Цагаан сарын авлига ба санал гуядах арга заль!

Хуучирсан мэдээ: 2023.02.07-нд нийтлэгдсэн

Цагаан сарын авлига ба санал гуядах арга заль!

Цагаан сарын авлига ба санал гуядах арга заль!

Уул уурхайн сайд Ж.Ганбаатар “Би ногдол ашиг гэж жилдээ 500 сая төгрөг авдаг. Тэр мөнгөөрөө сонгогчдодоо бэлэг тараах нь та нарт хамаагүй” гэж хэвлэлийнхэнд томорчээ. Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, чамд хамаагүй гэгчээр “Оргил”-ын Ж.Ганбаатар чихрээ тараана уу, байна уу,  бидэнд падлийгүй нь үнэн.

Гэхдээ Ж.Ганбаатар нэгд, төрийн сайд хүн. Тиймээс төсвийн мөнгө биш өөрийн мөнгө болохоо баримтаар нотлох ёстой. Хоёрт, ямарваа нэг хэлбэрээр сонгогчдод бэлэг тарааж байгаа нь авлига, албан тушаалын шинж чанартай үйлдэл. Энэ нь төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого юм.

Ганц Ж.Ганбаатар ч биш олон гишүүн тойргоо усалснаа зураг хөрөгтэйгөө сошиалд тавьж, баталгаажуулжээ. Баян хүн өгснөө мартдаггүй гэж энэ. Увсад О.Цогтгэрэл таблет тарааж, Баянхонгорт А.Адъяасүрэн хивс бэлэглэж, Ховдод  З.Мэндсайхан өвс өгч явна. Тэд сайн санаалж буян үйлдээгүй нь нэн ойлгомжтой, ирэх сонгуульд санал горьдсондоо энэ шүү дээ. Товчхондоо, таны саналыг гуйж биш гуядаж авна аа гэж байгаа хэлбэр.  Африкийн улстөрч Монголын улстөрч хоёр л ард түмэндээ гурил, будаа тарааснаа дэлхийгээр нэг гайхуулдаг байх. Дэлхийн бусад улс орнуудын хувьд  парламентын гишүүд сонгогчдод бэлэн мөнгө эсвэл ямар нэгэн эд материал өгөх, ажилд зуучлахыг хуулиар хориглодог. Харин Монголд эсрэгээрээ, баталсан хуулиараа биш тараасан бэлгээрээ парламентын гишүүд нь танигддаг. Жишээ нь, АН-ын бүлгийн гишүүн "бидон" Ганбаа байна.

"Зарим хүмүүс гарын бэлэг өгөх нь монгол ёс шүү дээ" гэж өмөөрдөг, авлига авч, өгч буйгаа хайцаалдаг.

Асуудал нь гарын бэлэгтээ ч юм уу монгол ёсондоо биш, тойргоо “услах” мөнгө тэдний хэтэвчнээс гараагүй, бидний халааснаас гардагт байгаа юм.   Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ажлын байр болох ёстой татвар төлөгчдийн мөнгө ердөө боов, боорцог, чихэр, жимс, хивс, таблет хэлбэрээр тараагддаг нь тойргийн мөнгөө угааж буй арга заль нь.

Тойргийн мөнгө нэрээр жил болгон улсын төсөвт тодорхой хөрөнгө суулгаж өгдөг. Энэ мөнгөө бэлэг, сэлтхэн нэрээр зүсийг нь өөрчилж, зүгийг нь буруулах, нэг ёсондоо хулгайлсан мөнгөнийхөө мөрийг үлдээхгүй  гэсэн муу санаа нь. Хууль хяналтынхан эрж сураад ирвэл иргэддээ тараачихсан гээд сууж байна гэсэн үг.

Үндсэндээ, чихэр боов, ааруул ээзгий, аяга сав тараадаг явдал эртнээс, Н.Энхбаярын үеэс тогтсон жишиг, улстөрд урхагтай уламжлал. 2004 онд гишүүдэд хуваарилдаг тойргийн мөнгө 10 сая төгрөг байсан бол, 2006 онд 100 сая болж өссөн, өнөөдөр нэг гишүүн улсын төсөвт суулгаж өгснөөр дөрвөн тэрбумыг “үрэх” эрхтэй.

Энэ мөнгийг нь хасъя, хэмнэе гэхээр гишүүд нь  элдэв, шалтаг тоочдог. Санаанд оромгүй төсөл, хөтөлбөр санаачлах нь бий.  М.Оюунчимэг гишүүн гэхэд өнгөрсөн 2022 онд гэр хорооллын нүхэн жорлонг шинэчилнэ гээд төсвөөс 4.5 тэрбум төгрөг гаргуулчихсан байх жишээтэй. Нэг нь 2.3 сая төгрөгийн үнэтэй жорлон гэхээр бараг алтан жорлон шахуу юм даг уу даа. Энэ мэт хэрэгтэй, хэрэггүй төслийг "услах"-даа гаргуун. Унц нь ахиухан бол улам чичрээд дайрчихдаг.

Аймгуудын өрсөлдөх чадвараар тойрог нь /Завхан аймаг/ адаг мушгиж байхад УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Улаанбаатарт Богд Зонхавын хөшөө барих нь"агаарын бохирдлыг бууруулна" гээд явж байсан нь жилийн өмнөх явдал. Уг нь төсөв мөнгө хуваарилах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь хууль тогтоогчийн хийх ажил биш.  Харамсалтай нь, манай парламентын гишүүд хууль хэлэлцэх үүргээ, төсөв захиран зарцуулах эрхтэй гэж боддог, эндүүрдэг. Төсөв батлах чуулганы хуралдаан өндөр ирцтэй байдаг нь үүнтэй холбоотой. Манай мажоритар тогтолцооны нэг гажуудал нь  улсын төсвөө жалгын нэг цацаад, сонгогчдын саналыг авахын тулд төсвийн мөнгийг бэлэг, сэлтэд зарцуулж байна. Улс орны хөгжлийг том зургаар нь ярихаас илүү яавал дахиж сонгогдох, тойргийнхондоо таалагдах вэ гэдгээрээ  улстөрчид уралддаг.

Жил бүр оруулж ирсэн төсвөө УИХ-аар батлуулахын тулд Засгийн газар, Сангийн яам нь гишүүдээ авлигадана. Гишүүд нь сонгогчдоо  дөрвөн жил “усална”.  Авлигын гол үүр уурхай нь "авлигажсан" төсөв нь болоод удаж байгаа.  Гэсэн мөртлөө камерын өмнө бүгд төсвийн үрэлгэн байдлыг хална гэж үлгэр ярихыг нь яана аа. Хэзээ байтлаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа  хэрэгжүүлдэг байлаа, манай УИХ.

Энэ бүхний гол буруутан нь сонгогчид. Ахмадууд нь ул боов, атга чихэрт, залуус нь таблетад хууртагдчихаж байна. Ядаж залуус нь бидний төлсөн татварын мөнгөөр бидэнд бэлэг тарааж байгааг ухамсарлах ёстой биз дээ. Тараасан таблетийг нь барьж зургаа авхуулах залуу үе, ул боов, атга чихэр авсан ахмадуудаасаа ялгараад байх юм үнэндээалга. Өгсөн бэлгийг нь өмнөөс нь шидчихдэг, өөрөөс нь ёс зүй, хэрсүү сонгогчидтой байсан бол  улстөрчид нь ядаж банк тонож, улсаа дээрэмдэхдээ  ичдэг, эмээдэг болно.

Аман дээрээ Хөгжлийн банк, нүүрсний хулгайч нараа зүхэх мөртлөө ачир дээрээ тэдний тараасан чихэр, боовыг нь алгаа тосоод авах хүмүүс цөөнгүй. Саяхан л Хөгжлийн банкнаас 33 тэрбумын зээл авсан гэж Х.Ганхуягийг, нүүрсний хэргийн гол сэжигтэн гэж А.Адъяасүрэнг буруутгаад байсан иргэд шүү дээ. Атал тэднийг хоймортоо залаад суулгачихсан байх жишээний. "Мал сүрэг" нь байхад маллах малчин нь амархан олдоно гэж.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж