнэлэгт 100 хүнийг эмчилж хүрэхцүйц мэс заслын хэрэгсэл илгээсэн байна. Мөн лаазалсан хүнс, бүтээлэг, гудас зэрэг хоргодох газруудад шаардлагатай зүйлсийг илгээсэн гэв.

Европын холбоо

Европын холбооноос Туркт онцгой байдлын газрын зураглалын үйлчилгээ үзүүлэхийн тулд Коперникийн хиймэл дагуулын системийг идэвхжүүлсэн. Тус холбооны багадаа 19 орноос Туркт тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж