Хөндөх сэдэв: Охидын хүмүүжилд анхааръя!

Хуучирсан мэдээ: 2023.02.07-нд нийтлэгдсэн

Хөндөх сэдэв: Охидын хүмүүжилд анхааръя!

Хөндөх сэдэв: Охидын хүмүүжилд анхааръя!

Ховд аймагт 15 настай охид нэгийхээ хэрцгийгээр зодож хөнөөсөн аймшиг хэрэг олны цочирдуулаад байна. Үүний өмнө ч насанд хүрээгүй охид найз хөвгүүдтэйгээ хамтран 25 настай залууг шатаасан хэрэг гарсан билээ. Энэ нь  эмэгтэйчүүдийн эрхээс илүү охид, бүсгүйчүүдийн хүмүүжлийн тухай ярих цаг болсны дохио юм.  Өөрөөр хэлбэл, жендерийн эрх ярихаас илүү хүний эрхийг нэгд тавих шаардлага Монголын нийгэмд тулгарч байна.

Жендерийн тэгш байдал гэдэг нь эмэгтэйчүүд илүү эрэгтэйчүүд дутуу эрхтэй гэсэн үг биш юм. Харамсалтай нь, монголчууд жендер ярихаараа эмэгтэйчүүдийн эрх ярих нь  бий. Охидод давуу байдал олгож, үг хэлэх, боловсрол эзэмшихэд нь  ялгавартай хандсанаар хүмүүжлийн хувьд доголдол  гарах болсон.

Ховд аймгийн дунд ангийн сурагч охинд тохиолдсон эмгэнэлт хэрэг, үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлт Ерөнхий боловсролын сургуулиудад цөөнгүй бий.  Үүнийг сургуулийн сэтгэлзүйчид, нийгмийн ажилтнууд онцолж байна.

Энэ асуудалд эцэг, эхийн анхаарал, хараа хяналт хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг аж.

ЕБС-ийн нийгмийн ажилтан болон сэтгэлзүйчид эрсдэлт бүлэгт хамаарч байгаа сурагчдыг тусгайлан анхаарч ажилладаг аж. Ингэснээр үе тэнгийн дарамт, дээрэлхэлтэд өртөх болон бусдад дарамт үзүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлдэг. Гэвч нүднээс далд нэгнээ айлган сүрдүүлэх, үг хэлээр болон бие мах бодь, сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлэхийг багш, сургуулийн удирдлагууд тэр бүр хянаж чаддаггүй байна. Тиймээс дунд, ахлах ангийн сурагчдынхаа сэтгэлзүйд гарч байгаа өөрчлөлт, харилцаа хандлагыг гэрийнхэн нь байнга ажиглаж, ярилцах их чухал аж.

Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэлзүйчдийн улсын зөвлөгөөнөөр гэр бүлийн хараа хяналт муу хүүхэд бусдыг дээрэлхэх болон өөр хэн нэгний дарамтад өртөх амархан болдог гэдгийг онцолсон.

Мөн сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа үгэн хүчирхийлэл, нэгнээ сүрдүүлэн, дарамтлах тохиолдлын дийлэнх хувийг охид эзэлдэг гэсэн юм. Тиймээс охидын хүмүүжилд хөвгүүдийнхээс илүү анхаарал хэрэгтэйг сануулж байна.

ГЭР БҮЛ НЬ ХАЙХАРДАГГҮЙ ОХИД СЭТГЭЛЗҮЙН ХУВЬД АСУУДАЛТАЙ БАЙДАГ

Баянзүрх дүүргийн 79 дугаар сургуулийн сэтгэлзүйч Ц.ЭНХБАТ:

-Боловсролын салбарын сэтгэлзүйчдэд сургуулийн удирдлагууд, багш нарын дэмжлэг их хэрэгтэй байдаг. Сурагчдын хувьд гэр бүлийн асуудал их тулгамддаг. Манай сургуулийн тухайд 3000 орчим сурагч, 112 багш, ажилчид, нэг сэтгэлзүйчтэй. Ачааллын хувьд мэдээж их. Ангиудад 40 минутаар хоёр удаа, өдөрт нийт гурван удаагийн сэтгэлзүйн сургалт ордог. Сэтгэлзүйн зөвлөгөөний цаг өдөрт тогтмол таван цаг байдаг. Тухайн цагтаа багтааж хүүхдүүдтэйгээ хамтарч ажиллана, тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг.

Хамгийн гол нь аав, ээж, гэр бүлийнхэн нь ойлгодоггүй, ойлгохыг хүсдэггүй орхигдсон хүүхдүүдтэй ажиллахад хүндрэл их гардаг. Охидын хувьд мөн энэ тохиолдол их.

Сэтгэлзүйн асуудалтай хүүхэдтэй ажиллахад эхний 1-2 удаагийн уулзалтад оношилгоог хийдэг. Түүний дараагаар цаашид хэдэн удаагийн уулзалт хийж, сэтгэл заслын ямар үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөг гаргадаг байгаа.

Сэтгэлзүйчид хамгийн их ханддаг хүүхдүүд бол 7-11 дүгээр ангийнхан. Бага ангийнхны хувьд гэр бүлээр нь дамжуулж харилцах нь илүү оновчтой байдаг.

Сошиал хөгжсөн өнөө үед үе тэнгийн дарамт шахалт, маргаан зэргийг цахим хуудаст шууд нийтлэх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд хохирогч болоод холбогдогч талын аль алиных нь сэтгэлзүйг бодож үзэх хэрэгтэй. Энэ мэт тохиолдлуудад ганцаарчилсан сэтгэлзүйн зөвлөгөө илүү хэрэгтэй байдаг. Сэтгэлзүйгээс гадна хүний эрх, ёс зүй гээд олон асуудал хөндөгддөг учир сэтгэлзүйчийн ур чадвар их нөлөөлдөг. Тиймээс Монгол Улсад боловсролын салбарын мэргэшсэн сэтгэлзүйчийн хэрэгцээ өндөр байна.

ИЖИЛ ТЭГШ ЭРХТЭЙ УЧИР ХҮМҮҮЖЛИЙН ХУВЬД Ч ЯЛГААГҮЙ БАЙХ ЁСТОЙ

Өнгөрсөн жил олон нийтийн сүлжээнд өсвөр насны хүүхдүүд нэгнээ дээрэлхсэн бичлэгүүд сар тутамд цацагдсан. Хамгийн сүүлийн жишээ бол тоглоомын талбайд сурагчид нэгнээ бүлэглэн зодсон хэрэг гарсан юм. Тухайн хэргийн шалгалтын ажил мөн л дуусаагүй байгааг цагдаагийн газраас мэдээлсэн. Гэвч тус цацагдсан бичлэгийн дор охин хүүхэд биш байгаа нь яамай, эр хүн багаасаа зодуур авч сурах хэрэгтэй зэрэг сэтгэгдлүүдийг хүмүүс бичжээ. Эдгээрээс харахад Монгол Улсад хүний эрхийн мэдрэмж, тэр дундаа эрэгтэй, эмэгтэй хүүхдийг багаас нь эрх тэгш орчинд өсгөх боломж хомс харагдаж байгаа юм. Тэгвэл одоо бид яах вэ?

Эцсийн дүндээ эцэг, эхчүүд суурь хүмүүжлийг зөв олгож, хүү, охин ялгаагүй ижил хандаж өсгөх нь чухал. Боловсрол, үг даах чадвар, бусадтай харилцах хандлага гээд бүхий л анхан шатны ойлголтыг хүүхэд гэр бүлээсээ авдаг.

Үе тэнгийнхний дээрэлхэлд өртсөн хүүхдэд илрэх нийтлэг  шинж тэмдэг:

  • Хүүхэд хичээл, сурлагадаа муудах, хичээл  номдоо сонирхолгүй, идэвхгүй болох
  • Шөнө тайван унтаж чадахгүй  байх, хар дарж зүүдлэх
  • Гэрээсээ дайжих,  өөрийгөө гэмтээх эрсдэлтэй
  • Өөртөө итгэлгүй болох, сул дорой байх
  • Бэртэл гэмтлээ тайлбарлаж чадахгүй байх эсвэл тайлбарлахаас зайлсхийх
  • Хувцас, ном, үзэг, харандаа, зүүлт, тоглоом, эд зүйлсээ алдсан байх эсвэл эвдэрсэн байх
  • Толгой гэдэс нь байнга өвдөх эсвэл өвдөж  байна гэж ээж, аавдаа хэлэх
  • Идэж уух, хооллоход өөрчлөлт гарах,  хоолыг их эсвэл огт идэхгүй болох зэрэг байна.

Тиймээс охидынхоо хүмүүжилд одооноос анхаарах цаг болжээ. Охид, хөвгүүд ялгаагүй эрх тэгш орчинд өсч торнин, хүмүүжлийн хувьд ч агаар нэг доголдолгүй байх ёстой!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж