Турк руу аврах баг илгээе!

Хуучирсан мэдээ: 2023.02.07-нд нийтлэгдсэн

Турк руу аврах баг илгээе!

Турк руу аврах баг илгээе!

Монголчууд зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн амиа алдаж, олон мянган хүн ор сураггүй болсонд дэлхий нийтээр эмгэнэн гашуудаж байна. Байгалийн гамшиг хэлж ирдэггүй. Тиймээс Туркийн ард түмний зовлон шаналлыг хуваалцах нь нөхрийн ёс. Дипломат харилцаатай улс орнуудын хувьд тусламж үзүүлэх цаг.

Байгалийн гамшиг өртсөн Туркийн ард түмний зовлонг хуваалцаж, АНУ, Япон, Израйль, Ирак, Катар, Украйн, ОХУ, БНСУ, Их Британи зэрэг 40 гаруй улс аврах багаа илгээжээ. Энэхүү газар хөдлөлт нь  тус улсад 1939 оноос хойш тохиож буй  хамгийн том гамшиг гэдгийг CNN агентлаг мэдэгдсэн. Нас барагсдын тоо 4300 хүрч, сүйдсэн барилга байшингийн тоо 6000 хол давав. Энэ бол албан бус тоо.

Хэдийгээр нуранги дороос 7840 хүнийг аварсан гэж тус улсын аврах баг мэдэгдээд байгаа ч цаашид нурангид өртөж эвдэрсэн байгууламж, эндсэн хүний тоо өсөхийг ч мөн анхааруулсан. Сүүлийн үеийн мэдээллээс харвал Турк улсад 14483 хүн гэмтэж бэртсэн бол Сири улсад 2000 гаруй хүн шархадсан. Дэлхийн улс орнууд газар хөдлөлтөд өртсөн Сири болон Турк руу аврах багаас гадна анхны тусламжийн хайрцаг, түлш, майхан, хоол хүнс, ус зэргийг Сири, Турк руу илгээхээ амлаад буй.

Тэгвэл Монгол Улс энэ хэцүү үед Туркийн ард түмэнд нөхрийн чанараа харуулах ёстой. Нэг талаар Монголын аврагчдад том туршлага болно. Нөгөө талаар Монгол Улс гадаад бодлогын хувьд сайн нөхрийн чанараа таниулна.

Цар тахал нүүрлэж, урдаа хилийн хоригтой, хойноо дайн байлдаантай байгаа Монгол Улс сүүлийн жилүүдэд Турк руу ажиллаж, амьдарч, аялж, сурч, боловсорч, эрүүл мэндийн үйлчилгээ авах болсон. Үүнийгээ бодсон ч монголчууд авралын гараа сунгах шаардлагатай.  Монголчууд аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг.

Засгийн газрын зүгээс Туркэд үзүүлэх тусламжийг асуудлыг хэлэлцэж байгаа юм.

ГХЯ, ЭСЯ ТУС БҮСЭД БАЙГАА 2 МОНГОЛ ИРГЭНТЭЙ ХОЛБООТОЙ БАЙГАА ГЭВ

Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр газар хөдлөлт болсон бүс нутагт Монгол Улсын хоёр иргэн байгаа бөгөөд Анкара дахь ЭСЯ-наас иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж байгааг мэдээлэв. Газар хөдлөлтийн улмаас дээрх иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учраагүй байгааг мөн онцоллоо. БНТУ-д нийт 6000 орчим монгол иргэн оршин сууж байгаагаас оюутан 290, 0-16 насны хүүхэд 150, бусад нь ажил хөдөлмөр эрхэлж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2003 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр “Олон улсын түвшинд хотын эрэн хайх, авран туслах чадавхыг дэмжиж, бодит үр дүнг нэмэгдүүлэх, зохицуулалтыг сайжруулах” тухай 57/150 дугаар тогтоолыг гаргасан байдаг. Уг тогтоолд аливаа томоохон гамшиг тохиолдсон үед эрэн хайх, аврах олон улсын багуудыг тухайн нэрвэгдсэн улс оронд ирүүлэх, хилээр нэвтрэх, байрлах, ажиллагааг зохион байгуулах, удирдах, түргэвчилсэн хүмүүнлэгийн хэрэгцээний үнэлгээ хийх, голомтод хариу арга хэмжээг үндэсний багуудтай хамтран зохион байгуулах зохицуулалтыг оновчтой зохион байгуулж, багуудын техник хэрэгсэл, аврах ажиллагаанд ашиглах холбооны хэрэгсэл, эрэлч нохойг гаалийн хяналтаар нэвтрүүлэх, олон улсын болон үндэсний дүрэм журмуудын уялдааг сайжруулах тухай шийдвэрүүдийг тусгасан юм.

Мөн олон улс хоорондоо аврах баг илгээх тухай ч тусгасан байдаг.

Түүнчлэн НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийг анх 1985 онд Мексик, 1988 онд Армен Улсад тохиолдсон томоохон газар хөдлөлтөөс сургамж авч, газар хөдлөлтийн үед нэрвэгдсэн улсуудын хот сууринд эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, ингэхдээ стандарт хангасан эрэн хайх аврах олон улсын түвшний багуудыг бэлтгэх зорилгоор байгуулсан түүхтэй. Зөвлөлдөх бүлэг нь НҮБ-ын Хүмүүнлэгийн хэргийг зохицуулах албаны Гамшгийн хариу арга хэмжээг дэмжих салбарын Голомт дахь хариу арга хэмжээг зохицуулах газарт харьяалагддаг бөгөөд өнөөдрийн байдлаар Ази, Номхон далайн бүсийн 90 гаруй улс орныг эгнээндээ нэгтгэсэн үйл ажиллагаа явуулж, дэлхий дахинд дунд түвшний бэлтгэгдсэн 22 эрэн хайх, аврах олон улсын баг, хүнд түвшний 35 багийг байгуулж итгэмжилсэн байдаг. Монгол Улсын аврах баг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд бүхий л шаардлагатай тусламжийг мэргэжлийн өндөр түвшинд багийн үзүүлэлтээр гүйцэтгэдэг байна. Тиймээс Монгол Улс сайн хөршийн харилцаагаа Турк улсад бататгах нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж