Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнгөрсөн долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн яам /ХЗДХЯ/-нд Хөгжлийн банкны хэрэгт холбогдогчдыг шүүх хүсэлт ирүүлсэн талаар сайд Х.Нямбаатар мэдээлсэн. Тодруулбал, нийт 87 оролцогчтой хэргийг шүүн хэлэлцэх шүүх хуралдааны танхимыг Засгийн газраас шийдвэрлэж өгөх хүсэлт хүргүүлээд буй. Тиймээс ХЗДХ-ийн сайд НЗДТГ-т хүсэлт тавьж, Улаанбаатар чуулгын байранд тус шүүх хуралдааныг явуулах боломж нөхцөлөөр хангаж өгөхийг хүсчээ. Нийслэлийн Прокурорын газраас шүүхэд ирүүлсэн “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэгдүгээр сарын 25-нд хүлээн авч, хуульд заасан журмын дагуу тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа аж.
Прокуророос одоогийн байдлаар 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд хүргүүлжээ. Хөгжлийн банкны хэрэгт улстөрчид мөн нэр холбогдсон.
Тодруулбал, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт ХҮН намын дарга асан Б.Найдалаа, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын нэр холбогдоод буй. Мөн улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүй хөрөнгөжих, хахууль авах гэмт хэрэгт тус тус холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн нэрийг шүүхээс зарласан.
УЛСТӨРЧДИЙН ЦУВААНД НӨЛӨӨ БҮХИЙ ХҮМҮҮС БАГТЖЭЭ
Хөгжлийн банкны хэрэгт улстөрчдөөс гадна хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгосон, авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан зэрэг нөлөө бүхий хүмүүс холбогдсон. Тухайлбал, хахууль авах гэмт хэрэгт Ж.Батзандангийн ах, Зам тээврийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнэ, Л.Аззаяа, Б.Даажамба, Ж.Ганхуяг, Н.Сүхболд, Ц.Баярсайхан нар. Мөн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт Б.Махбал, Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тэргүүн дэд дарга асан Б.Шинэбаатар, Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр нар холбогдогчоор татагдаад буй юм.
Үүнээс гадна нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах, мөнгө угаах гэмт хэрэгт “Бэрэн” группийн захирал Б.Мөнхтөр, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, мөнгө угаах, хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэргийн холбогдогчоор Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Г.Байгалмаа нар татагдсан.
Дээрх хүмүүсээс гадна Ц.Билгүүн, Д.Уянга, Т.Оюунчимэг, Б.Чинзориг, Т.Мөнхтулга, Т.Пүрэвсүрэн, Ч.Цоожсүрэн, С.Батзориг, А.Хүчитбаатар, Г.Гантогтох, Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Будхүү, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Ж.Оюунчимэг, Б.Амгалан, О.Батбаатар, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвгэ, Г.Одонтуул, Б.Батзаяа, Н.Баярчимэг, О.Хуягцогт, Б.Цолмон, Д.Даваасамбуу, Н.Мөнхбат нарыг хэрэгт холбогдогчоор татаад байгаа юм.
Хаахууль өгөх гэмт хэрэгт холбогдуулан Б.Чойжилжалбуу, Э.Эрдэнэ, Х.Баттулга, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан Д.Батбаяр, Г.Цолмон нарыг урьдчилсан хэлэлцүүлэгт оруулна.
Эдгээрээс гадна гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн дүү Ё.Доржсумъяа, Б.Цэрэндаваа, Ц.Цэвэгмэд, М.Цэлмэг, Б.Баттөр, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдуулан Ц.Баатарбилэг, Б.Батбаатар, Ч.Өлзий, Л.Ням-Очир, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, “мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан Ш.Бүтэд, Г.Санжмятав, Г.Батдорж, Г.Галсанням, П.Мягмардорж, Ц.Ууганбаяр, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэгт Т.Болдмаа, санхүүгийн баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэгт Ц.Содхүү, Я.Батцэцэг, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөнгө угаах, нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэгт тус тус холбогдуулан О.Баяр нарыг шүүх хуралд оролцуулах аж.
“ХӨГЖЛИЙН БАНК”-НЫ ХЭРЭГТ 4 КОМПАНИЙН НЭР ХОЛБОГДЖЭЭ
Улстөрчид, нөлөө бүхий хүмүүсээс гадна “Хөгжлийн банк”-ны хэрэгт компаниуд ч нэр холбогдсон. Тодруулбал, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогдуулан /2860597 регистрийн дугаартай/ “НВЦ” ХХК, /4261097 регистрийн дугаартай/ “Ганхүдэр Орд” ХХК, хахууль өгөх гэмт хэрэгт холбогдуулан /2036754 регистрийн дугаартай/ “Инжир” ХХК, /4249305 регистрийн дугаартай/ “Хааны Харгуй” ХХК.
Шүүхээс, яллагдагч нарын өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг энэ сарын 15-ны 09:00 цагт хийхээр товлон зарлаж, одоогоор хэргийн оролцогчдод шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдэж дууссан байна.
Урьдчилсан байдлаар уг хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээд, прокурор зургаа, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч хоёр, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцох аж.
Холбоотой мэдээ