СОНСГОЛ: "Чингис болон бусад бонд босгож, Монгол Улсаа аварсан"

Хуучирсан мэдээ: 2023.02.07-нд нийтлэгдсэн

LiveСОНСГОЛ: "Чингис болон бусад бонд босгож, Монгол Улсаа аварсан"

СОНСГОЛ: "Чингис болон бусад бонд босгож, Монгол Улсаа аварсан"
15 : 17
2023-2-7

Нийт 1,494,100.00 доллар төлж, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн өр хаагдсан

"Монголын хөрөнгийн бирж" – Төслийн санхүүжилт, төлбөрийн нэхэмжлэл

-"Ажлын мастер гэрээ"-ний дагуу Лондонгийн хөрөнгийн бирж" группээс ирүүлсэн MISCI000389-NISCI000393 болон TECHI00007 дугаартай нэхэмжлэлүүдийн төлбөрт нийт 1,494,100.00 ам.доллар төлснөөр "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн өр хаагдсан.

-Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуулийн дагуу "Монголын хөрөнгийн бирж" ТӨХ-д улсын төсвөөс олгох санхүүжилт, МУХБ-наас олгосон зээл, хүүгийн төлбөрийн нийт үлдэгдлийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тооцоо нийлснээр компанийн санхүүгийн тайланд тусгасан байна.

“Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны өнөөдөр /2023.02.07/-ийн сонсгол өндөрлөлөө. Сонсгол маргааш үргэлжилнэ.

14 : 47
2023-2-7

Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол үргэлжилж байна

Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаарх танилцуулга үргэлжилж байна.

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль"-ийн 3 дугаар хавсралтын iv.147 дахь жагсаалтад "онцгой байдлын албаны техник, тоног төхөөрөмж" төсөл арга хэмжээнд 20.0 тэрбум төгрөгийн хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжсэн тайланг танилцуулав.

ШИНЖЭЭЧ:

-Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралт 33-ын дагуу онцгой байдлын албан тоног төхөөрөмжид 19,966.3 сая төгрөг зарцуулсан. Энэ нь:

-МУХБ-ны дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөө, бизнес төлөвлөгөөнд тодорхойлсон зорилго, ТУЗ-ийн 2011 оны 13 дугаар тогтоолоор баталсан зээлийн бодлого,

-Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн /2011/ 8 дугаар үйлийн 8.1-д "…Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүрийн хаврын чуулганаар батална" гэж заасантай нийцэхгүй байна.

Захиалагч Сангийн яам

Нийт олгосон: 87.6 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээнд

-Орон сууны 63 хувийн зээлдийн санхүүжилтийг Төрийн банкинд

-"Оюутолгой" болон бусад стратегийн ач холбогдол бүхий төслийн санхүүжилт ("Эрдэнэс Оюутолгой" ХХК)

-"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК

УИХ-ын 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолоор батлагдсан "Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр", Засгийн газрын 2011 оны 138, 341, 2012 оны 55 дугаар тогтоолуудын хүрээнд бага, дунд орлоготой иргэдэд жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны зээл олгох хөтөлбөрийн санхүүжилтэд зориулж, 2012, 2013 онд Сангийн яам, Төрийн банктай 50.0 тэрбум болон 30.0 тэрбум төгрөг буюу нийт 80.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийн гэрээ байгуулж, дамжуулан зээлийн санхүүжилт олгож байсан.

Төслийн зээлийн гэрээнд нэмэлт оруулах өөрчлөлтийг 2013 оны 12 дугаар сард гүйцэтгэн, нийт 80.0 тэрбум төгрөгийн зээлийг ам.доллар (дундаж ханш 1375.18)-д хөрвүүлснээр нийт 58.4 сая ам.доллар болсон.

Сангийн яам, Хөгжлийн яам 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр нийт өглөг, авлагыг харилцан суутгаж, хүүгийн хамт 145.4 тэрбум төгрөгөөр (тооцоо нийлэх үеийн ханш 2489.53) тооцоо нийлсэн.

Төрийн банкнаас нийт 1,868 харилцагчид 80.0 тэрбум төгрөгийн дамжуулан зээл олгосон. Тус санхүүжилт нь бага, дунд орлоготой иргэдэд тохилог, тав тухтай орчинд амьдрах нөхцлийг бий болгож, орон сууц худалдан авах боломж олгосон. 

13 : 36
2023-2-7

"Гудамж" төсөл дээр ажилласан чадалтай залуус бүгд АНУ, Япон, Солонгос руу буцсан"

УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР: 

-Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Москва хорооллын арын далангаар явуулж, Өнөр хорооллын 33 дугаар байрны арын замтай холбох 1 км авто замд нийт 702 сая төгрөгийн санхүүжилт олгосон боловч газар чөлөөлөлт, санхүүжилтийн эх үүсвэрээс шалтгаалан бүрэн дуусаагүй. Доржийн гудамж Монелийн 4 замын уулзвар хүртэлх замын шинэчлэл, авто замын шинэчлэлт хийгдэх гэрээтэй хэдий ч "Гудамж" төсөл зогсонги байдалд орсны улмаас зөвхөн уулзвар хийгдсэн байдалтай зогссон. Өнөөдрийг хүртэл байнгын ашиглалтад хүлээн авах комисс ажиллаагүй байна. 

"Гудамж" төслийн хүрээнд нийт 10.9 тэрбум төгрөгийн авто замын төсөлд ТЭЗҮ боловсруулсан боловч төслийн нэгж нийслэлийн авто замын газар хүлээлцэх ажил дуусаагүй төдийгүй уг зураг төслийн ажил хангалтгүй байна гэжээ. Энэ дээр та ямар тайлбар, мэдээлэл өгөх вэ, нэгд. Хоёрт, та тэр үед Улаанбаатар хотын гудамжууд, уулзваруудын ачааллыг тооцож байсан хүн. Одоогийн байдлаараа явбал түгжрэлд хэр нөлөөлнө гэж тухайн үедээ тооцож байв? 

"Гудамж" төслийн нэгжийн захирагч асан н.БАТБОЛД: 

-Нэг, хоёрхон тайлбар хэлье. "Гудамж" төсөл хэр үр өгөөжтэй ажилласан бэ гэдгийг үе үеийн Засгийн газар, Их хурал үнэлдэг. Олон улсын байгууллага 2015 онд 2500 хүнээс судалгаа авч, "Гудамж" төсөл төслүүдээс нэгдүгээр байранд орсон байдаг юм. Олон жилийн турш "Гудамж" төслийн талаар ташаа мэдээлэл явж, олон нийтэд буруу мэдээлэл өгөөд байдаг.

Энэ төслийг Батболд би эхлүүлсэн. Анх удаа Монголоос хөгжингүй оронд хот төлөвлөлтөөр доктор хамгаалсан. Энэ дагуу судалгаа, шинжилгээ хийгээд явж байсан, 2013 оноос Шинэчлэлийн Засгийн газарт уригдаж, ийм төсөл зохион байгуулаад, хөлсөөр ажиллах гэрээгээр төслийг ахлаад яваач ээ гэсэн. Би хамт олноо үргэлж хайрлаж, Монгол Улсынхаа төлөө зүтгүүлсэн учраас маш их санаа зовдог юм. Би зөвшөөрсөн.

Миний олон удаагийн танилцуулга бий. Монгол Улсын машин зогсох нь, агаар нь бохирдох нь, байгаль орчны доройтолд орох нь гэдгийг гаргаж тавьсан. Засгийн газар зөвшөөрсөн, "Гудамж" төслийг эхлүүл гэсэн. Тэгэнгүүт би АНУ, Япон, Солонгос, Монголд сурч ажиллаж байсан хамгийн сайн 32 хүнийг авч ажиллуулсан. Эд нар маань үнэхээр сайн ажилласан.

Урд нь 2011 онд, Улаанбаатар хотод ганцхан уулзвар хийдэг байсныг бид нэг зуны дотор 18 уулзвар хийсэн. 

Би 18 уулзвар дээр 18 камер тавиад, шөнөжингөө ажлыг хянадаг байсан. Би Японы зөвлөх компанитай ажилладаг байсан. Тэр компани 24 цагаар ажиллана. Барилгын компаниуд маань 24 цагаар ажиллана. Тэр үед бид 18 уулзварыг засахдаа ард иргэдэд хүндрэл учруулахгүйн тулд нэг ч замыг хаагаагүй. Хөдөлгөөн хэвийн үргэлжилж, бид зөв менежмент хийж, амжилт гаргасан гэж хэлмээр байна. 

Б.Энхбаяр гишүүний үед хийгдсэн аудитын дүгнэлтийн өмнө Сангийн яамны нэг мэргэжилтэн манайд шалгалтаар ирсэн. Тэр эмэгтэйд сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй байсан. Манайх хоёр шаталсан гэрээгээр гэрээгээ хийдэг. Эхлээд томсгосон төсөв буюу 1 тэрбум орчим төгрөгийн төсвийг мэргэжлийн болон хяналтын төсөвчид гаргачихаад, түүнийгээ 29 дүгээр журмаараа шалгаруулаад, ажил эхлэхэд бэлддэг. Нэг тэрбум төгрөгийн ажлыг шууд санхүүжүүлж болохгүй. Яах вэ гэхээр, төслийн магадлан маш удаан хугацаагаар явдаг.

Хот төлөвлөгчийн саналыг би өөрөө хот төлөвлөгч учраас гаргаж ирнэ. Улаанбаатар хот энэ энэ замуудыг хөгжүүлэхгүй бол болохгүй байна гэж гаргаж ирээд, Төслийн удирдах хороо яамаар батлуулдаг байсан. Тэгээд хяналтын төсөв батлуулдаг юм. Тэр үед бидний гаргасан зураг төслийг албаныхан огт ойлгодоггүй байсан. 

Би 2014 оноос Авлигатай тэмцэх газар (АТГ)-тай хамт ажилласан. Нэг уулзвар нээчихээд, АТГ дээр очиж суудаг ажилтай явж ирсэн. 

Японы зөвлөх компанийн зузаан тайлан, тооцоог хараад АТГ-ынхан, эдийн засгийн цагдаагийнхан юу ч хэлдэггүй. Гүйцэтгэлээрээ санхүүжүүлдэг байсан. Шалгалтаар ирсэн эмэгтэй анхны өгсөн 440 саяыг хамгийн сүүлд төлсөн 1.84 тэрбумын харьцаагаар 331 дахин нэмэгдүүлчихэж гээд, арифметикийн ойлголт огт байхгүй, репорт хийснээс болж Үндэсний аудитын шалгалт орж ирсэн. Үндсэндээ манайд зургаан том шалгалт орж ирсэн. 

Энэ худлаа тоон дээр миний хамт олныг, манай залуусыг битгий харлуулаасай. Бид процедурын, барилгын норм дүрмийн алдаа байгаа гэдгийг тав, зургаан жил шалгуулахдаа хэлдэг. Ард түмний мөнгө, бондын мөнгөн дээр бид хариуцлагатайгаар ажиллаж байсан. Яам 29 дүгээр журмаар ажилла гэсэн, Тендерийн хуулиар битгий яв гэж хэлснээр нь явж ирсэн. 

Гадаа хүйтэн, хүмүүс халтирч унаж, бэртэж, осолд орж байна. Харин иргэдэд үйлчилдэг төрийн үйлчилгээ гадаахтай адил хүйтэн байна. "Гудамж" төсөлтэй адилхан төслийг 10, 20-иор нь хамаагүй хийж байж энэ иргэдийг амар тайван, сайхан амьдруулмаар байна. "Гудамж" төслийг дахиад хийлгээч. МАН-ын мөрийн хөтөлбөр дээр "Гудамж" төслийг хэрэгжүүлнэ гэж заасан.

2017 онд би больсон. Би гурван Засгийн газар ажилласан. Улстөрч биш учраас Ардчилсан нам, Ардын нам байна уу хамаагүй. Би Монголын төлөө л ажиллахыг хүсдэг. Гэтэл манай "Гудамж" төсөл одоо нэр нь өөрчлөгдсөн, манай бүтээн байгуулалтын талын талын талд ч хүрэхээргүй байдалтай байна. "Гудамж" төсөл шиг илүү олон төслийг та нар байгуулж өгөөч ээ. Хөрөнгө мөнгө байгаа юм билээ, үр ашгийг нь хараад, сайн шалгаад яваач ээ гэж хэлмээр байна. Японы компанид зөвлөхөөр ажиллах хооронд хэрэг хаагдсан байна лээ. 

Би нэг л юманд харамсч байна. Миний "цуглуулсан" залуучууд бүгд АНУ, Япон, Солонгос руугаа буцсан. Одоо сайн залуучууд олдох болов уу. Би санаа зовдог юмаа л ярьж байна шүү. 

Сонсгол завсарлалаа. 

12 : 22
2023-2-7

"Үр дүн гарсан байна, гэхдээ хуулиас бултсан байна"

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Хөгжлийн банкны эх үүсвэртэй юм чинь гээд тендергүй шалгаруулалт явсан. Замын компаниуд, Хятадын компаниудад өгөөд өгөөд явсан байна. Үр дүн гарсан байна. Гэхдээ хуулиас бултсан байна. Энэ ажлуудаа дараа нь улсын төсөв рүү шилжүүлчихсэн байна. Улсын төсвийн бүх ажил тендер шалгаруулалтаар явдаг. Санхүүжилтийн эх үүсвэрээ тендергүй хийсэн байна. Олон улсад ийм зүйл байхгүй. Өмнөх Засгийн газрын үед бэлэн болгосон зүйлүүдэд өгөөд явчихсан зүйл ажиглагдаад байна. Өрсөлдөөн байхгүй, ил тод биш болохоор авлига, хээл хахууль гаардаг. Ийм нөхцөл байдал үүссэн байна гэж дүгнэж байна. Нотлох баримтын хүрээнд бас ингэж гарч ирж байна. Хуулийн зохицуулалт нь ийм. 

Энэ бүхэн тендергүйгээр явжээ. Гэхдээ Хөгжлийн банк худалдан авах ажиллагааны журам боловсруулсан байх ёстой. Ирж байгаа компаниудыг зохицуулдаг ийм процесс байсан уу, байгаагүй юу? 

"Дэд бүтэц" төслийн удирдагч Р.ЭРДЭНЭБҮРЭН: 

-Төрийн нарийн бичгийн дарга бодлого гаргах гэхээсээ илүү хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Метр квадратын үнийг өсгөж байсан хоёр, гуравхан зүйл байдаг юм. Нэгд, өгч буй зөвшөөрөл, техникийн нөхцлүүдийн зардал. Дээр нь дэд бүтцийн хангамж муу учраас газар их үнэд орж, жаахан дэд бүтэцтэй газар дээрээ шавааралдаад, газрын үнэ м2 дээр нэмэгдэж явж байсан. Дээр нь барилгын гол суурь цементээ бид импортоор авч байсан нь м2-ын үнэ өсөх нөхцөл болж байсан. Бондын мөнгөөр цементийн импортыг зогсоох, дэд бүтцээ тэлэх чиглэлээр ажилласан. 

Компаниудыг шалгаруулах Хөгжлийн банкны журам байсан. Нэгж гэж байгуулсан. Манайх Эрчим хүчний яаман дээр дэд бүтэц, шугам сүлжээ хариуцсан дэд бүтэцтэй байсан. Бид нэгэнт Тендерийн хуулиар бус, Хөгжлийн банкны хуулиар явахаар болсон тул манай яамны хувьд, яг дэд бүтцийн ажил хийх эрхтэй 60-аад компани байдаг. Энэ компаниудаа бүгдийг нь дуудаж, цуглуулж байгаад уулзсан. 

Түрүүн хэлсэн. 2010, 2011 онд зураг төсөл нь хийгдээд батлагдсан "100 мянган айлын хөтөлбөр" гээд, Засгийн газрын тогтоолтой нийт 26 төсөл байсан. Тийм учраас төсөвт өөрчлөлт орохооргүй ажлууд байсан. Энэ ажлуудаа танилцуулсан. Гаднын компаниуд аль болохоор оруулахгүйг хичээсэн. Яагаад гэхээр, бид болон компаниуд дэд бүтцийн ажлуудаа хийчих боломжтой, чадамжтай байсан. Нийтийн аж ахуйн чиглэлээр ажилладаг бүх компаниа цуглуулж байгаад уулзалт хийсэн. Консерциум болж, түншлэлүүд байгуул, үнийн саналаа өг, бид харьцуулсан үнэлгээ хийнэ. Түүнийг нэгжүүд дээрээ хийсэн. Ер нь дан компани биш түншлэлүүд ажил хийсэн. Эхний хоёр түншлэлийг Төслийн удирдах хороогоор хэлэлцээд, шалгаруулаад, гэрээ хийдэг ийм л процессоор явсан. 

10 : 56
2023-2-7

"Тэр үед хүмүүсийн толгойд тэрбум ам.доллар 'багтдаггүй' байсан юм"

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.БАТБАЯР:

-Сонсголонгийн зам. 60-аад оны эхэн үед баригдсан Налайхын зам бол Монгол Улсын хамгийн урт настай, хамгийн сайн чанартай зам байсан. Хятадын зээлээр барьсан, бетон зам байсан. Түүний дараа баригдсан, хамгийн сайн чанартай, бетон зам бол Сонсголонгийн зам байсан. Тэр замыг бас энэ төслийн хүрээнд хэрэгжүүлсэн. Зуслангийн замууд, Сонгино, Био руу явсан замууд байна. Энэ бүгд энэ төслийн хүрээнд хэрэгжсэн замууд. 

"Чингис" бондын хөрөнгөөр бид "Чингис хаан" нэртэй онгоцоо худалдаж авсан. Монгол Улс өөрийн анхны өмчлөлийн онгоцоо "Чингис" бондын хөрөнгөөр авсан. Урд нь дандаа түрээсийн онгоцтой байсан. Ингээд яривал маш олон зүйл ярьж болно. 

Дараагийн нэг асуудал нь, хөрөнгө оруулалтын асуудал. Бонд эргэн төлөгдөх нөхцөлтэй мөнгө. Энэ бол гадаадын хөрөнгө оруулалт мөн. Ялгаа нь бэлэн мөнгөөр орж ирдэг. Засгийн газрын бусад зээл бэлэн мөнгө бус бараа таваараар орж ирдэг. Бараа таваараар, зээлийн хөрөнгөөр хэд дахин өндөр үнээр орж ирдэг. 

Анх намайг "Чингис" бонд босгох гэж байхад УИХ-ын нэг гишүүний хэлснийг би санадаг юм. Ийм их мөнгө, үгүй мөн хэцүү юм даа гэж хэлж байсан. Тухайн үед хүмүүсийн толгойд тэрбум ам.доллар "багтдаггүй" байсан юм. "Чингис" бонд босгосноор монголчуудад тэрбум ам.доллар босгож, юм хийж болдог юм байна, цаашдаа олон тэрбум ам.доллараар босгож болох юм байна гэдэг итгэл үнэмшлийг монголчуудад өгснөөрөө бас нэг давуу талтай. 

Мөнгө босгоод, 100 хоногийн дотор Монгол Улсын дансанд оруулж ирж чадсан. Мөнгө байвал бүх юм болдог гэдэг худлаа юм шүү. Мөнгийг хүн ажил болгодог. Ажил хийдэг чадвартай хүн цөөхөн байдаг юм.

Энэ бүх техник ажлыг олон улсын түвшинд, өндөр хэмжээнд зохион байгуулж хийж чадсан Мөнхбатдаа би баярлалаа гэж хэлмээр байна.

Тэр ч утгаараа 2012 онд дэлхий дахинд, Ази тивийн хамгийн шилдэг бондоор шалгарч, олон улсын тусгай шагнал авч байсныг зориуд хэлэхийг хүсч байна. 

Харамсалтай нь, тэр залууг минь 2016 оноос хойш шалгаж, хорьж цагдаад, амьдралыг нь үрэн таран хийгээд, ажил төрөлгүй болгож байна. Харамсалтай байна. Юм хийдэг улсуудаа шийтгэдэг биш, урамшуулдаг дэмждэг төр байгаасай гэж хүсье. Тийм цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр манай хүмүүсийг баяжсан байх тэгсэн байх гээд хардаад байна. Тийм юм байхгүй ээ. Манай Мөнхбат бусад залуусын адил 8 хувийн орон сууцны зээлээ төлөөд, зээлийнхээ байшинд амьдарч байна. Өөрийн гэсэн унаа машингүй байна. Ийм хүнийг идсэн уусан гэж хэлэх үү, үгүй ээ. Бүх хүнийг өөрсөдтэйгээ адилхан хардаж сэрдэх хэрэггүй. Юм хийж, эсрдэл үүрч чаддаг, өндөр боловсролтой, чадвартай залуу үеэ дэмжиж ажиллах ёстой. 

Тийм ээ, Мөнхбат миний зөвлөх байсан юм. Анх 2010 онд ажиллаж эхэлсэн. Австри улсад бакалавр, мастераа хийгээд төгсөж ирсэн. Өөрийнхөө зөвлөхөөр ажиллуулж байгаад, дараа нь Хөгжлийн банкинд томилж ажиллуулсан. Ажлаа амжилттай сайн хийсэн хүн гэдгийг хэлэхийг хүсч байна. 

Дараа нь "Гудамж" төслийг хариуцан ажилласан Батболд инженерийнхээ тухай хэлэхийг хүсч байна. Улаанбаатарчууд бүгд "Гудамж" төслийг мэдэж байгаа. Тийм ээ, энэ төслийг би өөрөө санаачилж, төслийн удирдагчаар Батболд гэж өөрийнхөө зөвлөх байсан залууг томилж, энэ ажлыг зохион байгуулж хийлгэсэн. Тэр хүн бол Японд сургууль төгссөн, Япон, Америкт мастер хамгаалсан залуу. Улаанбаатар хотын түгжрэлийг арилгахын тулд "Гудамж" төслийг өөрийн биеэр удирдаж, энэ уулзваруудыг зохион байгуулж ажиллуулж чадсан.

Уулзварууд 24 цагийн хяналттай ажиллаж байсан. Болгоё гэсэн хүн аргаа олдог. Болохгүй ээ гэсэн хүн шалтгаа олдог гэсэн үгтэй. Монгол битгий хэл дэлхий нийт харж байсан. Яагаад вэ гэвэл, уулзвар бүхэндээ камерын хяналт тавьсан. Хоногийн 24 цагт онлайнаар тэр уулзвар дээр хүн ажил хийж байна уу, үгүй юү гэдгийг харах бололцоо олгож ажиллаж байсан. Ажлыг зөв зохион байгуулж чадах юм бол, ажлын гүйцэтгэлийг хяналтыг олон нийтэд хүргэж өгөх юм бол юм хийж болдог юм гэдгийг манай "Гудамж" төсөл харуулсан. 

Нэг том уулзварыг бид нэг сар хүрэхгүй хугацаанд хийж байсан. 

Өнөөдөр та бүхэн мартсан байгаа байх. Саппорогийн уулзвар ямар байдаг байлаа. Тэнд аваарь болдоггүй өдөр байгаагүй. 

09 : 55
2023-2-7

Н.Батбаяр: Ташаа мэдээллээ залруулж, уучлалт гуйхыг шаардаж байна

Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Та Эдийн засгийн хөгжлийн яамны сайдаар ажиллаж байсан. Таны үндсэндээ эрхлэх асуудлын хүрээнд Хөгжлийн банк ажиллаж байсан. 2011 оны сүүлээр манай улс дэлхийд гайхагдаж байсан. Дэлхийн хамгийн срэнгүй хөгжиж байсан, 17.6 хувь өсч байсан санагдаж байна. Азийн Дубай болох нь гэж хөрөнгө оруулагчид Монгол руу хошуурч байсан. Энэ хугацаанд "Чингис" бондын 1.5 тэрбум хүртэлх ам.доллар орж ирсэн. Юунд зарцуулав гэдгийг сонсъё. Монгол Улс бэлэн байсан уу? Хөгжлийн төсөл байсан юм уу? Гэнэт бэлэн мөнгөтэй болж, юунд зарцуулах вэ гэдгээ мэдээгүй юм биш үү? Нэгдүгээрт, энэ дээр таны өөрийн бодол санааг сонсмоор байна. Таны 2013 онд баталсан түр журам байна. 

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.БАТБАЯР:

-Сонсголд оролцох хүсэлт ирүүлсний дагуу хүрэлцэн ирснээ хэлэхийг хүсч байна. Та сая хэллээ, түрүүчийн сонсголд та ирээгүй гэж. Тийм ээ, би ирээгүй. Яагаад гэвэл надад албан ёсоор мэдэгдэл өгөөгүй. Мэдэгдэх нь битгий хэл утсаар яриагүй. Мессэж өгөөгүй. Тэгсэн хэрнээ УИХ-ын индэр дээрээс Батбаярыг дуудсан боловч ирээгүй гэж ташаа мэдээлэл өгсөн. Энэ ташаа мэдээллээ залруулж, уучлалт гуйхыг танай Ажлын албанаас шаардаж байна. Миний нэр төрд халдсан учраас энэ ташаа мэдээллээ залруулж өгөхийг сонсголын дарга танаас хүсье, эхний ээлжинд. 

Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

Уучлал гуйх эсэх дээр сүүлдээ шаардлага хүргүүлж байна. Та гэрчээр асуултад л хариулах ёстой. Шаардлага хүргүүлээд байх юм байхгүй. 

Н.БАТБАЯР: Түрүүчийн удаагийн хурал дээрээ намайг дуудсан боловч ирээгүй гэсэн зүйлдээ залруулга хийж өгнө үү. 

Б.ЭНХБАЯР: Тэрийг Ажлын албанаасаа тодруулж байж, танд хариу хэлье. 

Н.БАТБАЯР: Таны Ажлын алба тэнд сууж байна шүү дээ. 

Б.ЭНХБАЯР: Ажлын албанаасаа тодруулж байж хариу хэлье ээ. Та асуултад хариулж бай. 

Н.БАТБАЯР: Өнөөдөр УИХ-ын Хяналтын хорооны сонсгол явагдаж байна. УИХ-ын тухай хуулийн дагуу бол үйл ажиллагаагаа хуралдааны зарчмаар явуулдаг. Хуралдааны ирц ирвэл зохих хүмүүсийн 50 хувиас дээш бүрдсэн байж явуулдаг. 

Б.ЭНХБАЯР: УИХ-ын Түр хорооны сонсгол дэгд зааснаараа, анх бүрдүүлсэн ирцээрээ явна. Анх бүрдсэн ирцээрээ үргэлжилж байгаа. Та бидэнд хууль заах хэрэггүй. Хуулийн дагуу явж байгаа. Танд шүүлгэх гэж энд Түр хороо ажиллаагүй. 

Н.БАТБАЯР: УИХ-ын хууль бол УИХ-ын хууль. Та бүхэн мэдэж байгаа, Чуулган дээр ирц бүрдэхгүй бол хурлаа эхэлдэггүй. Байнгын хороо ч тэр. 

Б.ЭНХБАЯР: Та бол 2012 онд шинэ парламент бүрдэх үед сонгуулийн дараа УИХ-ын анхдугаар чуулган дээр гишүүдийн картыг сугалж авч байсан. Ямар үндэслэлээр сугалж авч байсан гэх үндэслэлээ тайлбарлах шаардлагатай. Тухайн үед та Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулж өг, Хөгжлийн банкыг харьяандаа авах ёстой гэж шантааж хийсэн гэх улс төрийн асуудал байдаг. Та карт сугалж шантааж хийж сайд болсон, энэ асуудалдаа тайлбар өгөх хэрэгтэй. 

Н.БАТБАЯР: Хүн бүхэн харж байгаа, шударга ёсыг тогтоох ёстой гэж харж байгаа. Гэтэл өнөөдрийн Түр хорооны хурал ирцийн бүрдэлгүй үргэлжилж байгаа явдал хууль зөрчиж байна. Ийм байдлаар үргэлжлэх юм бол хуралдааны үр дүн гарахгүй. Таныг Үндсэн хууль зөрчсөн гэдгээр Үндсэн хуулийн Цэцэд өгөхөөс өөр аргагүй гэдгийг хэлье. 

Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Та асуултад хариул. Та өнөөдөр гэрчээр асуугдаж байгаа. Монголын ард түмний төлөөллийн дээд байгууллагад гэрчээр дуудагдаж байна. Таныг байх үед УИХ хурууны хээгээр бүртгэдэггүй байсан. Та нар таван гишүүний ирцээр Монгол Улсын Эрүүгийн хуулийг баталж байсан. Шантааж хийж байж сайд болдог, Хөгжлийн банкийг өөртөө авдаг үе чинь дууссан.

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.БАТБАЯР:

-Дэгээрээ эхлээд мэдүүлэг өгнө гэсэн заалттай юм билээ. Би уншсан. Гэхдээ та асуулт асуусан учраас хариулъя. Тийм ээ, 2012 онд ард түмэн Засгийн эрхийг Ардчилсан намд өгсөн. 2012 оны сүүлийн хагасаас эхлээд дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ огцом унасан. Энэ нөхцөл байдал Монголын эдийн засагт таатай бус тусах нь ээ. Нэлээн хатуухан уналт орж ирэх нь гэж үзсэн учраас түүнээс сэргийлэх үүднээс гаднаас мөнгө босгож, эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр "Чингис" бондыг босгох асуудлыг гаргаж тавьсан.

Би 2012.08.18-ны өдөр Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилогдсон. Бондын асуудлыг сайд болсноосоо хойш 12 хоногийн дараа буюу наймдугаар сарын 30-нд гаргаж тавьсан. Аравдугаар сарын 25-нд УИХ-аас Засгийн газарт 5 хүртэлх тэрбум ам.долларын бонд гаргах зөвшөөрлийг Засгийн газарт олгосон. Түүний дагуу ажиллаж, Засгийн газрын 100 хоногийн хугацаанд буюу 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1.5 тэрбум ам.доллар босгосон. 2012.12.06-ны өглөө Сангийн яамны дансанд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө орж ирснээр түүх эхэлсэн. Өнөөдөр Хөгжлийн банкны өнгөрсөн 10 гаруй жилийн түүхийн сайнтай, саартай талыг хэлэлцэж байна. 

Миний бие Эдийн засгийн хөгжлийн сайдаар хоёр жил ажилласан. Энэ хугацаанд 1.5 тэрбум ам.долларын "Чингис" бонд, дараа нь 300 сая ам.долларын Японоос олгодог "Самурай" бонд, мөн Хятад болон Орос, Европын орнуудаас 2.5 тэрбум ам.долларын хөрөнгийг Монгол Улсад оруулж ирсэн. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллахдаа би Монгол Улсдаа гаднын зах зээлээс өртөг хямд хөрөнгө оруулж ирснээс авч гараагүй гэдгээ албан ёсоор хэлэх байна. Монголд мөнгө оруулж ирсэн болохоос би захиран зарцуулах эрх эдлээгүй гэдгээ хэлэхийг хүсч байна.

Хэрвээ "Чингис" бондын мөнгө орж ирээгүй бол, бусад хөрөнгө орж ирээгүй, эдийн засгийнхаа үйл ажиллагааг явуулаагүй байсан бол 2012, 2013 онд Монгол Улс маш хүнд байдалд орох байсан. Яагаад гэвэл дэлхийн зах зээл дээр манай улсын эрдэс баялгийн үнэ асар их хэмжээгээр унасан. Өнөөдөр нүүрс хэдэн зуун ам.доллараар үнэлэгдэж байгаа бол тэр үед 30 ам.доллар хүртлээ унасан. Зэс, алтны үнэ унасан байдалтай байсан. Энэ хөрөнгө зорилгоо биелүүлж, огцом уналтаас Монгол Улсыг аварч чадсан гэдгийг хэлэхийг хүсч байна. 

"Чингис" бондын хөрөнгөөр нийт 371 бүтээн байгуулалтын арга хэмжээ хийгджээ. Бүх арга хэмжээг дурдсангүй, тодорхой хэмжээнд асуудалд орж болзошгүй гэдэг зүйлүүд дээр анхаарал хандуулж ярилаа гэж ойлголоо.

Энэ мөнгө анх хоёр утгаар орж ирсэн. 500 сая ам.доллар нь 5 жилийн хугацаатай, 4.1 хувийн хүүтэй. 1 тэрбум ам.доллар нь 10 жилийн хугацаатай, 5.1 хувийн хүүтэй боссон мөнгө. Түүнээс хойш олон удаа бонд боссон. Гэхдээ "Чингис" бонд шиг 4 хувийн хүүтэй мөнгө босоогүй гэдгийг албан ёсоор хэлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, хамгийн хямдаар боссон мөнгө. Та өндөр үнэтэй бонд гэж хэллээ. "Чингис" бондоос хойш боссон бүх мөнгө өндөр үнэтэй боссон байгаа шүү гэдгийг хэлэхийг хүсч байна. Хамгийн сүүлд 8.65 хувийн хүүтэй бонд боссон. "Чингис" бондын хүүнээс даруй хоёр дахин өндөр хүүтэй боссон байна.

"Чингис" бондын мөнгө харьцангуй хямд үнэтэй боссоныг бас "Оюутолгой"-той харьцуулж болно. "Оюутолгой" зээл, зээлийн хүү нь 8 хувьтай. "Оюутолгой"-н хөрөнгө оруулалтын зээлийн хүүнээс "Чингис" бонд даруй хоёр дахин бага хүүтэй боссон гэдгийг энд зориуд цохож хэлэхийг хүсч байна. 

"Чингис" бонд босгоод, Монгол Улсыг өрөнд оруулсан мэт, балласан мэт ярьж байгаа нь үзэл суртлын улс төржсөн арга хэмжээ. Харин эсрэгээрээ "Чингис" бонд болон бусад бондууд орж ирснээрээ Монгол Улсад их бүтээн байгуулалт хийгдэж чадсан. Сая цахилгаан станцуудыг ярилаа. Хэрвээ "ДЦС 4", "ДЦС 3"-ын өргөтгөл, "Амгалан" ДЦС шинээр баригдаагүй байсан бол Монгол Улс 2015, 2016 онд хөлдчих байсан. Тэр аюулаас бид улсаа хамгаалж чадсан. 

Авто замын хувьд ярихад, Монгол Улсад 2012 он гэхэд уртаашаа 3000 км зам баригдсан байсан. 2012-2016 оны хооронд тэр хэмжээтэй тэнцэх 3000 км замыг энэ хөрөнгөөр барьж байгуулж чадсан. Ингэснээрээ Монгол Улс 21 аймгаа улсын нийслэл Улаанбаатар хоттойгоо хатуу хучилттай замаар холбогдож чадсан. Улаанбаатар хотод өнөөдөр түгжрэл их байна. Хэрвээ Улаанбаатар хотод "Гудамж" төсөл хэрэгжүүлээгүй байсан бол өнөөдөр юу болсон байхыг төсөөлж хэлэх аргагүй. Энэ зовлон Сүхбаатар сайд өөрийн биеэр эдлээд сууж байгаа. 

"Гудамж" төслийн хүрээнд Улаанбаатар хотод 33 уулзвар ашиглалтад орсон. Хамгийн анхных нь Саппорогийн уулзвар. Тэр үед ард түмний дунд "Эр зоригийн уулзвар" нэртэй байсан. Богд уулын арын зам байна. Мянга есөн зуун тавин хэдэн онд авто зам барьсан. Тэр үед шороон зам байсан. Европын нэг хамтлаг явж байгаад осолдсон тул тэр зам хаагдсан байсныг 50 жилийн дараа "Гудамж" төслийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр ашиглалтад оруулсан. 

09 : 16
2023-2-7

Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төслүүдийн хэрэгжилтийг танилцуулж байна

Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар танилцуулж байна.

-Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, “Гудамж” төслийн хүрээнд

УИХ-ын 2011.02.10-ны өдрийн "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" 15 дугаар тогтоолоор дараахь төсөл, хөтөлбөрийг Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 2011 оноос хэрэгжүүлж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгосон байна. Үүнд:

-УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр,

-УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого",

-Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын 2010 оны 45 дугаар тогтоолд заасан "Сайншанд" аж үйлдвэрийн цогцолбор",

-УИХ-ын 2008 оны 47 дугаар тогтоолоор баталсан "өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр барих авто зам, эрчим хүчний барилга, байгууламжийн жагсаалтад орсон төсөл, хөтөлбөр.

Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банк 2013.04.30-ны өдрийн 01/12/3/88 дугаар "Санхүүгийн зуучлалын гэрээ"

Сангийн яамны дансанд Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг 2012.12.05-ны өдөр хүлээж авснаас таван сарын дараа талууд дээрх гэрээний дагуу 1.5 тэрбум хүртэлх ам.доллар болон түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн эх үүсвэрийг жилийн 4,7917 хувийн хүүтэйгээр Хөгжлийн банкинд байршуулахаар заасны дагуу хөгжлийн банкны Монголбанк дахь дансанд 2,021.25 тэрбум төгрөг, 269.9 ам.долларыг нийт 10 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байна.

ШИНЖЭЭЧ:

-Хөгжлийн банкнаас төслийн дэд төслүүдийн хүрээнд 99 төсөлд 138,857.8 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.

  1. "Хотын төв" дэд төсөл – Улаанбаатар хотод нийт 33 уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажил, 20.4 км авто зам барилгын ажил болон зураг төсөл,
  2. "Гэр хороолол" дэд төсөл – Баянгол дүүрэг, 16-р хороо, Гандантэгчэнлин хийд орчмын дахин төлөвлөлтийн иж бүрэн зураг төсөл,
  3. "Хурдны зам" дэд төсөл – Туулын хурдны зам, Сэлбэ гол дагуух хурдны замын зураг төсөл, ТЭЗҮ,
  4. Аймгийн төв" дэд төсөл – Архангай, Увс, Хэнтий аймгийн төвийн авто замын шинэчлэл,
  5. "Хүй долоон худаг дахь бүтээн байгуулалт" – Хатуу хучилттай 8.5 км авто зам, автро зогсоол, худалдаа үйлчилгээний талбай

 

Яг одоо Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хууль, Монгол Улсын 2016 оны Төсвийн тухай хуулийн хүрээнд хэрэгжсэн төслүүдийн талаар танилцуулж байна.

09 : 10
2023-2-7

Зээлтэй холбоотойгоор 18 гэрчийг сонсголд оролцуулахаар дууджээ

Монгол Улсын Их Хурлын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.07/ Төрийн ордноо үргэлжилж байна.

Энэ удаагийн Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг “Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн байдал, холбогдох гэрчээс мэдүүлэг авах” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа билээ.

Өнөөдрийн сонсголд дараах байгууллагуудтай холбоотой зээлийн асуудлуудыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судална. Үүнд:

Эрчим хүчний яам

Барилга, хот байгуулалтын яам

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар

Эдийн засаг, хөгжлийн яам-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар- Гудамж төсөл

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-Нийслэлийн авто замын хөгжлийн газар

Боловсрол, шинжлэх ухааны яам

Гаалийн ерөнхий газар

Шадар сайд

Сангийн яам

Иймд дээрх байгууллагуудын зээлтэй холбоотойгоор 18 гэрчийг оролцуулахаар дуудсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж