“Вагнер” бүлэглэлийн тэргүүн Евгений Пригожин өчигдөр /2023.02.06/ Украины ерөнхийлөгч Зеленскийг агаарын тулаанд уриалан дуудсан бичлэгээ нийтэлжээ. Тэр энэхүү бичлэгээ цэргийн онгоцны бүхээг дотроос хийсэн. Энэ нь Су-24 бөмбөгдөгч онгоц байсан гэж Пригожиний хэвлэлийн алба мэдэгдлээ.
“Володимир Александрович, бид газардлаа. Бид Бахмутыг бөмбөгдлөө. Маргааш би МиГ-29 нисгэнэ. Хэрэв хүсвэл тэнгэрт уулзацгаая. Та ялбал Бахмутыг ав. Үгүй бол бид Днепр хүртэл урагшилна” гэж тэр бичлэгээрээ дамжуулан хэлжээ.
Пригожин сүүлийн үед хэд хэдэн цуврал мэдэгдэлийг бичлэгээр хүргэсэн. Тэр бичлэгүүдээрээ дамжуулан өөрийгөө болон “Вагнер”-ын армийг Украин дахь Оросын цэргийн ажиллагааг удирдаж байгаа гэж сурталчилдаг. Зеленскийг дуэльд дуудсан нь түүний сүүлийн бичлэг болж байна. Пригожин өнгөрсөн есдүгээр сард өөрийгөө “Вагнер”-ын үүсгэн байгуулагч гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэр цагаас хойш тэр өөрийнхөө болон дайчдынхаа нэр хүндийг өсгөж, Украин дахь Оросын зэвсэгт хүчний бүтэлгүйтлийг шүүмжлэх болсон юм.
АНУ-ын тооцоолсноор Украинд “Вагнер”-ын 50 мянга орчим цэрэг байна. Үүний 10 мянга нь гэрээт цэрэг бол 40 мянга нь ялтан ажээ. АНУ өнгөрсөн сард “Вагнер” бүлэглэлийг үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага гэж нэрлээд, хориг арга хэмжээ авахаа зарласан.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ