“IHC Esports” багийн Польш дахь гайхалтай аялал, үнсгэлжингийн үлгэр амар сайхандаа жаргаж, монголчууд төдийгүй тив дэлхий баярлав. Дэлхийн чансааны гуравдугаарт эрэмбэтэй Америкийн “FaZe Clan”-д хожигдсоныхоо дараа Б.Тэнгис /sk0R/ ярилцлага өгсөн. Тэрбээр “Энэ бүхэн надад болон манай багийнхан, манай улсад их утга учиртай. Бид үнэхээр сайн өрсөлдөөнийг үзүүллээ. Бидэнд сурах, сайжруулах зүйлс их байна. Багийнхандаа болон фэнүүддээ баярлалаа” гэжээ.
Ази тивдээ дийлдэх нь ховор болсон “IHC Esports” Катовице хотноо эхлээд “Cloud9”-тай учраа таарч, ялагдал хүлээсэн. Улмаар хожигдох эрхгүй тоглолтыг Бразилын “paiN” болон дэлхийн чансааны есдүгээрт эрэмбэтэй “FURIA”-тай хийж, тус бүр 2-0 гэсэн харьцаатай хожин, үндсэн шатныхаа эрхийг авчээ.
“FURIA”-г хожсон тоглолтын дараа олон улсын тайбарлагчид, аналистууд, мэргэжлийн тоглогчид монгол залуусын талаар шуугилдаж эхлэв.
Харамсалтай нь, үндсэн шатны эхний тоглолтдоо алдарт “Liquid”-д ялагдаж, доод хэсэгт “Cloud9”-тайгаа дахин таарав. Ер нь “IHC Esports”-ийн аялал энд хүрээд өндөрлөлөө гэж олон хүн бодсон байх. Хоёр багийн эхний учраа “Mirage” дээр болоход 16-5 гэсэн харьцаатай Оросын баг ялж байлаа. Энэ ч утгаараа, чансаагаараа фаворит нь “Cloud9” байсан юм.
Монгол залуучууд ч дэлхийн топ “FURIA”-г ялсан сэтгэл зүй, арга барилаараа “Cloud9”-ийг “Inferno” болон “Mirage” дээр илүүрхэн цааш шалгарсан. Украины “Navi”-аас эхлээд “cadiaN”, “karrigan” тэргүүтэй баг тамирчид тэдний талаар жиргэж, “karrigan” багийнхаа хамтаар “IHC”-ийн эсрэг тоглоно гэхээс сэтгэл нь хөдөлж буйгаа илэрхийлэв.
Дашрамд дурдахад, "IHC Esports" баг 9-12 дугаарт эзэлсэн амжилтаараа 16 мянган ам.долларын эзэд болоод зогсохгүй дэлхийн чансаанд байр ахиж, 21 дүгээрт бичигдэж эхэллээ.
“Cloud9”-ийг хожиход Bart4k буюу Б.Баатархүүгийн тоглолт магтмаар байсан. Өдгөө 18 настай тэрбээр “IHC”-ийн сэлгээний тамирчин бөгөөд Б.Бат-Энх/kabal/ саяхан аав болсон учир багийнхаа хамтаар Польшийг зорьж чадаагүй. Ийм учир Б.Баатархүү түүнийг орлон тоглосон. Эхэндээ ч шүүмжлэлд их өртсөн ч сүүлдээ учраа олж, багаа ялалт байгуулахад чухал буудалтуудыг хийсэн билээ.
“IHC Esports”-ийн дундаж нас 22.2 бөгөөд хамгийн ахмад нь 27 настай Б.Бат-Энх бол хамгийн залуу нь 17 настай М.Содбаяр/Techno/. Мөн тэд яг энэ бүрэлдэхүүнээрээ баг болоод ердөө долоон сарын хугацааг үдэж буй. Гэтэл аль хэдийнэ Ази тивийн номер нэг баг болжээ. Тэд тогтмол томоохон тэмцээнүүдэд оролцож, бага багаар туршлага сууж байгаа нь харагдсан.
IHC багийн бүрэлдэхүүн:
- Б.Гарьдмагнай /bLitz/
- Б.Бат-Энх /kabal/
- Б.Баатархүү /Bart4k/
- Н.Түвшинтөгс /ANNIHILATION/
- М.Содбаяр /Techno4K/
- Б.Тэнгис /sk0R/
- Дасгалжуулагч Э.Баянбат /maaRaa/
IHC Esports-ийн дараагийн том тэмцээн ирэх хоёрдугаар сарын 22-нд Мальта улсад эхлэх 850 мянган ам.долларын шагналын сантай “ESL Pro League”. Эхний тоглолтоо Оросын шилдэг хуучнаар “Virtus.pro” буюу “Outsiders”-ийн эсрэг хийнэ.
Холбоотой мэдээ