Билл Гейтст найдсан ДЭМБ

Хуучирсан мэдээ: 2023.02.07-нд нийтлэгдсэн

Билл Гейтст найдсан ДЭМБ

Билл Гейтст найдсан ДЭМБ

“The Bill & Melinda Gates Foundation” санг Билл Гейтс болон түүний экс эхнэр Мелинда Гейтс нар үүсгэн байгуулсан. Үүсгэн байгуулагчид нь 27 жил хамт байсны эцэст хоёр тийшээ болсон ч тус сан хүчирхэг хэвээр байна. ДЭМБ-ын санхүүжилтэд “The Bill & Melinda Gates Foundation” сан томоохон үүрэг гүйцэтгэдэг. Тодруулбал, сүүлийн жилүүдэд тус сан нь ДЭМБ-ын хоёр дахь том хөрөнгө оруулагч болсон. Ингэснээр тус байгууллагын үйл ажиллагаа сангийн дэмжлэгээс ихээхэн хамааралтай болжээ. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ нь ДЭМБ-д тулгарч буй санхүүжилтийн архаг асуудлыг ил гаргаж байна.

Тэгвэл буяны байгууллага ДЭМБ-ыг санхүүжүүлэхэд ийм их үүрэг оролцоотой байх нь зохимжгүй гэж өнгөрсөн сард “The Bill & Melinda Gates Foundation” сангийн зүгээс мэдэгджээ.

ДЭМБ-ын жилийн төсөв нь АНУ-ын нэг том сургалтын эмнэлгийнхээс ч бага байдаг. Мөн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн төсвийн дөрөвний нэгтэй тэнцэхүйц хэмжээтэй байдаг гэдгийг ДЭМБ-ын Хамтын ажиллагаа хариуцсан захирал Лоуренс Гостин хэлэв. Ийм бага санхүүжилттэй атлаа Covid-19, сармагчны цэцэг, эбола зэрэг эрүүл мэндийн томоохон онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах болоход ДЭМБ асар том үүрэг хариуцлага хүлээдэг. ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөл энэ долоо хоногт Женевт хуралдана. Уг хуралдаанаар дараагийн тахал өвчинд бэлтгэлтэй байх талаар хэлэлцэх боловч санхүүжилт нь тодорхойгүй байна.

ДЭМБ ХЭРХЭН САНХҮҮЖДЭГ ВЭ?

ДЭМБ-ын гишүүн орнууд гишүүнчлэлийн татвар төлдөг. Уг татвараар болон “The Bill & Melinda Gates Foundation” сан зэрэг сайн дурын нэмэлт хандиваар ДЭМБ санхүүждэг. Гишүүнчлэлийн татвар нь ДЭМБ-ын нийт төсвийн 20 хүрэхгүй хувийг л бүрдүүлдэг аж. Харин үлдсэн 80 гаруй хувь нь сайн дурын хандиваас бүрдэж байна. Үүний 88 гаруй хувийг “The Bill & Melinda Gates Foundation” сан дангаараа хариуцдаг. Бусад хандивлагчийн тоонд “Bloomberg Family Foundation”, “Wellcome Trust”, “Rockfeller Foundation” багтана. Төсвийн хэлбэр жил жилээр өөрчлөгддөг ч гэсэн Гейтсийн сан хамгийн шилдэг хандивлагч байсаар иржээ.

Сайн дурын хандивыг ихэвчлэн тодорхой төсөл эсвэл өвчинд зориулдаг. Тэгэхээр энэ мөнгийг хэрхэн зарцуулахыг ДЭМБ бие даан чөлөөтэй шийдэж чаддаггүй гэсэн үг юм. ДЭМБ одоогийн байдлаар нийт төсвийнхөө дөрөвний нэг орчим хувийг бие даан хянаж байна.

АНУ 2018-2019 онд ДЭМБ-ын төсвийн 15 орчим хувийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, АНУ 893 сая ам.долларыг ДЭМБ-д хандивлажээ. Харин Гейтсийн сан 531 сая ам.доллар хандивлаж, хоёрдугаарт жагссан байна. Ерөнхийлөгч асан Дональд Трампийн үед АНУ-ын санхүүжилт танагдаж, Герман улс нэгдүгээр байранд орсон. Энэ үед ч Гейтсийн сан хоёрдугаар байраа хадгалж үлджээ. Бусад шилдэг хандивлагчийн тоонд Их Британи болон Европын комисс орно.

ДЭМБ-ын гишүүн орнууд 1980, 1990-ээд онд үнэлэгдсэн шимтгэлээ царцаах шийдвэр гаргаснаар байдал дорджээ. “Ингэснээр ДЭМБ-ын хоёр жил тутмын төсөв цаг хугацааны явцад улам багассан гэсэн үг. Covid-19-ийн үеэр ДЭМБ ажилтнуудаа цомхотгож, онцгой байдлын үед авах хариу арга хэмжээгээ ч цомхотгосон” гэж албаны хүн хэллээ. Ийнхүү гишүүн орнуудын төсөв царцсанаар ДЭМБ сайн дурын шимтгэлд улам бүр найдах болжээ. 1970-аад онд сайн дурын шимтгэл нийт төсвийн 25 орчим хувийг эзэлж байсан бол өнөөдөр 80 болж өссөн байна.

Гэхдээ дээр дурдсанчлан эдгээр сайн дурын хандивын дийлэнх нь дэлхийн тодорхой хэсэг, тодорхой хөтөлбөрт зориулагдсан байдаг. Зарцуулах цаг хугацаа нь ч нарийн шийдэгдсэн байдаг. Ингэснээр ДЭМБ ядуу орнуудын эрүүл мэндийн хөтөлбөр, ирээдүйд гарах тахал өвчний бэлтгэл зэрэг зүйлд зориулж санхүүжилт гуйх шаардлагатай болдог аж. Эрүүл мэндийн онцгой байдлын үед түргэн шуурхай хариу үйлдэл үзүүлэх найдвартай, уян хатан санхүүжилт байхгүй байгаад ДЭМБ-ын мэргэжилтнүүд эмзэглэж явдагаа ч хэлдэг.

БИЛЛ ГЕЙТСИЙН САНГИЙН ЭЗЛЭХ ХУВЬ

Билл Гейтсийн сангийн асар их хөрөнгө ДЭМБ-ын хараат бус байдлыг алдагдуулж байгааг албаны хүн онцлов. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдагийн үлгэртэй ДЭМБ ба Гейтсийн санг адилтгаж болно. “Гейтсийн сан нь дэлхийн эрүүл мэндийг олон салбарт хөгжүүлэхэд асар их ач холбогдолтой байсан. Тус сангийн санхүүжилт нь дэлхий дахинд маш их сайн зүйл хийсэн. Гэхдээ нэг л сан монополь байх нь хариуцлага, төлөөлөх чадвар, хууль ёсны эсэх зэрэг олон чухал асуудлыг хөндөж байна. Өнөөгийн тогтолцоо ардчилсан бус байна” гэж эх сурвалж хэлжээ. Өөрөөр хэлбэл, Гейтсийн сан нь бусад засгийн газар болон хандивлагчдыг дутуу дулимаг харагдуулж байгаа юм.

“The Bill & Melinda Gates Foundation” сангийн гүйцэтгэх захирал Марк Сузман өнгөрсөн сард хэлэхдээ “Хувийн буяны байгууллага үндэстэн дамнасан дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн том санхүүжүүлэгчдийн нэг байх нь зөв биш. Гэхдээ амьжиргааг сайжруулж, хүний амь насыг аврах шийдэл байгаа цагт бид үүнийг тууштай дэмжих болно. Уг сангийн зорилго нь ДЭМБ болон бусад ижил төстэй бүлгийн мөрийн хөтөлбөрийг тодорхойлох бус шийдвэр гаргахад нь туслахуйц илүү сайн сонголт, мэдээллээр хангах явдал юм” гэжээ.

ҮҮНИЙ ОРОНД ДЭМБ-ЫГ ХЭРХЭН САНХҮҮЖҮҮЛЭХ ВЭ?

ДЭМБ-ын санхүүжилтийг нэмэгдүүлэх нь улс орнуудаас хамаарна. ДЭМБ-ын гишүүн орнууд өнгөрсөн жил хандиваа нэмэгдүүлэхээр тохиролцсон. Мөн заавал төлөх татварын хэмжээг нэмэгдүүлэх замаар санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.

ДЭМБ-ыг 20 дугаар зууны дунд үе буюу дайны дараах үеийнхэнд зориулан бүтээсэн. Түүнээс хойш дэлхий асар их өөрчлөгджээ. Бид 21 дүгээр зуунд ДЭМБ-д юу хэрэгтэй байгааг илэн далангүй ярилцахаас эхлэх ёстой. Цар тахлын дараах дэлхийд ямар эрүүл мэндийн байгууллага хэрэгтэй вэ гэдгийг асуух цаг болжээ. Биднийг аюулгүй, сайн сайхан байлгахын тулд ямар хууль тогтоомж, шийдвэр гаргах байгууллага, хэрэгжүүлэх механизм, санхүүжилт хэрэгтэй вэ? ДЭМБ ажлаа хийхэд ямар эрх мэдэл хэрэгтэй вэ? ДЭМБ сайн дурын хандивт түшиглэхээ больж, оронд нь олон эх үүсвэрээс санхүүжих хэрэгтэй гэдгийг онцолж байна.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж