НЭМЭЛТ: 16.55 цаг
Улсын онцгой комиссоос Турк болон Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, Турк улсад аврах баг явуулах эсэх асуудлаар санал солилцож, Турк улсын Элчин сайдын яаманд хүсэлт хүргүүлсэн. Тодруулбал, Турк улсад 35 хүний бүрэлдэхүүнтэй тусламжийн баг болон хүмүүнлэгийн тусламж, Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүсэлтүүдээ хүргүүлснийг хүлээж авсан байна.
Тиймээс одоо Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, ямар тусламж үзүүлэх, тусламжийн багийн бүрэлдэхүүн, зардал зэргийг шийдвэрлэх гэж байна.
35 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ БАГИЙГ ТУРК РУУ ИЛГЭЭХ САНАЛ ХҮРГҮҮЛЖЭЭ
НЭМЭЛТ: 15.27 цаг
Улсын онцгой комиссоос эхний ээлжид хүмүүнлэгийн тусламж маргааш илгээхээ мэдэгдлээ. Мөн 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагч аврах анги мөн бараа бүтээгдэхүүн Турк руу хүргүүлэх саналаа Туркийн элчин сайдын яаманд хүргүүлээд байна.
Бүгд найрамдах Турк улсад болсон газар хөдлөлттэй холбогдуулан өнөөдөр /2023.02.07/ Гадаад харилцааны яамны удирдлагууд шуурхай хуралдаан хийсэн байна. Тус хуралдаанаар Турк улсад шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх асуудлаар санал боловсруулж Улсын онцгой комисс болон Шадар сайд С.Амарсайханд танилцуулжээ.
Газар хөдлөлт болсон бүс нутагт Монгол Улсын хоёр иргэн байгаа бөгөөд Анкара дахь ЭСЯ-наас иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж байгааг ГХЯ-наас мэдээлэв.
Газар хөдлөлтийн улмаас дээрх иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учраагүй байгааг мөн онцоллоо. БНТУ-д нийт 6000 орчим монгол иргэн оршин сууж байгаагаас оюутан 290, 0-16 насны хүүхэд 150, бусад нь ажил хөдөлмөр эрхэлж байна.
Турк улсын ЭСЯ-наас өнөөдөр мөн холбогдох мэдээллийн талаар дэлгэрэнгүй танилцуулна гэдгийг мэдээллээ.
Холбоотой мэдээ