Энэ долоо хоногийн VS буландаа шинэ Үндсэн хуулийн талаарх эсрэг тэсрэг байр суурийг онцолж байна. Тодруулбал, олон нийтийн дунд Н.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг МАН-ын даалгавраар шинэ Үндсэн хуулийг бичсэн гэх хардлага байгаа билээ.
Н.Энхбаяр
Ерөнхийлөгч асан
1992 онд батлагдсан Үндсэн хууль маш чухал. Тэр үед гадаад, дотоод бүх нөхцөл байдал цоо шинэ тогтолцоо руу шилжихээс өөр аргагүй байсан. 1992 оны хуулийг боловсруулахдаа нам төвтэй нийгмийн харилцаанаас төр төвтэй нийгэм рүү шилжихээр томьёолсон байдаг. УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага гэж томьёолсон.
УИХ өөрөө төр болоод төр төвтэй нийгмийн харилцаа руу шилжээд хамгийн чухал, их эрх мэдэлтэй, мундаг байгууллагыг Үндсэн хуулиараа төрүүлсэн. Үүнээс хойш 32 жил явлаа. УИХ-ын гишүүд, хувь хүний тухай ярих зүйл байхгүй. Үндсэн хуульд бичсэн зохицуулалтаас болоод харамсалтай нь төр засаг хяналтаас гарчихсан. Хяналтаас гарсан төр засаг нь хянах ёстой хүмүүсээ хянаж чадахгүй, хариуцлага тооцож чадахгүй, хулгайг зогсоож чадахгүй байгаа нь ард түмний бухимдлыг хүргэж байна.
Одоо хүн төвтэй Үндсэн хууль хэрэгтэй гэсэн захиалга эрдэмтэд, судлаачид, ТББ, социологичид болон иргэдээс гараад байгаа юм. Бидний боловсруулсан хуулийн төсөл төр төвтэй буюу хэний ч хяналтаас гадуур байдаг төр засгаас хүн төвтэй буюу хүний хяналтад ордог төр засагтай нийгмийн харилцаа руу шилжих цаг ирлээ гээд 1992 оны Үндсэн хуулийг шинэ Үндсэн хуулиар солих нь хамгийн хурдан, ард түмэнд ашигтай гарц гэж үзсэн
Ч.Өнөрбаяр
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
-Үндсэн хуулийн төгсгөлд “мэдэхтун, сахигтун” гэж үг байдаг. Эхлээд улстөрчид Үндсэн хуулиа мэдэж, судлах хэрэгтэй. Үндсэн хуулиа мэдээгүй, ойлгоогүй байж өөрчилье гэж дайрдгаа болих хэрэгтэй. Улс төрийн намуудын хийсэн алдаа, улстөрчдийн хийсэн алдаанд хэн нэгэн буруутан хайдаг. Эхлээд сөрөг хүчин рүүгээ бурууг наадаг байсан бол буруутан хайж байснаа Үндсэн хууль руу чихэж байна. Нэг хэсэг Ц.Элбэгдорж, С.Баярцогт, С.Баяр, МАНАН бүлэглэлээс буруутан хайдаг байлаа. Нөгөөдүүл нь “гудамжинд” байгаад найман жил болоод явахаа байсан чинь Үндсэн хууль руу чихэж байна. Ардчилсан Үндсэн хуульд алдаа оноо байгаа ч гэсэн энэ 30 жилд хэн нэгэн дарангуйлагчийг төөрүүлсэнгүй. Парламентын засаглалыг бэхжүүлэх ганц хоёр өөрчлөлт хийх ёстой.
Парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн холимог системтэй болох. Өөрөөр өөрчлөх хэрэггүй. Бүтнээр нь өөрчилнө гэдэг улс орноороо тоглох гэж байгаа хэрэг. Жоомоо алах гээд гэрээ шатаадаг шиг байж болохгүй. Үндсэн хуульд бүх ойлголт нь байна. Шинэ Үндсэн хууль гарч ирвэл хөл толгой нь олдохгүй парламент нь хоёр танхимтай болчихсон хэрэлдээд учраа олохоо болиод, Ерөнхийлөгч нь хаанаас нэр дэвших нь ойлгомжгүй юм билээ. Шүүх нь тангарагтны шүүх гээд АНУ-ын зарчмыг авчихсан ч байх шиг. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг энд тэндэхийн баахан юмыг цуглуулсан байсан.
Н.Энхбаяр нарын боловсруулсан Үндсэн хуулийг хууль гэж хэлэхгүй. Энэ бол харьцуулсан судалгааны тайлан.
Үндсэн хууль гэдэг бүхнийг багтаадаг зүйл. Ингэж улсаа самрахаа болих хэрэгтэй. Холбооны улс орны сайн гэснийг түүгээд багцлах нь Үндсэн хууль биш ээ.
Холбоотой мэдээ