“Урьдчилсан байдлаар охины шарх бугласнаас нас барсан гэсэн”

Хуучирсан мэдээ: 2023.02.07-нд нийтлэгдсэн

“Урьдчилсан байдлаар охины шарх бугласнаас нас барсан гэсэн”

“Урьдчилсан байдлаар охины шарх бугласнаас нас барсан гэсэн”

15 настай охин үе тэнгийн хүүхдүүддээ зодуулж, толгойдоо гэмтэл авч нас барсан байж болзошгүй гэх хэргийн талаар Засаг дарга Э.Болормаагаас тодрууллаа. 


-Ховд аймагт 15 настай охин үе тэнгийнхэндээ зодуулж, толгойдоо гэмтэл авч, харамсалтайгаар нас барсан гэх хэрэг гарсан. Талийгаачийн ар гэрийнхэн гомдолтой байгаагаа орон нутгийн хэвлэлээр дамжуулан хэлж байна. Орон нутгийн удирдлагын зүгээс энэ хэрэгт хэрхэн анхаарлаа хандуулж байна вэ. Ар гэрийнхэнтэй нь уулзсан уу?

-Орон нутгийн удирдлагын зүгээс өнөөдөр талийгаач охины ар гэрийнхэнтэй уулзсан. Бид энэ харамсалтай хэрэгт анхаарал хандуулан ажиллаж байна. Үдээс өмнө цагдаа, эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, прокурорын газар, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Боловсролын газар гэсэн холбогдох байгууллагуудын удирдлагатай уулзсан. Ар гэрийнхэнтэй нь уулзаж, эмгэнэл илэрхийлсэн.

-Ар гэрийн нөхцөл байдал хэр байна вэ. Талийгаач хэнтэй амьдардаг байв?

-Талийгаач охин нагац эгч болон тэдний хүүхдүүдийн хамт амьдардаг байсан. Төрсөн ээж нь хамтран амьдрагч болон гурван хүүхдийн хамт тусдаа амьдардаг.

-Охин дөрвөн удаа эмнэлэгт очиж үзүүлсэн ч эмч нар хайхраагүй гэх мэдээлэл байсан. Цагдаа, эмч нар үнэхээр хугацаа алдаж, хайхрамжгүй хандав уу. Шүүх шинжилгээний эцсийн хариу хэзээ гарах вэ?

-Талийгаач охин нэгдүгээр сарын 12-нд толгойн гэмтлийн улмаас эмнэлэгт очиж, яаралтай тусламж авсан. Тэгээд маргааш нь бас эмнэлэгт очиж боолт шинээр тавиулсан. Үүнээс хоёр долоо хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 27-нд дахин очсон. Мөн нэгдүгээр сарын 28-ны орой эмнэлэгт очиж, тусламж авсан боловч харамсалтайгаар нас барсан. Охин нийт дөрвөн удаа эмнэлэгт хандсан нь үнэн.

Одоогоор шүүх шинжилгээний эцсийн дүгнэлт гараагүй байна. Яг юунаас болж талийгаач охин нас барсан гэдгийг бүрэн тогтоогоогүй.

Урьдчилсан байдлаар талийгаач охины гавлын яс хугаралгүй, тархины голомтод өөрчлөлтгүй, толгойн оройн хэсэгт үүссэн 3:1 см хэмжээтэй язарсан шархтай байсан. Уг шарх нь бохирдож, бугласнаас шалтгаалан тархины идээд үрэвсэл үүсч, нас барсан байх магадлалтай гэх мэдээллийг шүүх эмнэлгийн байгууллагаас өгсөн.

Бид өнөөдөр талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзахад охин нэгдүгээр сарын 12-нд толгойн шархандаа оёдол тавиулж, нэгдүгээр сарын 13-нд шинээр боолт хийлгэсэн боловч нэгдүгээр сарын 27-н хүртэл шархны боолтоо огт шинэчлээгүй гэсэн. Мэдээж энэ бол урьдчилсан мэдээлэл. Тэглээ гээд энэ бүхэн талийгаач охины буруу биш. Энэ бол томчуудын буруу. Орон нутгийн холбогдох байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай гэдэг нь зөвхөн энэ хэргээс харагдаж байна. Хүүхэд хамгааллын ажилд томчууд бид анхаарах шаардлагатай.

-Талийгаач охины найзаас нэр бүхий цагдаа нар аман байцаалт авахдаа асран хамгаалагчгүйгээр, ёс бус үг хэрэглэж авсан, сүрдүүлж айлгасан гэсэн. Энэ талаар холбогдох албаныхантай уулзсан уу. Үнэн бол хариуцлага тооцох уу?

-Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулсан. Цагдаа, прокурорын хамтарсан баг энэ хэрэг дээр ажиллаж байгаа. Шалгалтууд явагдаж байгаа.

Одоо тодорхой тогтоогдсон зүйл байхгүй учир ажлаа гүйцэтгэж цагдаа нарыг шууд буруутгах аргагүй. Харин үүн дээр гэм буруу тогтоогдвол хуулийн дагуу хариуцлагын асуудал яригдана.

-Талийгаач өмнө нь ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд суралцаж байгаад насан туршийн боловсролын төвд шилжин ирсэн гэж үнэн үү. Ар гэрийн анхаарал ямар байсан бэ?

-Охин аймгийн ерөнхий боловсролын зургадугаар сургуульд суралцаж байгаад насан туршийн боловсролын төвд шилжиж ирсэн нь үнэн. Тухайн гэр бүл нь орон нутгийн Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газрын хяналтад байдаг, бүртгэлтэй байсан.

Охин зургадугаар сургуульд сурч байхдаа завсардсан учраас насан туршийн боловсролын төв рүү шилжсэн юм билээ. Дэлгэрэнгүй ар гэрийн байдал, анхаарал халамж ярих нь зохисгүй байх.

-Талийгаач охиныг зодсон гэх дөрвөн хүүхдийг олж, уулзсан уу. Сургуулийн орчны хүчирхийлэл юм биш үү?

-Одоогоор талийгаач охиныг зодсон гэх зүйл тогтоогдоогүй байна. Цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтыг хийж байна. Сургуулийн орчинд байдаг хоёр камерыг шүүхэд охиныг зодсон байж болзошгүй бичлэг олдоогүй.

Хуулийн байгууллагын шалгалтаар илүү тодорхой болох байх. Шалгалтаар тогтоогоогүй учраас сургуулийн орчны хүчирхийлэл гэж шууд хэлэх боломжгүй.

-Орон нутгийн удирдлагын зүгээс талийгаачийн ар гэрт тусламж үзүүлэх үү?

-Хуулийн хүрээнд бид ар гэрт нь өмгөөлөгчөөр хангах дэмжлэг үзүүлж байгаа. Бид орон нутагт журмын дагуу насанд хүрээгүй хүүхдийн хамгааллын чиглэлээр өмгөөллийн ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.

Цаашдаа ямар ч айлын хүүхдэд ийм харамсалтай явдал тохиолдохгүй байх үүднээс бид хичээн ажиллана гэдгээ ар гэрт нь илэрхийлсэн. Бидний туйлын зорилго цаашид дахин ганц ч ийм хэрэг бүү тохиолдог.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж