Алт “амилсаар” байна

Хуучирсан мэдээ: 2023.02.07-нд нийтлэгдсэн

Алт “амилсаар” байна

Алт “амилсаар” байна

Дэлхийн санхүүгийн шинжээчид, томоохон төв банкууд 2023 онд алтны үнэ өснө гэдэгтэй санал нэг буйгаа илэрхийлсээр байна. Шар металлын үнэ өсөх үндсэн шалтгаан нь дэлхийн эдийн засгийн хямрал, геополитикийн хурцадмал байдал, Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүгийн өөрчлөлт, инфляци болон стагфляци, ам.долларын ханшийн сулралт зэрэг хүчин зүйлс болж байгааг тэд дуу нэгтэй хэлж буй юм.

Алтны үнэ өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас тасралтгүй өссөн. Нэг унци алтны үнэ энэ сарын эхний өдөр 1923 ам.долларт хүрч дөрвөн сарын дотор 18 хувиар өсөв. Дэлхийн улсуудын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд зогсонги байдалд орох магадлалтай тул Төв банкууд бодлогын хүүгээ өсгөхөө түр хойшлуулж, хөрөнгө оруулагчид алтыг сонирхож эхэлнэ гэж тооцож буй.

Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа алтны үнийн мэдээллийг онцолж байна.

Шинжээчид энэ онд унци алтны үнэ хэдэн ам.долларт хүрч өсөх талаар өөр өөрийн таамаглалыг дэвүүлж буй ч хоорондоо нэлээд зөрүүтэй байгаа юм. Гэвч алтны үнэ цойлох эсэх Холбооны нөөцийн сангийн Мөнгөний бодлогын хорооны шийдвэрээс шалтгаалах нь тодорхой байна.

Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 25 суурь нэгжээр нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, инфляцийг бууруулах зорилтын хүрээнд цаашид мөнгөний бодлогыг чангатгах шаардлагатай байгаагаа онцолсон. Өөрөөр хэлбэл, АНУ-ын төв банкны бодлогын хүү 4.75 хувь хүрч, мөнгөний чанга бодлого баримтлах болсноос хойш бодлогын хүүг хоёр дахь удаагаа бага хувиар нэмэгдүүлсэн.

Өнгөрсөн 2022 онд бодлогын хүүг дөрвөн удаа 75 суурь нэгжээр нэмэгдүүлсний дараа арванхоёрдугаар сард 50 суурь нэгжээр өсгөх шийдвэр гаргаад буй. Үүнийг шинжээчид Холбооны нөөцийн сан бодлогын хүүг чангатгах хурдаа сааруулж байна гэж үзэж байгаа юм.

Энэхүү шийдвэртэй холбоотойгоор валютын зах зээл дээр ам.долларын ханш суларч, сүүлийн есөн сарын доод түвшинд хүрсэн. Ам.долларын индекс 1 хувиар буурч, 101.08 нэгж болсон нь 2022 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн сул түвшин юм. Ам.долларын индексийн фьючерсүүд үүнээс ч доогуур буюу 100.957 нэгж хүрчээ.

Бодлогын хүүг өсгөсөн тохиолдолд найдвартай актив гэгддэг алт бодитой хувь хэмжээгээр ашиг өгдөггүй. Холбооны нөөцийн сан бодлогын хүүг бага хувиар нэмж буй нь алтны ханшид нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг болж буйг шинжээчид онцолж байна.

“Bloomberg Intelligence”-ийн ахлах макро стратегич Майк МакГлон “2023 онд дэлхийн эдийн засаг уналтад орвол алтны үнэ хамгийн өндөр үзүүлэлттэй байх төлөвтэй байна” гэжээ.

“Swiss Asia Capital” компанийн захирал Йорг Кинер “Алтны үнэ 10-20 хувиар өсөх бус, харин огцом цойлж, энэ онд 2500-4000 ам.долларт хүрнэ гэсэн таамаглал дэвшүүлэв. Үүнийг хэтрүүлэг гэж үзэх хүн олон бий ч магадлалыг нь үгүйсгэхгүй байгаа юм.

“Saxo Bank”-ны хувьд “2023 онд дэлхийн эдийн засаг “дайны байдал”-д шилжих тул унци алтны үнэ 3000 ам.доллар болж өснө гэж өөдрөгөөр таамаглажээ.

“Bank of America”-гийн түүхий эдийн стратегич Майкл Видмер “Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмэгдүүлэхээ больсон цагт алтны зах зээл сайжирна” гэж хэлэв.

“Goldman Sachs” хэрвээ АНУ-ын эдийн засаг хямралд орж, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулбал алтны үнэ өснө” гэж үзэж байгаа аж. Тус компани олон хувилбар дэвшүүлсний дотор хямрал дэгдэх магадлал 30 хувьтай байгаагаас шалтгаалан 2025 он гэхэд бодлогын хүү 0 болж буурч, алтны үнэ 2250 ам.долларт хүрнэ гэж тооцжээ.

“Gainesville Coins Inc”-ийн үнэт металлын шинжээч Эверетт Миллман “2023 онд алтыг 2000 ам.доллараас доош үнээр худалдан авах сүүлчийн боломж тохионо” гэж үзжээ. Тиймээс шинжээчид хөрөнгө оруулалтын багцыг төрөлжүүлж, түүний 10-20 хувийг алтаар бүрдүүлэх нь зүйтэй гэсэн бичигдээгүй дүрмийг 2023 онд баримталбал ашиг олно гэсэн зөвлөгөө өгч буй аж.

Сүүлийн жилүүдэд алт олборлох салбар дахь хөрөнгө оруулалтын хэмжээ буурч, том хэмжээний уурхайнууд ашиглалтад ороогүй. Үүнээс шалтгаалан 2017 оноос хойш олборлолт зогсонги байдалд орж, алтны өөрийн өртөг 2015 оноос хойш тасралтгүй өссөөр байна. Тухайлбал, Оросын алтны уурхайнуудын олборлож буй нэг грамм алтны өөрийн өртөг 3000-3600 рубль буюу 150-180 мянган төгрөгт хүрчээ.

АНУ-ын эдийн засаг өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд хүлээгдэж байснаас илүү өссөн мэдээлэл гарсны дараа алтны ханш сүүлийн есөн сарын дээд цэгт хүрч тогтворжсон нь инфляци өндөр, хүүгийн түвшин өссөн ч эрэлт өндөр хэвээр байгааг харуулсан.

Өдгөө хөгжиж буй орнууд алтны нөөцөө нэмэгдүүлж, эдийн засгийн аюулгүй байдлын эрсдэлээ бууруулж буй бол хөгжингүй орнууд нөөц алтаа Төв банкинд байрлуулах замаар үндэсний валютын дархлаагаа бий болгож байна.

Монгол Улсын хувьд алтны экспортын орлого жилээс жилд нэмэгдэж буй. Төв банкны хувьд 2023 оны нэгдүгээр сард нийт 519.8 кг үнэт металл худалдан авчээ. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны нэгдүгээр сард алт худалдан авах дээд үнэ 216,205 төгрөг байсан бол дундаж үнэ 210,307 төгрөг байв.

Энэ онд Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд тушаах алтны хэмжээ 17 тонн байхаар төсөөлсөн бөгөөд унци алтны үнийг 1830 ам.доллар байхаар тооцоолоод буй юм.

Эх сурвалж: МОНГОЛБАНК, BLOOMBERG, REUTERS, WGC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж