Турк болон Сирийн нутаг дэвсгэрт өнгөрсөн шөнө /2023.02.06/ 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 520 хүн нас барсан талаар мэдээлсэн. Тус газар хөдлөлтөд монгол иргэн өртсөн байж болзошгүй гэсэн мэдээлэл цахим хуудаст гараад буй. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодрууллаа.
Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр “Газар хөдлөлт монгол иргэд цөөн тоогоор зорчдог бүс нутагт болсон. Одоогоор монгол иргэд өртсөн гэх мэдээлэл байхгүй. Монгол иргэд газар хөдлөлтөд өртсөн эсэхийг Туркийн холбогдох байгууллагаас тодруулахаар Анкара дахь Элчин сайдын яам үргэлжлүүлэн ажиллаж байна” гэлээ.
Өчигдөр шөнө болсон газар хөдлөлт нэг минут орчим үргэлжилсэн бөгөөд чичиргээ Египет, Ливан, Киприйн арлуудад ч мэдрэгдсэн байна. Одоогоор Италийн эрх баригчид цунамийн сэрэмжлүүлэг зарлаад байгаа бөгөөд Туркээс ямар нэгэн анхааруулга гаргаагүй байгаа юм.
Холбоотой мэдээ