Монголын ард түмний халуун сэтгэлд талархаж буйгаа илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2023.02.08-нд нийтлэгдсэн

Турк, Сири газар хөдлөлт

Монголын ард түмний халуун сэтгэлд талархаж буйгаа илэрхийлэв

Монголын ард түмний халуун сэтгэлд талархаж буйгаа илэрхийлэв

НЭМЭЛТ: 

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн эмч, эмнэлгийн ажилчид, онцгой байдлын албаны аврагчдаас бүрдсэн баг зорьсон газраа саадгүй хүрч, Газиантеп хотын нисэх буудалд орон нутгийн цагаар 09.50 буюу Монголын цагаар 13.30 цагт амжилттай газарджээ.

ОБЕГ-ын дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүнийг БНТУ-ын Гадаад хэргийн яамны тусгай үүрэг гүйцэтгэгч, Элчин сайд Мустафа Юурдакулад гардуулсан байна. Энэ үеэр Туркийн төлөөлөгчид Монголын ард түмний халуун сэтгэлд талархаж буйгаа илэрхийлжээ.

БНТУ-ыг зорьсон эрэн хайх, аврах багийн 11 гишүүн Зэвсэгт хүчний алба хаагчид юм. Тэднийг Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Сүх-Очир ахалж, эмнэлгийн талаас Цэргийн төв эмнэлгийн Аврахуйн анагаах ухаан эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Л.Лувсандорж удирдаж байна.

Эрэн хайх, аврах багийнхан Улаанбаатарын цагаар 18.00 цагийн үед Газиантеп хотоос 200 км зайд байрлах газар хөдлөлтийн голомт болох Хатая хот руу хөдөлжээ.


МОНГОЛЫН ТУСЛАМЖИЙН БАГ ТУРК УЛСЫГ ЗОРИВ

Туркийн зүүн өмнөд болон Сирийн хойд хэсгийн нутаг дэвсгэрт хоёрдугаар сарын 6-ны өдөр орон нутгийн цагаар 04:17 цаг орчимд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Уг газар хөдлөлтөөр нас барагсдын тоо сүүлийн байдлаар 7800 давжээ. Аврагчид нурангийг зайлуулсаар байгаа тул энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Гадаадын улсууд гамшигт өртсөн бүс нутаг руу аврагчдаа илгээж буй.

Одоогоор Украин, Өмнөд Солонгос, АНУ, Итали, Унгар, Япон, Австри, ОХУ, Их Британи, Герман, Алжир, Катар, Ирак, Израиль, Швейцарь, Польш, Румын, Тайвань, Монгол тэргүүтэй улс орнууд болон олон улсын байгууллагууд хүн хүч болон бараа бүтээгдэхүүн, мөнгөний тусламж үзүүлжээ.

Монгол Улсаас ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан эрэн хайх, аврах баг болон эмч нарын бүрэлдэхүүн өнөөдөр /2023.02.08/ үүрээр Туркийг зорив. Мөн аврагчдын бүрэлдэхүүнд Марта болон Балу нэртэй гурав, дөрвөн настай үнэрч хоёр нохой багтсан байна.

Монгол Улсын Засгийн газар Турк, Сири улс руу тусламж илгээх, тус бүс нутгуудад оршин сууж буй монголчуудын нөхцөл байдлын талаар хуралджээ. Үүний дараа Шадар сайд С.Амарсайхан болон гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар мэдээлэл хийсэн юм.

Шадар сайд С.Амарсайхан ярихдаа “Газар хөдлөлтөд өртсөн улсуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэлээ. Тэнд цаг агаар хүйтэн байгаа учир дулаан хувцас хунар, майхан сав, хөнжил гудас, хоол хүнс, лаа гэрэл гэрэлтүүлэг хэрэгтэй гэж холбогдох байгууллага мэдээлсэн. Тиймээс зохих шийдвэрийг гаргаж, мах махан бүтээгдэхүүн, бараа бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлэхээр шийдлээ. Сирид улсад бараа бүтээгдэхүүн мөн хүргүүлнэ. Тэнд байгаа хоёр иргэнтэй холбогдсон гэсэн. Хоргодох байранд ямар нэгэн эрсдэлгүй байна. Тусламжийн бараагаа аваад 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, аврах баг явна. Сири улсад бид хүн хүчний тусламж үзүүлэх боломжгүй учир бараа, бүтээгдэхүүний тусламж үзүүлнэ” гэв.

Засгийн газраас 1500 ноосон хөнжил, 10 тонн махан нөөш, 2 тонн лаа, бусад хүмүүнлэгийн тусламжийг илгээж байна.

С.Батцэцэг сайд “Зургаан мянган монгол Туркт ажиллаж амьдарч байна. Газар хөдлөлт болсон бүс нутагт монголчууд оршин суудаггүй. Турк иргэнтэй гэр бүл болсон хоёр иргэн бий. Холбогдсон. Нэг иргэний зардлыг нь даагаад Истанбул руу нүүлгэхээр болсон” гэлээ.

Газар хөдлөлттэй холбоотойгоор Туркийг чиглэсэн олон улсын нислэгүүд цуцлагдах вий гэсэн болгоомжлол байсан. Тэгвэл ихэнхи авиа компаниуд Турк руу нислэг үйлдсэн хэвээр байна. Тус улсын гол нисэх онгоцны буудал болох Истанбулын олон улсын буудал хэвийн ажиллаж байгаа аж. Харин “Turkish Airlines”-ийн зүгээс газар хөдлөлтөд өртсөн, өртөх эрсдэлтэй Самсун, Адъяаман, Сийрт зэрэг бүс нутаг руу үйлдэх нислэгүүдээ цуцалжээ. Тус компанийн мэдэгдэлд, “Одоогоор аврах баг, шинжээчдийн баг, тусламжийн материал, шаардлагатай тоног төхөөрөмжийг бүс нутагт хүргэхийн тулд үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчиллөө” гэжээ. “Turkish Airlines”-ийн ачааны онгоцууд улс орон даяар аврах, онцгой байдлын хүчнийхэн, шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэж байгаа гэнэ.

Турк дэх зарим дотоодын нисэх онгоцны буудлууд үйл ажиллагаагаа зогсоожээ. Тухайлбал, Газиантеп Огузели, Антакья, Искендерун руу зорчиж буй аялагчдын төв болох Хатай нисэх онгоцны буудал, Өмнөд Адана мужийн Адана Сакирпаса онгоцны буудал багтаад байна.

Хэрэв аялал, нислэгээ захиалсан бол авиа болон аяллын компанитайгаа холбогдохыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж