Нээлттэй сонсголыг өндөрлүүлэв
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар УИХ-ын Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсголыг өндөрлүүллээ.
Сонсголыг удирдсан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр “Нотлох баримтыг шинжлэн судлах хоёрдахь удаагийн сонсголд 134 гэрч дуудагдсанаас 81 гэрч оролцлоо. Оролцох боломжгүй албан бичиг ирүүлсэн 27 гэрч байна.
Гурав дахь удаагийн сонсголыг Хөгжлийн банкнаас арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2500 зээл түүний зарцуулалттай холбоотой асуудлаар ирэх гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулна” гэлээ.
Б.Энхбаяр: Төмөр замын солбицол зөрсөн талаар мэдээлэл өгөх шаардлагатай
Сонсгол удирдагч Б.Энхбаяр: Төмөр замын солбицол яагаад зөрсөн талаар ард түмэнд мэдээлэл өгөх шаардлагатай байна, тайлбар өгнө үү?
Зам тээврийн сайд асан А.Гансүх: Улстөрчид төмөр замын холболтын цэг зөрсөн гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байдаг ч нотлох баримт юм уу, шинжээчийн дүгнэлт гараагүй. Холболтын цэг зөрөх байтугай цэгээ ч тохироогүй байсан шүү. Тохироогүй цэг зөрнө гэж байх уу, байхгүй.
"Энержи ресурс" компани ажлаа эхлээд "Самсунг" компанийг сонгочихоод газар шорооны ажил нь зургаан хувьтай явж байхад ч тохироогүй байсан.
Хятадын "Шинхуа" төрийн өмчит компани төмөр замаа манай улсын хил рүү тулгаад барьчихсан байгаа. Тэгээд энэ цэг рүү ирж холбо гэж биднийг шахдаг байсан. Судлаад үзэхээр боломжгүй. Тэр үед нь бид “Танай цэг рүү очиход нэгдүгээрт, дархан цаазат газраар дайран өнгөрч байна. Хоёрдугаарт, маш их хэмжээний зардал мөнгө нэмэгдэж гарна. Дээрээс нь өндөржилтийн зөрүү маш их учраас маш өндөр гүүр барина. Иймд бид татгалздаг байсан.
Бүрэн эрхт тусгаар тогтносон улсын Засгийн газартай холболтын цэг тохирохгүйгээр Хятадын төрийн өмчит компани манай хил рүү төмөр замаа тулгаж барьчихаад энд холбо гэж яагаад шаардах ёстой юм. Бид зөвшөөрөхгүй гээд маргаан үүссэн. Би Хятадын "Шинхуа" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай биечлэн уулзаж энэ асуудлыг хэлэлцэж байсан. Ажлын хэсэг томилдог, хамтраад очдог ч шийдэж өгдөггүй л байсан.
Х.Баттулга: Төмөр зам бариагүй бол их юм болох нь ээ
Сонсгол удирдагч Б.Энхбаяр: Пүрэвбаатар та “Маккензи”-гийн хийсэн “Шинэ төмөр зам” төсөлтэй холбоотой боловсруулсан ТЭЗҮ нь хуурамч байх магадлалтай гэсэн ярилцлага өгч байсан.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Ерөнхийлөгч асан Х.Баттулгад асуулт тавихлаар “бид төмөр замаар бахархах ёстой” гэх. Нотлох баримтын хүрээнд шинжээчийн дүгнэлтэд үндэслээд ярьж байхад “Олон жил хуулийн байгууллагаар шалгачихсан зүйлийг яагаад энд яриад байгаа юм бэ” гэж хандах. Иргэд мэдэхгүй байна, яаж шалгуулсан юм. Иргэд мэдэх эрхтэй гэдэг агуулгаар асууж байна шүү. Нотлох баримт дотор асар их мөнгө төлж хийлгэсэн ТЭЗҮ албан ёсны бичиг баримт биш байсан гэх. Энэ ТЭЗҮ хаана байгаа юм. Энэ цаас хаана байна вэ. Эгийн голын усан цахилгаан станцын ТЭЗҮ Хөгжлийн банкны барьцаанд байдаг?
Гэрч н.Пүрэвбаатар: Шинэ төмөр зам төслийг хэрэгжүүлэхийн тулд Хөгжлийн банкнаас нийт 55 сая ам.доллар зээл хэлбэрээр гарсан, энийг хүүтэй нь 65 сая ам.доллар болгон төлөх нөхцөлтэй. Зээлийг захиран зарцуулах асуудлаар тухайн үеийн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, сайд асан А.Гансүх нарын гарын үсэгтэй тогтоол гарсан.
Нийт 55 сая ам.долларын 38 сая ам.долларыг нь байгаль орчны үнэлгээ, урьдчилсан ТЭЗҮ боловсруулах, санхүүгийн зөвлөх, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компаниудад захиран зарцуулсан тоо баримт гарч байгаа.
Дотоодын зөвлөхүүдтэй 15 сая ам.долларын гэрээ хийсэн байсан. Гэхдээ би 11 компанийн зөвлөх үйлчилгээний цаасыг олж хараагүй. Техникийн зөвлөгөө, хяналтын зөвлөгөө өгсөн хоёр компанийн материалыг судалж байсан. 30 орчим сая ам.доллар зарцуулсны үр бүтээлийг 800 км төмөр зам үр дүнтэй болгож байгаа юу гэдэг асуудлыг судалж байна, удахгүй дүгнэлт гарна.
“Маккензи”-гийн хийсэн ТЭЗҮ-гээр төмөр замын чиглэлээ ч, царигаа ч шийдэж чадалгүй яваад байсан. Баталгаатай, нотолгоотой зүйл биш байна гэж үзсэн учраас.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Мөнгөө зарцуулаад хийлгүүлсэн ТЭЗҮ-гээр яваагүй байна гэлээ, энийгээ тодруулахгүй юу. Та мөн юу хийж байсан билээ?
Гэрч н.Пүрэвбаатар: 2008-2012 онд Төмөр замын газрын агентлагийн дарга байсан. Төмөр замын агентлаг төмөр замын бодлого, чиглэл дээр хяналт тавьж байсан. 2008-2012 онд янз бүрийн үйл явдал болсон, тэрнээс хойш хяналт алдагдаад нэлээд хүнд байдалтай болсон. 2012 он хүртэл гольдролоороо явж байсан.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: “Маккензи” –гаар хийлгүүлсэн ТЭЗҮ хаана байна вэ?
Хөгжлийн банкны албан тушаалтан: 2017 оны хоёрдугаар сарын 22-нд Зам тээврийн яаманд Хөгжлийн банкнаас ТЭЗҮ-гхүлээлгэж өгсөн. Ганц ТЭЗҮ биш, 42 боть Монголын төмөр замтай холбоотой бүх материал шилжсэн.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: “Маккензи” компанийн ТЭЗҮ ашиглагдсан уу, Х.Баттулга гуай?
Ерөнхийлөгч асан Х.Баттулга: "Маккензи" нь 1926 онд байгуулагдсан. АНУ-ын нэр хүндтэй, дэлхийн шилдэг зөвлөх үйлчилгээ үзүүлэгч гурван компанийн нэг. 12 мянга гаруй ажилчинтай. Манайд Хятад дахь салбараа оруулж ирсэн. Англи хэлтэй, мэргэжлийн залуусыг орж ирж ажиллуулсан. Төмөр зам бариагүй бол их юм болох нь ээ. Сайн сонсч бай, “Бостон консталин”-гээр стратеги гаргуулсан. “Маккензи” ТЭЗҮ боловсруулсан, “Дойче” хянадаг.
Н.Пүрэвбаатар юу гэнэ вэ, өөрчлөгдсөн ч гэх шиг. Тийм зүйл байхгүй. 1100 км төмөр замын трассын дагуу Монголын бүх компани орсон. Өнөөдөр энэ сонсголд н.Пүрэвбаатар мэтийн хүмүүсийг оруулж ирчихээд чичилж байгаад гайхаж байна. 800 км төмөр замыг “Маккензи”-гийн болосвруулсан ТЭЗҮ-ээр барьсан. Тэгэхдээ Зүүнбаян хүртэл жаахан хазайсан. Наашаа татахад 40-өөд км-ээр татсан, мөнгө хэмнээд. Манай мэргэжлийн зураачид ажилласан. Өдөр шөнөгүй ажиллаж байгаад хийлгэсэн. Монголчууд анх удаа төмөр зам барьсныг мушгин гуйвуулж болохгүй.
Та бүхнийг чичлэн дайрна гэж ёстой бодсонгүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа төмөр зам барих мөнгийг гайхамшигтай шийдэж өгсөн. Тал газар төмөр зам барих туршлагыг монголчууд өөрсдөө гаргаж тавьсан. Цар тахал дэгдээгүй бол 1.6 жилийн дотор төмөр замыг барих байсан.
Би яахлаар төрсөн хүүхдүүддээ компанийн хувьцаагаа эзэмшүүлж болдоггүй юм. Би яахлаараа энэний төлөө үр хүүхдүүдтэйгээ та нарт байцаагдах ёстой юм. Батсүхтэй би 1980-аад оны үеэс нөхөрлөсөн. Хүнд өвчин тусч, зовсон. Энд ярьснаар чинь Батсүх тийм их мөнгөтэй хүн байсан бол өвдөж зовохгүй байсан.
“Майдар”-т хэдэн мянган хүн хандив өргөсөн. Дахиад хэлье төмөр зам чинь явсан, Ерөнхийлөгч очиж нээсэн. Монголчууд төмөр замаа барьж байж, Үндсэн хуульд байдаг ард түмэн баялгийн эзэн байх ёстой гэдэг бодлого хэрэгжинэ, 20, 30-хан гэр бүл баяжих ёсгүй.
Сонсгол удирдагч Б.Энхбаяр: Бүртгэлийн байгууллагад байдаг мэдээллийг л танилцуулсан.
Х.Баттулга: Ч.Ганбат “Зөгийн үүр” –ээр ирж, ажилласан
Нээлттэй сонсголын хүрээнд "Шинэ төмөр зам" төсөлтэй холбоотойгоор энэ төслийг эхлүүлэх шатанд шийдвэр гаргаж, ажиллаж байсан хүмүүст асуулт тавьж, тайлбар сонсч байна.
Сонсгол удирдагч Б.Энхбаяр: Х.Баттулга таныг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад 100 км төмөр зам барих ажлын ажлын хэсгийн ахлагчаар Ч.Ганбат, хяналт тавих ажлын хэсгийн ахлагчаар А.Гансүх томилогджээ. Та энэ шийдвэрийг гаргаж.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга: УИХ-аас 2010 онд төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлагдсан. Арав гаруй жилийн турш янз бүрийн юм болж явж, Covid-19 цар тахлын үеэр дэлгэмлээрээ бол 800 км төмөр зам барьсан. Төмөр замын асуудлыг 2015-2017 он хүртэл Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газар шалгасан. 2016 онд би албан тушаалтай байгаагүй, иргэн хүн байсан. Энэ их зовлон, дарамт шахалт дундуур явсаар Ерөнхий сайд нь У.Хүрэлсүх байх үед ажлыг хэсэг байгуулаад монголчууд хилээ хааж байгаад хоёр жилийн дотор 800-гаад км төмөр замаа барьчихсан. Өөрөө янз бүрээр л хэлээд байна. Бидний бахархах юмны маань нэг энэ шүү.
Ч.Ганбат зөвлөхөөр ажиллаж байсан, “Маккензи” орж ирээд Монголын талын портнероо сонгосон. Ж.Бат-Эрдэнийн тушаалаар тавигдсан. Юуг яаж мушгих гээд байгаа юм. Төмөр замаа монголчууд барьсныг би бахархаж байгаа. Монголын төмөр зам гэдгийг ойлгож байгаа юу. Бид нар 100 хувийн хөрөнгө оруулалттай Монголын төмөр замыг байгуулсан. Монголын газар нутаг дээр Монголын төмөр зам компани явах чёстой гээд оросуудтай муудалцаж байсан. Төмөр замыг бариулахгүй гэж маш олон оролдлого хийсэн. Байгалийн баялгаа 30 жил ашигллалаа, юутай болсон юм. Төр өөрийн гэсэн нууцтай байх ёстой. Баялгаа алдаад, замаа алдах юм бол сүйрнэ.
Сонсгол удирдагч Б.Энхбаяр: Ч.Ганбат нь таны сайдын зөвлөхөөр ажиллаж байсан байна. Та төмөр зам барих ажлын хэсгийн ахлагчаар ажиллуулж байсан тушаал гарч ирлээ.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга: Мэдлэгтэй, боловсролтой хүн хэрэгтэй байсан. Бид барууны компанитай ажиллах шарадлагатай болсон, хэл устай. 30, 40 орчим залуусыг цуглуулсан. Засгийн газраас Сү.Батболд “Зөгийн үүр” хөтөлбөр зарласан байсан, тэрний дагуу залуучууд ирсэн. Ажиллуулаад эхэлсэн. “Маккензи” орж ирээд хамтарч ажиллах компаниа сонгосон.
Сонсгол удирдагч Б.Энхбаяр: Төмөр зам барих зөвлөх үйлчилгээнд “Маккензи” шалгараад, ажлын хэсгийн ахалж ажиллаж байсан Ч.Ганбат нь өөрийнхөө Либертари партнерс компанийг шалгаруулсан байх юм? .
Ерөнхийлөгч асан Х.Баттулга: УИХ-ын тогтоол, Засгийн газрын шийдвэр гараад ажил эхлэх болсон. Туршилтын ажлыг эхлүүлсэн. Тодорхой хэмжээний зардлуудыг тодорхой компани гаргаад явсан. Түүхэндээ бид төмөр замын талаар ямар ч ойлголтгүй байсан. Тэгэхэд одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа Б.Дэлгэрсайхан Дорноговь дээр хөрс хуулалтын ажил эхлүүлж байсан.
Сонсгол удирдагч Б.Энхбаяр: Ч.Ганбатыг эрэн сурвалжилж байна уу, ирээд хэрэггүй гэж хэлж байсан та?
Ерөнхийлөгч асан Х.Баттулга: 2015 оны асуудал шиг санагдаж байна. Ч.Ганбат Конверци банк дээр ажилладаг байсан, урьж авч ирсэн. Ажлууд явж байтал оффис зэргийг нь лацадхаар тэр хүн явсан байх. Одоо хаана байгааг мэдэхгүй, нэг их сайн л яваагүй байх.
Төмөр замын ажил явахлаар яагаад хууль хүчнийхэн орж ирж дарамтлаад байдаг юм бэ гэдгийг асуумаар байдаг. Том төсөл хэрэгжихгүй болохоор мэдлэгтэй хүмүүс ирэхгүй байна, гадагшаа явцгааж байна. “Либертари партнерс”-т ажиллаж байсан залуу одоо Засгийн газарт ажиллаж байх шиг байна. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг дуудаж авч ирж, наад асуудлаа асууж хариулт авах ёстой байсан, түүний л сонгосон хүмүүс ш дээ.
“Шинэ төмөр зам” төсөлтэй холбоотойгоор А.Гансүх дуудагдаж ирэв
УИХ-ын Хянан шалгах хорооноос зохион байгуулж буй нээлттэй сонсгол Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан “Шинэ төмөр зам” төслийн талаар мэдээлэл сонссоноор үргэлжиллээ. Монгол Улсын Засгийн газраас “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэх зорилгоор 55 сая ам.долларын санхүүжилт олгох шийдвэрийг 2013 онд гаргаж байсан. Энэ төслийн хүрээнд 208 км төмөр зам баригдсан ч Хятадын талтай төмөр зам нь холбогдоогүй мухар зэрэг олон асуудал хөндөгдөх аж.
Энэ асуудалтай холбогдуулж, Зам тээврийн хөгжлийн сайд асан, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх, Төмөр замын агентлагийн дэд дарга н.Пүрэвбаатар, Монголын төмөр замын ерөнхий инженер н.Нямлхагва, “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл нар гэрчээр дуудагдаж, нээлттэй сонсголд оролцохоор хүрэлцэн иржээ.
Дээрх төсөлтэй холбоотой асуух зүйл маш их тул цайны цагийн дараа үргэлжлүүлэхээр болж, 1 цагийн завсарлага авлаа. Нээлттэй сонсгол 13.30 цагаас үргэлжилнэ.
Т.Доржханд: Х.Баттулга аа, Монгол ядууралтай ялагдчихаад сууж байна
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Монгол Улс маш том зах зээлийн хооронд байдаг учраас аж үйлдвэрээ хөгжүүлэх ёстой. Дэд бүтэц, химийн үйлдвэрээ санхүүжүүлэх ёстой. Хийхэд асуудал байна. Гоё мөрөөдөл төсөөллөө цаасан дээр хийгээд барихад мөнгө хэрэгтэй.
Х.Баттулга та 34 хувь дээр нь Засгийн газар хөрөнгө гаргаад 66 хувь дээр гадаад дотоодын хөрөнгө оруулагч татна гэдэг төсөөллөөр явж. Яг тухайн үед ямар хэмжээний хөрөнгө оруулалт оруулж ирнэ гэж төсөөлж байв. Хөрөнгө оруулагчтай ярьсан зүйл байна уу. Шинжээчийн дүгнэлт үр дүнгүй гэж гарсан?
Ерөнхийлөгч асан Х.Баттулга: Засгийн газар 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаа аль хэдийнэ хийчихсэн. Класстер дотор ложистик ордог, газрын асуудлаа шийдсэн, авто зам, төмөр замаа барьсан. Энийгээ Засгийн газар 2 тэрбум ам.доллараар үнэлж болно. Одоо 66 хувь дээрээ гадаад, дотоодын хөрнгө оруулагч нартай ярьсан яриагаа сэргээж ярих ёстой. Цаасыг гоё гэж ярьдаггүй, мэргэжлийн хүмүүс мэргэжлийн өндөр төвшинд хийдэг. Энэ маш үндэслэлтэй цаас. 2 тэрбумыг өнгөрсөн хугацаанд хийсэн. Дэд бүтэц рүү хийсэн мөнгийг хөрөнгө оруулалт гэж хэлнэ. Энэтхэг, Бразиль зэрэг орны маш олон хөрөнгө оруулагчтай ярьж байсан. Япон улсын Ерөнхий сайд асан Шинзо Абэг Зүүн азийн орнуудад айлчилж байхад нь Монголд буулгаад төсөлдөө хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэхэд хөрөнгө оруулъя гээд гарын үсэг зураад явж байсан.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Үр ашиг алга гэдэг дүгнэлтийг шинэжээч гаргасан байна. Төмөр зам барьсан л гэнэ, тэр нь мухар. Урд хөрш манай төмөр замтай холбоо ч үгүй ч үү. Гадаадын хөрөнгө оруулалт татна гэдэг ч доллар нь, эдийн засаг нь савладаг, улстөрчид нь хэлсэн ярьсандаа байдаггүй, хөрөнгө оруулагчаа хөөж явуулдаг үед хөрөнгө оруулна гэж хэцүү шүү дээ. Боломжтой юм бол яагаад одоог хүртэл Аж үйлдвэрийн парк чинь босоогүй байгаа юм. Аж үйлдвэр байгуулах газар чинь ус байхгүй.
Сайн судлахгүйгээр хийчихсэн юм биш үү. Сайн судлаагүй, хөрөнгө оруулагч нартай яриагүй учраас аж үйлдвэрийн парк чинь байхгүй байгаа юм биш үү?
Ерөнхийлөгч асан Х.Баттулга: Аж үйлдвэрийн цогцолбор барих боломж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагч нарыг хөөж явуулдаг нь үнэн. Одоо тэднийг эргүүлээд татах тал дээр ажиллах хэрэгтэй. Одоо яах юм суугаад байх юм уу. Мухар төмөр зам гэх. Өөрөө төмөр зам үзээгүй байх, Дорноговьд очиж үзээгүй байх тийм ээ. Ойлголтын зөрүү байгаа юм. Ойлголтын зөрүүгээ өөрчлөхгүй бол над руу дайраад л байна. 20 мянган төгрөгийн үнэтэй талх гэж байж болохгүй зүйлийг чи ярьсан. Залуугаасаа л чи төриЙн байгууллагад ажилласан юм билээ ш дээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Би уг нь таныг төслийнхөө талаар яриасай л гэж ярих боломжийг олгосон. Яагаад гацсан юм, яагаад хөрөнгө оруулалт гацчих вэ. Таны бодож байсан зүйл алдаатай байж болно. 20 мянган төгрөгийн талхны асуудлыг шалгаж байгаа шүү. Тэрийг тусдаа ярьчихъя. Манай ах нар асуулт асуухаар зөрүүлээд өөр юм ярьдаг юм билээ. Энэ асуудлыг хажуу тийш тавьчихъя. Аж үйлдвэр хэрэгтэй, хийх хэрэгтэй. Яагаад явахгүй байгаа шалтгаан бидэнд чухал.
Хэл загатнаад байна. Аж үйлдвэрийн парк гээд дэд бүтцээ хийчихлээ гэлээ. Бүтээгдэхүүнээ хаашаа гаргана гэж тооцоолсон бэ?
Ерөнхийлөгч асан Х.Баттулга: Судалгаа хийгдсэн Зүүн ази руу бүтээгдэхүүнээ гаргана гэсэн дүгнэлт гарсан. Хятадын Манжуурын төвд жилд 2 сая машин үйлдвэрлэж байна. Тэр чигээрээ төмрийн хэрэглээ байгаа. Төмрийн хүдрээ бид түүхийгээр нь гаргаж байгаа. Зах зээл бол Зүүн ази. Төмрийн хэрэглээ цаашдаа ч өснө. Дэлхийн гангийн 50 хувийг Хятад улсад үйлдвэрлэж байна. Ойлголтын зөрүүг өөрчлөхийн тулд судалгаагаа 1.30 цагт тайлбарлаж, ойлголт өгмөөр байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Тийм ээ, Зүүн ази, Хятадын зах зээл гэж дүгнэлт гаргасан нь зөв. Австрали яаж хөгжсөн юм бэ гэхлээр эхлээд Япон руу, дараа нь Хятадын зах зээл рүү бүтээгдэхүүнээ зарсан байдаг. Монголын хувьд Хятад. Манайх Хятад руу бараа бүтээгдэхүүнээ гаргаад орлогоо боловсрол, эрүүл мэнд рүү зарцуулна гэдэг төсөөлөлтэй яваа. Урд хөрш рүү зах зээл байхад та элс цоолоод баялгаа урд хөршид өгч болохгүй гэдэг ойлголтыг Монгол ялна гээд явуулсан. Өнөөдөр Монгол ядууралтай, ялагдчихсан байна. Та энд одоо зөв зүйл яриад сууж байна. Зөрчил гараад байна, энийгээ тайлбарлаж өгөөч?
Ерөнийлөгч асан Х.Баттулга: Бид нар маш их баялагтай орон, дэлхийд 10-т ордог. Энэ баялаг түүхийгээрээ гарч болохгүй. Орж ирсэн орлого аманд ч үгүй хамарт ч үгүй байна. 100 ам.долараар зараад 15 хувийг нь оффшорт хийдэг хэдхэн баячуудтай болсон.
Монгол Улс 5000 км төмөр зам тавьж чадах юм бол баялгаа нэг улс руу л гаргадаг хараат бус байдал үгүй болно. Зөвхөн Хятадад баялгаа зараад хөгжинө гэж байхгүй. ТҮЦ-нд бараагаа зардаг настан маш олон төрлийн зүйл зарж байж амьдардаг. Нүүрсийг зөвхөн нэг улсад зарахад цар тахлаар юу болов. Төмөр зам гэдэг маань ложистик, тээврийн том хэрэгсэл юм. Төв ази, Хятад Орос хоёрыг холбох ёстой.
Орос, Хятадын худалдаа 200 тэрбум ам.доллар луу дөхөөд ирлээ. Бид 5000 орчим км төмөр замтай байж, баруун босоо, зүүн босоо төмөр зам барих юм бол гурван транзит явуулах боломжтой болно. Түүгээр нэг “Эрдэнэт” үйлдвэрийн ашигтай тэнцэх ашиг олох боломжтой. Зүүн азийн мөрөдөл юу вэ, хөгжиж байгаа зүүн Азитай эдийн засгаар холбогдох. Хятад, Оросоор холбогдох боломж маш бага байдаг.
Энэ асуудлыг Х.Баттулга гэдэг хүн яриад байгаа учраас хорлогдоод байна. Сү.Батболд мөнгө гаргаж өгөөгүй, тухайн үед мөнгө шийдээд өгчихсөн бол төмөр зам баригдчихсан байсан. Энэ асуудлыг Сү.Батболдоос асуухлаар “тухайн үед манай намынхан дарамтлаад байсан, нэр хүнд нь өсчихнө гээд зогсоож байсан л” гэдэг.
Өнөөдөр бид "Эрдэнэт"-ийнхээ зэсийг баяжмалаар л гаргадаг. Бүтээгдэхүүн болгон гаргах боломжтой. Цахилгаан бүх барааны дамжуулагч нь зэс.
Алтан ширээд боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг энэний нам, тэрний нам гэхгүйгээр энэ ажлыг хиймээр байгаа юм.
Сонсголыг удирдагч Б.Энхбаяр: Сайншанд аж үйлдвэр төсөлд Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилттэй холбоотой шинжээчийн дүгнэлтийг сонсч дууслаа.
Х.Баттулга: Боловсруулах үйлдвэр байгуулах гэхээр л хуулийнхан бөөнөөр нь хорьчихдог
Дорноговь аймагт Аж үйлдвэрийн цогцолбор барихаар Хөгжлийн банкнаас гаргасан санхүүжилттэй холбогдуулж, тухайн үеийн Үйлдвэр хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Х.Баттулга дараах тайлбар хийлээ.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга: Энэ одоо яг, юу нь болохгүй болчихоод байгаа юм. Монгол Улс газрын доорх баялгаа боловсруулах ёстой гэж үзээд, УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэр нь гарсан. Бидний хувьд анхных, мэдэхгүй. Гадаадын байгууллагыг хөлслөхөөс аргагүй. Мөнгөгүй бол хөдлөхгүй, тэд чинь. Би чинь нэлээн гэгээлгээр харж, ажлууд хийгээд явсан. Би хийсэн ажлаараа бахархдаг, нэлээн ч ажлууд хийгдсэн, дуусгана гэж бодож байгаа. Хийсэн ажлын үнэлгээ 1.7 орчим тэрбум ам.долллар болно, Үлдсэн 67 хувьд гадаадын хөрөнгө оруулагч оруулж ирнэ. Тавантолгойгоос-Сайншанд хүртэл 412 км төмөр зам, авто зам зэрэг янз бүрийн ажил хийгээд өөрөө энэийгээ үнэлэхэд 2 тэрбум ам.доллар болж байгаа.
Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг татан буулгаж, янз бүрийн ажил хийж байхынхаа оронд, 2 тэрбумыгаа 34 хувь гэж үнэлээд 66 хувь дээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагч дуудах ёстой. Эндээс үргэлжлүүлээд явах юм бол ажил дуусчихна. Харамсалтай нь, 2015 оноос эрүүгийн цагдаагийнхан орж шалгаад баахан хүн шоронд хийсэн.
35 мянган га газарт байгаль орчны үнэлгээ хийнэ гэдэг тийм амар ажил биш. Хөөврийн гол гээд 1984 онд оросуудын судалсан судалгааг дахин судлах ёстой. Усаа олчихсон, одоо цахилгаанаа шийдчих юм бол. Юу татан буулгах тухай яриад байгаа юм бэ гэж хэлэх байна.
Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байхдаа татан буулгах тухай ярьж байсан, толгойлсон л гэж бодож байна. Байгалийн баялгаа боловсруулах асуудлыг жадлан эсэргүүцдэг хүн нь Ч.Хүрэлбаатар. Ийм 10 гаруй хүн л байдаг. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор баригдах ёстой гэдэг дээр одоог хүртэл би итгэлтэй байдаг.
Маш том судалгаа хийсэн. Х. Баттулга макет хийгээд яриад байгаа юм биш.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх геологчидын уулзалтад очоод “Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд онцгойлон анхаарна” гэж хэлсэн байна лээ, би баярлаж байгаа У.Хүрэлсүхэд. Ядуурлаас гарахын тулд баялгаа боловсруулдаг болъё гээд байхад л татан буулгах тухай яриад сууж байдаг.
Анх удаа монголчууд "Эрдэнэт"-ээс хойш энийг хийх гэж оролдож байгаа шүү. Газрын асуудал дээр асуудал гарсан нь Дорноговь аймгийн Засаг дарга дээр очоод аж үйлдвэр барих газрын асуудлыг шийдэж өгөөч гэхэд зүүн урагш орших Хонхорыг зааж өгсөн. Судалгаа хийхэд шаварлаг хөрстэй байсан тул болоогүй. Одоогийн Алтан ширээ гэдэг газар луу дөхүүлсэн. Зам татсан байгаа, төмөр зам татсан байгаа. Тавантолгойн коксжих нүүрс, төмрийн хүдрээ боловсруулъя л гэсэн юм. 2015 оноос хойш Сайншанд аж үйлдвэрийг барьж байгуулахаар ажилласан хөрөнгө оруулагч нарыг АТГ, эрүүгийн цагдаа бутартал шалгаад хөөгөөд явуулсан.
Ажилгүйдлийг бууруулдаг зүйл зөвхөн аж үйлдвэр шүү гэдгийг хэлж ирсэн.
Мэргэжлийн хүмүүсээс нь үг сонсох юм бол та бүхэн шууд ойлгоно. 35 мянган га газрыг судлах гэдэг бол маш том ажил. Тухайн үеийн АТГ 3500 га газар гэж хэрэг үүсгэн шалгаж байсан. Арынх нь нэг тэгийг хасаад олон нийтэд зарласан. Би бол буруу зүйл яриагүй болов уу гэж бодож байна.
Нээлттэй сонсголыг даргалагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Сайншанд аж үйлдвэрийн цогцолборт Хөгжлийн банкнаас санхүүжилт олгосон. Хөгжлийн банкнаас хөрөнгө гарсан бүх төсөл хөтөлбөрөөр мэдээлэл сонсч байгаа гэдгийг дахин хэлье. Хөгжлийн банкнаас гарсан энэ мөнгөний зарцуулалт юу болов, Үйлдвэр хөдөө аж ахуйн яаман дээр хийсэн сонгон шалгаруулалт юу болов гэдгийг ярилцаж байна.
Аж үйлдвэрийн ТӨХХК ийн захирал байсан Ж.Дөлгөөн таны зөвлөхөөр ажиллаж байсан уу?
Ерөнхийлөгч асан Х.Баттулга: Тэрний зөвлөх, энэний зөвлөх гээд жижиг юм яриад баймааргүй байна. Яармагийг орон сууцжуулах гэдэг асуудлаар Ц.Ууганбаяр гэдэг залууг Х.Баттулгын зөвлөх байсан гээд баахан тамласан. Би энэ Дөлгөөнийг зөвлөх байсныг мэдэхгүй байна.
Сайншандын аж үйлдвэрийг татан буулгасан гэхээр нь бухимдсан. Хэрэгтэй болоод Хөгжлийн банкнаас мөнгө гарч байгаа. Экспортыг дэмжиж, импортыг орлох үйлдвэр бариулахын тулд л мөнгө гаргаж байгаа биз дээ.
Сангийн сайд нь төсөвт суулгах ёстой гээд гарын үсгээ зурсан байгаа шүү дээ, Б.Энхбаяр аа. Яагаад Монгол Улс үйлдвэржиж болдоггүй, яагаад хүчний байгууллага нь удаа дараа ийм зүйл хийгээд байдаг юм. Юм үйлдвэрле гэхээр л бөөнөөр нь нугачин дардаг, бөөнөөр нь хорьчихдог.
Энэ төсөлтэй холбоотойгоор хийсэн ажлуудыг А,Б-гүй яримаар байна. Сургаар яриад биенээ яллаад баймааргүй байна. Б.Энхбаяр аа, чи сургаар яриад байна. Чи өөрөө надаас эхэлж асуугаад энэ асуудлыг нээлттэй яримаар байна. Энэ Монгол Улсын ирээдүй, ажилгүйдэл, ядуурлын цөм чинь энэ. Бид ЖДҮ гэж өчнөөн ярилаа, том үйлдвэр босч байж, жижиг үйлдвэрүүд явдаг юм байна. Уулзаж ярьж байж, дараагийн юм руугаа орж болдоггүй юм уу.
Нээлттэй сонсголыг даргалагч Б.Энхбаяр: Энэ шинжээчийн дүгнэлтэд Сайншанд аж үйлдвэрийн парк нь байгаль орчны үнэлгээ хийх ёстой гэсэн тогтоол гарсан. Тендерийнх нь нөхцөл байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх асуудал нь тогтоолд зааснаас өөрчлөгдсөн. Тендерийн хорооны даргаар Золжаргал ажиллаж байсан. Та тайлбараа хийнэ үү?
Гэрч н.Золжаргал: Шинжээч дүгнэлтээ арай дутуу дулимаг бичсэн байна. 2013 онд анх зарласан тендер дээр Засгийн газрын тогтоолоор баталсан томъёоллоор тендер зарласан. 2014 оны дундуур байгаль орчны нийгэм орчны үнэлгээ болж, өөрчлөгдсөн байсан. Би байцаагдаж байхдаа энийг мэдсэн, учрыг нь олоогүй. Анх өгсөн газар нь 2014 оны зургадугаар сард хөрс нь гулгалттай болоод өөрчлөгдсөн, газар солигдсонтой холбоотойгоор тендерийнх нь нөхцөл өөрчлөгдсөн болов уу. Бид анх тендер зарлахдаа Засгийн газрын томъёоллыг зөрчиж, сонгон шалгаруулалт зарлаагүй.
Сонсголыг даргалагч Б.Энхбаяр: Шинжээчийн дүгнэлтийг өгөөрэй. Гол дурдагдаад байгаа нь тендерийн зориулалтыг өөрчлөөд зарцуулалт үр дүнгүй болсон гэдэг асуудал яригдаж байгаа юм. Түвшинжаргал гэдэг хүн таны зөвлөхөөр ажиллаж байсан уу?
Ерөнхийлөгч асан Х.Баттулга: н.Түвшинжаргал гэдэг хүн бол намайг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад мэргэжилтнээр ажиллаж байсан. ТЭЗҮ-д нийгмийн гэдэг үг орчихсон нь өөрчлөлт гэж үзээд байгаа юм уу. Юу гэсэн үг юм, Б.Энхбаяр аа?.
Сонголыг удирдагч Б.Энхбаяр: Шинжээч болон гэрчээс л асууна. Байнгын хорооны гишүүд, даргаас асуухгүй. Шинжээч өөрөө дараа нь энэ асуултад хариулна. Шинжээч хариулахад бэлдэж байгаарай.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга нээлттэй сонсголд оролцож байна
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ гурав дахь өдрөө Төрийн ордноо үргэлжилж байна.
Энэхүү сонсголоор яг одоо Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулахаар Хөгжлийн банкнаас олгосон 8.1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй холбоотой асуудлаар мэдээлэл сонсч буй юм. Эл асуудалтай холбогдуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэрчээр дуудагдсан тул танхимд ирсэн байгаа юм. Нийт 15 хүн гэрчээр дуудагджээ.
Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК нь 2014 онд Монголын Хөгжлийн банкнаас 8.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. Санхүүжилтийнхээ 6.297.2 сая төгрөгийг судалгаа шинжилгээний ажилд, 604.8 сая төгрөгийг хуулийн зөвлөх үйлчилгээнд тус, тус зарцуулжээ.
Өөрөөр хэлбэл, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор барихаар тодорхой хөрөнгө гаргасан ч өнөөдрийг хүртэл цогцолбор нь баригдаагүй байгаа юм. Шинжээч энэхүү төслийг үр ашиггүй төсөл болсон гэж дүгнэсэн байлаа.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ