Монгол Улсын их сургууль (МУИС)-ийн шинэ номын сангийн байр 2017 оны аравдугаар сарын 5-ны өдөр ашиглалтад орсон билээ. Тус номын сангийн сан хөмрөгт нийт 390,000 ном хэвлэл байдгаас 10,000 тогтмол хэвлэл, 6700 магистрын судалгааны бүтээл, 700 докторын судалгааны бүтээл бий аж. Харин цахим сан хөмрөгт 7400 ном, бүтээл багтдаг байна.
Бид МУИС-ийн оюутны номын сангаас энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ. Өглөөний 09.00 цаг. Эхний цагийн хичээл завсарлах болоогүй тул номын санд цөөн оюутан байлаа.
МУИС-ийн шинэ номын сангийн дөрвөн давхарт байгалийн шинжлэх ухааны салбар сургуульд харъяалагдах номын сан бий. Энд зөвхөн магистрын түвшний оюутнууд байлаа. Уг давхарт багшийн номын сан ч байдаг. Тус давхрын номын санд голдуу хими, физик, математик, электроникийн чиглэлийн номууд байна. Харин гуравдугаар давхарт байгалийн шинжлэх ухааны салбар сургуулийн бакалаврын түвшний оюутнууд чимээ аниргүйхэн сууж хичээлээ хийнэ. Зарим оюутан цэлгэр том цонхноос ямар нэг зүйл ширтэн зогсоно.
Нийгэм, хүмүүнлэгийн салбар сургуулийн харъяа номын сан хоёрдугаар давхарт байрлах бөгөөд харьцангуй олон оюутан суух ажээ. Давхар бүрд оюутны тав тухтай байдлыг бүрэн хангасан буйдан, компьютер, дуу чимээ нэвтрүүлэхгүй сандал ширээ, кафе, амралтын хэсэг гээд бүхий л зүйл харагдлаа. Хэсэг оюутнууд буйдан дээр куртка, цүнхээ дэрлэн унтаж байв. Амралтын өрөөнд мөн оюутнууд шуугилдан, нэгнийхээ ярьсныг сонсон инээлдэнэ.
Дөрөв болон гуравдугаар давхрын номын санд таримал цэцэг их бөгөөд хана болон ширээ сандлын дийлэнх нь ногоон өнгөтэй байсан юм. Харин хоёрдугаар давхарын номын сангийн бүх зүйлс цагаан өнгөтэй байлаа. Оюутнуудын өнгө өнгийн цаасан дээр бичиж наасан талархлын үгс цэлгэр ханыг улам чимжээ.
МУИС-ийн цахим номын сангаар үйлчлүүлэхдээ EBSCO HOST, SPIE, PNAS, SPRINGER зэрэг онлайн сангуудыг ашиглаж, хичээл болон судалгааны бүтээлүүдтэй холбоотой номоо цахимаар унших боломжтой юм. Энэхүү номын сан 2019 онд Монголд анх удаа соёлын салбарт олон улсын ISO:9001 стандартыг нэвтрүүлэн ажилласнаараа онцлог. Мөн нийгэм, хүмүүнлэгийн ухааны уншлагын танхимыг хоёр хувааж ачааллаа бууруулсан байна.
МУИС-ийн номын сан уншигчдаа нэг цэгийн үйлчилгээ, чөлөөт сонголттой уншлагын танхим, цахим уншлагын танхим, ховор номын уншлагын танхимаар үйлчилж ажилладаг талаар номын санч дурдлаа.
Номын сангийн онцлог байдлын талаар номын санч Ч.Мөнхзул хэлэхдээ “Би МУИС-ийн номын санд 1988 оноос хойш ажиллаж байна. Шинэ номын сангийн танхим бүр интернэт орчин, компьютерын үйлчилгээгээр бүрэн хангагдсан. Манай номын сангийн ховор номын уншлагын танхимд Лхагва, Пүрэв гаригуудад төрийн өмчит зургаан сургуулийн оюутнууд ирж үйлчлүүлдэг. Улаанбаатар их сургууль, Худалдаа үйлчилгээний их сургуультай нэгдсэнтэй холбоотойгоор эдгээр сургуулийн суралцагч нар нэвтрэх эрхтэй болсон. Одоогоор 24 цагийн үйлчилгээнд хоёр заал ашиглаж байна.
Оюутнууд голдуу өглөө хичээлтэй байдаг тул номын санд суух хүн харьцангуй бага. Харин үдээс хойш, оройн цагаар оюутнууд ихэсдэг. Номын сан маань хамгийн сүүлийн үеийн технологи дээр суурилсан Коха систем ашиглаж байна. МУИС-д 2022 оны нийт элсэгчээс хөгжлийн бэрхшээлтэй 103 суралцагч бий. Тиймээс номын сангийн ариун цэврийн өрөөнүүд зөвхөн эрэгтэй, эмэгтэй гэсэн ангиллаар биш, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын онцлогт тохирсон ариун цэврийн өрөө ч байдаг” гэлээ.
“БИД ОЮУТНУУДЫН ХҮСЭЛТЭЭР 24 ЦАГААР ҮЙЛЧИЛДЭГ БОЛЖ БАЙНА”
МУИС-ийн номын сангийн үйл ажиллагааны талаар номын сангийн Үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн О.Нарантуяагаас тодрууллаа.
-МУИС-ийн номын сан бусад номын сантай харьцуулахад ямар давуу талтай вэ?
-МУИС-ийн номын сан сан хөмрөгийн хувьд Үндэсний номын сангийн дараа ордог баялаг номын сан юм. Давуу тал нь дотоод цахим сан хөмрөгөөрөө бусад номын сангаас илүү байх. Одоогоор 10,000 номын бүтээлийг өөрсдийн цахим катологидоо байршуулсан байна. Энэхүү бүтээлийг сургуулийн цахим бүртгэлээрээ дамжуулаад, хаанаас ч унших боломжтой. Цар тахлын улмаас цахим номын санг оюутан, багш нар их ашиглах болсон. Бид бүхэн цахим номын сангаа баяжуулах тал дээр хичээн ажиллаж байна. Манай сургуулийн цахим номын сангийн нэг онцлог зохиогчийн эрхийн зөрчилгүй буюу тухайн зохиолчийн зөвшөөрсөн бүтээлээр баяжуулалт хийдэг.
Бид оюутнуудын хүсэлтийн дагуу 2022 оны гуравдугаар сараас эхэлж 24 цагийн үйлчилгээг тогтвортой болгосон. Гэхдээ оюутан залуус амраад орж ирсэн хугацаанаас хойш буюу гурван долоо хоногийн дараагаар уг үйлчилгээг үзүүлдэг. Одоогоор 24 цагийн үйлчилгээ явагдахгүй байна. Учир нь оюутнууд өвлийн амралтаа дуусгаад дөнгөж ирсэн, нэг талаараа бүрэн жигдрээгүй, гуравдугаар сарын 1-ний өдрөөс 24 цагийн үйлчилгээ хэвийн үргэлжилнэ.
-МУИС-ийн номын сан нийт хэдэн номтой вэ?
-400,000 гаруй номтой.
-Өөр сургуулийн оюутан үйлчлүүлж болох уу? Тодорхой хураамжтай юу?
-МУИС-ийн номын сан нийтийн номын сан биш. Зөвхөн МУИС-ийн суралцагч буюу төлбөрөө бүрэн төлсөн оюутнуудад үйлчилдэг. Иймд энэхүү сургуулийн багш болоод бүх түвшний оюутнууд үндсэн уншигч юм. Учир нь МУИС-ийн нийт оюутан 21,000 гэж үзвэл номын сангийн ширээ, сандал энэ тоондоо л нийцэхээр байдаг. Тэгэхээр гаднын уншигч нарт нийтийн номын сан шиг үйлчилдэггүй. Ямар тохиолдолд гаднын уншигчийг нэвтрүүлдэг вэ гэвэл тухайн уншигчийн унших гэсэн бүтээл манайхаас өөр номын санд байхгүй нөхцөлд үйлчлэх эрхтэй болдог. Үүнийг нэмэлт үйлчилгээний журмаар зохицуулдаг. Мөн хамтын зургаан сургуулийн хүрээнд номын сангийн хөтөлбөр явагддаг. Энэхүү хөтөлбөрт тусгагдсаны дагуу Лхагва, Пүрэв гаригт зургаан сургуулийнхаа оюутнуудад үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ бүх заалаар биш, зөвхөн нэг зааланд л үйлчилгээ үзүүлэх журамтай байдаг. Чөлөөт сонголттой зааланд өөрийн сургуулийн цахим системд бүртгэлгүй оюутнуудад үйлчилгээ үзүүлэхээр авсан номоо буцааж өгөлгүй явчихдаг тул чөлөөт зааланд зөвхөн МУИС-ийн оюутан нэвтрэх эрхтэй.
-Хичээл жигдрээд эхлэхээр номын сангаар хэр олон оюутан үйлчлүүлдэг вэ?
-Ачаалал их байдаг шүү. Суудал дүүрчихээр хаана ч хамаагүй суугаад ном унших, хичээлээ хийх тохиолдол бий. Цар тахлын нөхцөл байдлын улмаас суралцагчид сүүлийн хоёр жил цаасан ном гэхээс илүүтэйгээр цахим номын сангаас хэрэгтэй номоо авч унших нь ихэссэн тул ачаалал буурч байна.
“МАНАЙ СУРГУУЛИЙН НОМЫН САН 24 ЦАГИЙН ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ГЭДГЭЭРЭЭ БУСАД НОМЫН САНГААС ОНЦЛОГ”
МУИС-ийн шинэ номын сангийн талаар оюутнуудын сэтгэгдлийг сонслоо.
МУИС-ийн олон улсын харилцааны нийтийн удирдлагын сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан Н.Мөнхжаргал “Манай сургуулийн номын сан 24 цагийн үйлчилгээтэй гэдгээрээ бусад номын сангаас онцлог. Мөн маш их давуу талтай. Тухайлбал, зохион байгуулалт их сайн. Номын сангийн доод давхарт кофе шоп ажилладаг учраас ядарсан үедээ кофе уунгаа амрах боломжоор бүрэн хангагдсан нь таалагдсан. Манай сургуулийн номын сан бидний сурч боловсрох орчныг бүрэн хангадаг. Надад цахим хэлбэрээр ном унших нь үр өгөөжтэй байдаггүй учраас цаасан номонд дуртай. Тиймээс ч номын санд суух нь таатай байдаг. Мөн Япон улсын хөрөнгө оруулалтаар баригдсанаар дэлхийн стандартын шаардлагыг бүрэн хангасан гэж сонсож байсан” гэлээ.
Мөн “Анх их сургуулийн номын санд орж ирэхэд их шинэлэг санагдсан. Манай сургуулийн номын сангаас бусад номын санд багаар болон бүлгээр ярилцах өрөө байдаггүй. Орчин нөхцөл нь ч таалагддаг” гэж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан Ж.Итгэлмөрөн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.
МУИС-ийн байгалийн шинжлэх ухааны салбар сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан Д.Бямба-Очир “Ер нь сэтгэгдэл их өндөр байна. Хичээл ихтэй ядарсан үедээ унтаж болно. Үнэхээр таатай шүү. Ихэнх номын санд хоорондоо ярьж болохгүй бол манай номын сан их чөлөөтэй. Учир нь найз нөхдөөрөө нийлээд, бүлгийн өрөөнд хэдэн ч цагаар хамаагүй сууж болно. Орчин бүрдүүлэлт нь таалагдаж байна” гэв.
МУИС-ийн шинэ номын сан оюутнуудын сэтгэлд ихэд нийцжээ. Заал бүрийн тохижуулалт, өнгөний зохицол, чанар хийцийн хувьд үнэхээр сайн болсон нь илт байлаа.
Г.ХУЛАН
Холбоотой мэдээ