Хуучирсан мэдээ: 2023.02.07-нд нийтлэгдсэн

76:1
Төрийн заргач

NEWS агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж сонгогдсон Хишгээгийн Нямбаатарыг танилцуулж байна.


Засгийн газрын хамаг л болж бүтэхгүй, хэл амтай ажлыг гардаж, галыг нь хаан, заргачаараа алдаршаад буй хүн бол УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар юм. Намынхантайгаа ч, “дайсныхан”-тай ч заргалдах ажил түүний толгой дээр л буудаг.  Тухайлбал,  Л.Оюун-Эрдэнийн танхим байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн далд уурхайн гэрээг сайжруулахаар болж, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж эхэлтэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хилийн чанадаас захидал илгээж, ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг даруулгатай байхыг анхааруулсан удаатай. Харин эл асуудалд сайд Х.Нямбаатар дуугүй суусангүй, “Далд уурхай гэдэг энэ их өндөр өртөгтэй төслийг зээлийн санхүүжилтээр хийхийг зөвшөөрсөн нь Монголыг хорлосон. Төслийн санхүүжилтийн зээлийн хүү нь лайбор дээр нэмэх нь 6.5 хувь. 6.5 дээр нэмэх нь Лондоны төв банкны жигнэсэн дундаж хүү 1.5 гэж үзэхэд найман хувь. Үүн дээр 1.9-ийг нэмэхээр 9.9 хувийн хүүтэй мөнгөөр энэ том төслийг санхүүжүүлэх зөвшөөрлийг олгосон. Энэ бол бараг ломбардын хүү… Иргэн Ч.Сайханбилэгт хэлэхэд харийн нутгаас харийн компанийн PR маркетинг хийж суухаар Монголдоо ирж энэ төслийг өгөөжтэй болгоход илүү их сэтгэлээ чилээх хэрэгтэй” гэж хариу тайлбар хийж үзэлцэж байв.

Засгийн газрын хөрөнгө оруулагч талтай хийсэн дээрх хэлэлцээр амжилттай болсноор далд уурхайн төслийн гэрээг сайжруулсан юм.

Дараа нь Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн Монголын хууль хяналтын байгууллагуудыг удирдаж байсан хүмүүсийн нэрийг зарлах ажлыг тэр мөн гардаж,  гал нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дээр буусан. Гэсэн ч бууж өгсөнгүй, “Монголд Ерөнхий прокурор нь, Тагнуулын дарга нь гадны хүн дээрэмдээд, хөөгөөд гаргадаг энэ тогтолцоог манай ах нар бидэнд өвлүүлж үлдээсэн” гэж хэлээд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ц.Нямдоржийн уурыг малтсан удаатай.

Угаасаа ч тэрбээр сайд асан Ц.Нямдоржтой нэг танхимд багтахаасаа өмнө буюу 2019 онд Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс болж, хонь, чоно болсон байсан гэхэд хэтрүүлсэн болохгүй.

Учир нь, УИХ-аар дээрх хуульд өөрчлөлт оруулах явцад эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгосноос Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан МАН-ын гишүүнчлэлтэй олон хулгайч ял завшсан. Сайд асан Ц.Нямдорж “Хуулийн энэхүү хулгайг Х.Нямбаатар хийсэн” гэж буруутгаж ирсэн бол Х.Нямбаатар “Ц.Нямдорж гүтгэж байна” гэж тайлбарласан юм.  Эцэстээ хоёр өштөн Засгийн газрын танхимд багталцаж суухаас аргагүй болцгоож, сайдын сэнтийд суусан ч дайсагналцал зогсоогүй, сайд Х.Нямбаатар “Зангуу гэж үг монгол хэлэнд олон утга илэрхийлдэг. Хөгжилд зангуу болдог хүмүүсийн үйлдлийг тайлбар тольд оруулмаар юм. Тэтгэвэртээ гараад ач зээ нартайгаа налайж байхын оронд Засгийн ажилд зангуу болоод хэцүү юм” гэж сошиалаар жиргэсэн нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид хаягласан” үг гэж ойлгогдсон. Удалгүй сайд Ц.Нямдорж ч чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, Засгийн газраас явсан юм.

Одоо харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын шуугиулж буй дуулиантай зарга бол Мета компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Ченийг ажлаас чөлөөлүүлэх өргөдөл илгээх тухай юм.

Мета” компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен өөрийн цахим хуудастаа "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь хүний үндсэн эрх, монголчуудын хувьд ч ижил” гэж Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуультай холбоотойгоор байр сууриа илэрхийлсэн нь заргач сайдыг гомдол мэдүүлэхэд хүргэсэн байдаг. Гэхдээ олон нийт эл асуудалд сайд Х.Нямбаатарыг буруутгаж буй бөгөөд хөлөө хөнгөнөөс өглөө гэж шүүмжцлэх хэсэг ч бий. Харин сайд Х.Нямбаатарын хувьд туурга тусгаар улсын дотоод хэрэгт Мета компани оролцох ёсгүй гэж үзэж буй.

Ер нь тэрбээр иргэнтэйгээ ч зарга үүсгэн, шүүхдэлцдэг нэгэн гэж хэлж болно. Учир юу вэ гэвэл жүжигчин Б.Навчааг алдар хүндэд халдсан гэх гомдол гаргаж, шүүхэд өгч байв.

Нүүрсний хулгайч нарт хариуцлага тооцохыг шаардсан жагсаал өнгөрсөн оны сүүлээр Сүхбаатарын талбайд болж, жүжигчин У.Цогтбаяр гол дүрд тоглох үед сайд Х.Нямбаатарыг ард нь байгаа гэх дуулиан дэгдсэн. Учир нь, Х.Нямбаатар 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд У.Цогтбаяр дэмжиж, сурталчилгааг нь хийсэн байдаг. Хэн, хэн нь энэ асуудлыг хүлээн зөвшөөрсөн төдийгүй дэмжиж ажилласныхаа хөлсөнд 100 сая төгрөг авснаа У.Цогтбаяр хүлээн зөвшөөрсөн. Энэ асуудлыг дагаад тэр их мөнгийг нэр дэвшигч хаанаас босгов гэдэг асуудал хөндөгдсөн юм. Харин сайд Х.Нямбаатар “Би тэр мөнгийг өгөөгүй. Гадаадад урлагийн чиглэлээр ажиллаж, амьдардаг үеэлүүд маань “жүжигчин Цогтоо, Жижгээ хоёрыг хоёр гурван уулзалтанд оруулж, таны сонгуулийг дэмжье гэж. цуг орсон. Хэдэн төгрөг өгсөн бэ гэж би тэднээс асуугаагүй. Нэг зүйлийг хэлэхэд Цогтоогүй ч үүр цайна, Цогтоотой ч үүр цайна ш дээ. Би хоёр удаа сонгуульд оролцсон. 2020 оны сонгуулиар надтай өрсөлдсөн Ардчилсан намын нэр дэвшигчээс би 23 мянгаар илүү санал авсан. Үүнд урлагийн соёлынхоор дэмжүүлээд байх нээх хэрэгцээ байгаагүй” гэж тайлбар хийж, дуулиант асуудлыг улам дэвэргэж байв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хувьд УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Хэнтий аймгийн угшил нь түүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын алба хаших хэмжээнд хүргэсэн гэх нь бий.

Гэхдээ Орхон их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөн, багшаар ажлын гараагаа эхлүүлж байсан залууг Хууль зүй, дотоод хэргийн сайд болтол өөд татахад нутгийн угшлаас гадна төрөл садны холбоо нөлөөлсөн тухай яриа ч байдаг. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Х.Нямбаатар сайдыг хамаатнууд гэж үзэх нь бий. Гэхдээ хэн, хэн нь энэ яриаг үгүйсгэж ирсэн.

Одоо тэдний хувьд нүүрсний хулгайтай хийх тэмцлээ дуусгаж чадах эсэх нь сорилт болоод байна. Учир нь, нам доторх авлига хээл хахуультай тэмцэхээ илэрхийлж, Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж явсан анд нөхөр Т.Аюурсайхан нь нүүрсний хулгайн хэргээр яллагдагчаар татагдсан. Яллагдагчаар татагдсан бичигтэйгээ ч биечлэн танилцсан байдаг. Тэрбээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээсээ түдгэлзэх хүсэлт гаргасан. Эл хүсэлтийг нь эрх баригчид хүлээн авч, хууль хяналтын байгууллагаар шалгуулах боломжийг олгож чадах эсэх нь танхимын хувь заяатай ч холбогдож мэдэхээр байгаа ч Засгийн газрын хувьд нэр төрөө авч үлдэх боломж юм.

УИХ-д Сонгинохайрхан дүүргийг төлөөлөн сонгогдсон Х.Нямбаатарын хувьд сүүлийн жилүүдэд тойрогт тавих анхаарал нь суларсан гэдэг санал шүүмжлэлийг сонгогчдоос нь хаяглах болсон. Хэдий тийм ч Улаанчулуут зэрэг нийгмийн эмзэг бүлгийнхэн амьдардаг, хэн ч тоож ханддаггүй байсан захын гэр хороололд сургууль, цэцэрлэг бариулахаас эхлээд зам, дэд бүтэц татах ажлыг хийлгүүлсэн нь бусад тойргийнхонтой харьцуулахад давуу. Хэдий тийм ч Сонгинохайрхан дүүргийг бусад дүүрэгтэй харьцуулахад ядуурал, ажилгүйдлээрээ тэргүүлсэн, хамгийн их агаар, хөрсний бохирдолтой бүс хэвээр байна. Энэ асуудлаас гаргах гарц нь иргэдээ ажилтай, орлоготой, орлогод нь нийцсэн орон сууцны хороолол олныг барьж, гэр хорооллыг өөд татах нь тулгамдсан асуудал гэж хэлж болно.

Гэвч сайд Х.Нямбаатарын хувьд их зарга, нүүрс зэрэг хулгайтайгаа тэмцэхийн хажуугаар Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Казиногийн тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүдийг УИХ-аар батлуулах том ажлууд хүлээгдэж байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1996 онд 48 дугаар дунд сургууль
  • 2000 онд Орхон их сургууль, эрх зүйч /Бакалавр/
  • 2002 онд Орхон их сургууль, Боловсрол судлалын магистр
  • 2008 онд Цагдаагийн академи, /Хууль сахиулахын Их сургууль/ Хууль зүйн ухааны магистр
  • 2012 онд Удирдлагын Академи, Төрийн удирдлагын докторант
  • 2017 онд Хууль сахиулахын Их сургууль, Хууль зүйн ухааны докторант

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2000-2007 онд Орхон их сургуульд багш
  • 2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч
  • 2009 онд Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх
  • 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
  • 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын дарга
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

ШАГНАЛ

  • 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
  • 2011 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж