Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст тэтгэмж өгсөн нь тогтоол зөрчсөн гэв

Хуучирсан мэдээ: 2023.02.06-нд нийтлэгдсэн

LiveАжлаас чөлөөлөгдсөн хүмүүст тэтгэмж өгсөн нь тогтоол зөрчсөн гэв

17 : 34
2023-2-6

Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст тэтгэмж өгсөн нь тогтоол зөрчсөн гэв

Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтэд ажлаас чөлөөлөгдсөн 14 хүнд 192 сая төгрөгийн тэтгэмж, ажилтнуудад 98 сая төгрөгийн эрүүл мэндийн халамж, нийт 290.1 сая төгрөгийн тэтгэмжийн зардал олгосон нь Засгийн газрын 2021 оны Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоол,  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын зардлыг хэмнэж ажиллах зэрэг журмыг зөрчсөн гэж үзсэн байна.

Иймд дээрх асуудлыг Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхсүлдээс тодруулав.

Гэрчээр дуудагдсан, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхсүлд “Төлөөлөн удирдах зөвлөлөөс шийдвэр гарч, өгсөн. Би хөдөлмөрийн гэрээгээр ажилласан, 2020 оны дөрөвдүгээр сараас 2021 оны наймдугаар сар хүртэл ажилласан. Одоо Сангийн яамны Төрийн сангийн газарт ажиллаж байгаа. Тухайн үед Сангийн яам Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч болсон. Тиймээс Сангийн яамны санал болгосноор Хөгжлийн банкны удирдлагаар томилогдсон юм. Тухайн үед Хөгжлийн банкны удирдлагаар очиход 144 хүний орон тоотойгоор ажиллаж байсан. бүтцийн өөрчлөлт хийгээд 140 хүний орон тоотойгоор ажилласан. Бүтцийн өөрчлөлтөд хамрагдсан хүмүүст Хөдөлмөрийн хуулийн дагуу тэтгэмж олгосон.

14 : 50
2023-2-6

АСЕМ-ийн үеэр хэрэглэсэн автобуснаас гурав нь алга болчихлоо

328133314_3409973852617990_466561007605213387_n

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:

-Хөгжлийн компанийн охин компани болох “Ди Би Эм” лизингээс олгосон санхүүгийн түрээс түүний үр дүн эргэн төлөлттэй холбоотой асуудлаар шинжээчдийн дүгнэлт сонсгоно. Эхний асуудал АСЕМ-ийн автобусны түрээсийг хэлэлцье.

-Гэрчээр дуудагдсан Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Сангийн яамны надад өгсөн хариуг уншиж өгье. АСЕМ бол 2016 онд болсон. Засгийн газар, Хөгжлийн банк хооронд байгуулсан 5.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдсан улс хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд 43 автобус нийлүүлэгдэж 2016 онд болсон АСЕМ-ийн үйл ажиллагаанд ашиглагдсан. Дээрх автобус нь хот дотор нийтийн тээвэрт ашиглагдах боломжгүй бөгөөд хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаанд ашиглагдах боломжтой. Зам тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 67 дугаар тушаалаар төслийн хүрээнд нийлүүлэгдсэн 43 автобусыг дамжуулан зээлдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Өөрөөр хэлбэл, энэ ажлын хэсгийг ЗТЯ-ны ТНБД байгуулсан бөгөөд энэ ажлын хэсгийн зүгээс автобус авах аж ахуй нэгжид тавигдах шаардлага зээлийн нөхцөлийг боловсруулан Сангийн яаманд ирүүлсэн байдаг. Төслийг дамжуулан байгуулах гэрээг эхлээд ЗТЯ-д хүргүүлсэн боловч Солонгосын Экзим банкнаас авсан гэрээг Сангийн яам, ЗТЯ-тай гэрээ байгуулъя гэсэн боловч тус яамны зүгээс арилжааны банктай гэрээ байгуулах нь зүйтэй байна гэсэн. Дараа нь АТҮТ-тэй гэрээ байгуулах саналыг хүргүүлсэн. Ажлын хэсэг тус зээлийг арилжааны банкаар дамжуулан 12 жилийн хугацаатай жилийн 4.5 хувийн хүүтэйгээр тодорхойлон Сангийн яаманд ирүүлсэн боловч тэрхүү нөхцөл нь гадаадын хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлэх журмын заалтуудтай нийцэхгүй байсан тул Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх нөхцөл байдал үүсгэсэн.

-Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:

АСЕМ-д олон автобус орж ирсэн. Энэ автобус хаана байгааг хүмүүс асуудаг. 19 автобусыг төрийн байгуулагад өгсөн бол 21-ийг нь хувийн хэвшилд лизингээр өгсөн. Одоо болтол төлбөр дуусаагүй байгаа. Гурван автобус олдохгүй байгаа. Үнэлгээ буруу тогтоосон гэдэг үндэслэлийг тавьж байна. АСЕМ-д хоёр долоо хоног ашигласан. Шинээрээ байсан автобус. 14 хоногийн элэгдэл яагаад 44 сая төгрөгөөр нэг автобусанд буурч үнэлгээ тогтоочих оо. Улсын төсөвт алдагдал болж бичигдээд байгаа.

-Гэрчээр дуудагдсан Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-2016 оны автобус гэж байгаа. Гурван автобус алга болсон гэж байна. Яаралтай эзэнжүүлэх нь зөв зүйтэй алхам. Дахиад хоёр жил гэрээ байгуулахгүй явчихаж байна.

-УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Хөгжлийн банкныхнаас асууя. “Ди Би Эм” лизинг одоо ажиллаж байгаа юу. Миний ойлгож байгаагаар гаалийн татваргүй авсан байгаа даа. Татваргүй гэдэг чинь үнийн хувьд давуу талтай. Цаашаа дамжуулахдаа үнэ хямдарсан байна гэх нь зүй ёсны асуудал. Татварын асуултад хариулт өгөөрэй.

“Ди Би Эм” лизингийн гүйцэтгэх захирал:

-Миний сонсч байснаар гурван автобусыг төрийн байгууллагуудад Засгийн газраас олгосон гэсэн тиймэрхүү мэдээлэл сонсч байлаа. Манайх 43 автобусыг Сангийн яам, ЗТЯ, Чингис хаан банктай дөрвөлсөн гэрээ байгуулсан. Ашиглагдахгүй нэлээн удсан. 40 автобусыг түрээслэгч нарт хуулийн дагуу түрээсэлсэн.

11 : 20
2023-2-6

Хөгжлийн банкинд нийт 5.6 их наяд төгрөгийн зээлийн багц байсан

Шалгалтыг эхлүүлэхэд Хөгжлийн банкинд 5.6 их наяд төгрөгийн зээлийн багц байсан. Энэ багцыг 3 ангилсан. Нэгдүгээр багц нь 3 их наяд төгрөгийн Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй Чингис бондын эх үүсвэрээр олгогдсон 300 гаруй төсөл хөтөлбөрүүд байсан. Харин 128 сая ам.долларыг Чингис бондын биш Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэрээр олгосон байсан. Сангийн яамтай байгуулсан санхүүгийн зуучлалын гэрээгээр Улсын төсвөөс санхүүжүүлсэн зээлүүд төлөгдөхгүй бол Чингис бондын төлбөрийг Хөгжлийн банк Сангийн яаманд төлөх байсан. Тиймээс үүнийг эрсдэлгүй гэж үзэн, Эрсдэлийн сан байгуулаагүй. Энэ багц дахь төслийг захиалагч тал буюу яамдууд шийдээд гүйцэтгэгчдийн сонгон шалгаруулж, гэрээ хийгээд Хөгжлийн банкаас санхүүжилтийг нь олгодог байсан. 

Эхний багцад санхүүжилтийн 1.3 их наяд нь автозамын барилгын төслүүд, Архангай аймаг, Улаанбаатар хотын гудамж төсөл, шинэ төмөр зам төсөл, Эгийн голын цахилгаан станц, Тавантолгойн ДЦС-3-4, Амгалан ДЦС-ийн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэх мэт нийт 406 тэрбум төгрөг, 6 хувийн орон сууцны зээлд 127 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн байсан. Ер нь төслүүдийн нэгжийн үйл ажиллагааг санхүүжүүлсэн байдал ажиглагдсан. 

Улсын төсвөөс шилжиж ирсэн 200 тэрбум төгрөгийн төслүүд байсан. 2015-2016 оны хооронд хэрэгжүүлсэн төслүүдийг Хөгжлийн банкинд шилжүүлсэн байсан. Энэ нь банкинд хүүний эрсдэл авчирсан. 

Хоёр дахь багц зээл нь Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн, төслийн орлогоос эргэн төлөгдөх төслүүд байсан. Активыг ангилах журмаар өөрсдөө баталж байсан. Нийт 352.4 тэрбум төгрөгөөр Зээлийн эрсдэлийн сан байгуулсан. 

10 : 32
2023-2-6

Б.Чойжилсүрэн: Хөгжлийн банк руу 1 их наяд төгрөг хийж, дампуурахаас сэргийлсэн

Хөгжлийн банкнаас 2012-2016 онд хэрэгжүүлсэн төсөлтэй холбоотой УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй  шинжлэн судлах хоёр дахь шатны нээлттэй сонсгол өнөөдөр /2023.02.06/ Төрийн ордонд эхлээд байна. Нээлттэй сонсголоор эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүн, Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-аас олгосон зээлүүдийг  хэлэлцэхээр төлөвлөсөн юм.  Нийт 59 гэрчийг дуудуулсан.

Тодруулбал, энэ удаагийн нээлттэй сонсголд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн /Сангийн сайдын алба хашиж байсантай нь холбогдуулж гэрчээр дуудсан/ УИХ-ын гишүүн, Хөгжлийн банкны захирал асан Г.Амартүвшин, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкны Хяналт шалгалтын газрын даргаар ажиллаж байсан Н.Батсайхан, Монголбанкны Хяналт шалгалтын ахлах байцаагч Ө.Тайван нарын албаны хүмүүс ирсэн байна.

Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхсүх ирсэн. Хөгжлийн банкны эрсдлийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан О.Батбаатар, Г.Дөлгөөн нар иржээ.

Харин Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй гэсэн бол мөн Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан гэрчээр дуудагдсан ч холбогдож чадаагүй. Сүүлийн жилүүдэд АНУ-д амьдарч байгаа гэх мэдээлэл бий.

Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр гэрчээр дуудагдсан ч хуулийн байгууллагад мэдээллийн нууцыг задлахгүй байх баталгаа гаргаж өгсөн тул оролцох боломжгүй гэж тайлбар ирүүлсэн.

Хөгжлийн банкны дэд захирал Я.Сод-Эрдэнэ Авлигатай тэмцэх газарт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа тул нээлттэй сонсголд оролцох боломжгүй.

Хөгжлийн банкны Дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан н.Чандмань гадаадад ажиллахаар явсан, мөн АТГ-т шалгагдаж тухай бүрт мэдээлэл гаргаж өгсөн тул оролцох боломжгүй.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан М.Баярмагнай нь АТГ-т шалгагдаж байгаа тул гэрчээр оролцох боломжгүй гэдэг тайлбар тус, тус ирүүлжээ.

Онцолход, Аудитын байгууллагаас Хөгжлийн банкинд шалгалт хийгээд нийт гурван их наяд төгрөг, 341.5 сая ам.доллар, 168 сая иен бүхий 25 алдаа зөрчлийг илрүүлж байжээ.

Нээлттэй сонсголыг удирдаж буй УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: 2016 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд болуут Хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон.

Хөгжлийн банкинд шалгалт хийгээд 43 арга хэмжээний 1.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлсэн.

Тухайн үеийн шалгалтын дүнгийн асуудлаар Засгийн газарт гурван удаа танилцуулга хийж байсан. Засгийн газрын хуралдаанд ажлын хэсгийн тайланг танилцуулахад хаалттай байдлаар сонсох шийдвэрийг тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнбат гаргасан. 2016 оны есдүгээр сард Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар ажиллаж байсан, тэр үед АНУ-д ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт Монгол Улс ороуулах хэлэлцээр байгуулахаар ажиллаж байлаа.

Хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ёстой материалыг хүргүүлсэн. Одоогоор уг асуудлаар хуулийн байгууллагаар орж, хариуцлага хүлээсэн хүн байхгүй.

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД: Хөгжлийн банкин дээр 1.3 их наяд төгрөгийн зөрчил гарсан. Гэвч энэ зөрчилд арга хэмжээ авах асуудал нь гацсан.  Энэнээсээ болоод Хөгжлийн банк дампуурсан. Тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар Олон улсын валютын сантай хөтөлбөр тохирох шаардлагатай тул мэдээллийг нууцлах шаардлага байна” гээд нуцалж. Яагаад нууцалсан юм бэ. Олон улсын байгууллагаас мөнгө авах болохоор нууцалдаг байсан юм уу?

Сангийн сайдаар ажиллаж байсан, Эрчим хүчний сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Т.Доржханд гишүүн ээ хэтрүүлж байна. Намайг байхгүй хооронд ийм зүйл болсон. Олон улсын валютын сан Хөгжлийн банк хүндэрчихсэн байгааг мэдэж байсан. Бонд эзэмших хөрөнгө оруулагч нарын дунд бодит байдлаас давуулсан сөрөг мэдээлэл цацчихвий гэсэн болгоомжлол байсан. Намайг Сангийн сайд байхад 2017 оны гуравдугаар сард Хөгжлийн банкны 580 сая ам.доллар төлөх хугацаа тулсан. Энэ хөтөлбөрт орох олон шалтгааны нэг нь энэ байсан.

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД: Хөгжлийн банкны удирдлагуудаас асуумаар байна. Гурван их наядыг нь төсвийн эргэн төлөлтөөр санхүүжүүлсэн байна. Хөгжлийн банк нь өндөр хүүтэйгээр долларын зээл аваад төсөвт оруулахыг Сангийн яам зөвшөөрдөггүй, гарын үсэг зурдаггүй байсан. Сангийн яам үүрэг хүлээсэн юм бий юу. Ийм байдлаар явахлаар Хөгжлийн банк дампуурна.

Сангийн сайдаар ажиллаж байсан, Эрчим хүчний сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Б.Энхбаяр гишүүн санхүүгийн мэргэжилтэй биш хуульч хүн. Өөрийнх нь бодол байж магадгүй. ОУВС-гаас нуух биш хөрөнгө оруулагч нарт бодит байдлыг хэт муутгасан мэдээлэл цацахыг үгүйсгэхгүй гэж үзсэн. Б.Энхбаяр даргатай ажлын хэсгийн шалгалтын дүн гарсны дараа төслүүдийг төсөв рүү шилжүүлж аваад байхад Хөгжлийн банкны санхүүгийн үзүүлэлт нь хүссэн хэмжээнд хүрэхгүй байсан. 2016 оны арванхоёрдугаар сард Хөгжлийн банк руу 1 их наяд төгрөг Засгийн газраас хийж байж, Хөгжлийн банкийг дампууруулалгүй  авч гарсан. Монгол Улс дампуурах уу, эс дампуурах уу гэдэг сонголтын өмнө ирсэн учраас төсөв рүү шилжүүлж авсан.

580 сая евро бондын эргэн төлөлтийг хийх цаг хугацаа тулсан байсан. Б.Энхбаяр гишүүн санхүүгийн мэргэжлийн хүн биш учраас буруу ойлгосон байж болзошгүй.

Хөгжлийн банкны Захиргаа удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч н.Мөрөн: 2019 онд Засгийн газрын шалгалт дахин орохдоо үр дүнг үнэлсэн. 2016 оны шалгалтын хэрэгжилтийн явц нь 87 хувьтай гэж дүгнэсэн. Хэрэгжээгүй асуудлыг дурдсан. Чанаргүй, хугацаа хэтэрсэн төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт, зээлийг шүүх, хууль хяналтын байгууллагад шилжүүлж, шийдвэрлүүлэх зөвлөмж гарсан байдаг. Энэ зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байна. төсвийн шинжтэй зээлийг санхүүжүүлээд байна гэсэн учраас энэ чиглэлийн зээл олгохгүй байх гэж үзсэн. 2017 оноос Хөгжлийн банкны хууль шинээр хэрэгжээд төсвийн шинжтэй зээлд дахин санхүүжилт олгоогүй.

2017 оны хуулиар Монголбанк Хөгжлийн банкинд жил бүр хяналт тавиад актив ангилах зэрэг журам хэрэгжиж эхэлсэн.

Хөгжлийн банкны хувьд хамгийн анхны зээлийг хууль хяналтын байгууллагад 2018 онд шилжүүлж байсан. “Болор шүр” компанийн 2.3 тэрбумын зээлийг нэхэмжилж байсан.

Нээлттэй сонсголыг удирдаж буй УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:  Б.Чойжилсүрэн сайд тэр үед байгаагүй. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 371 төсөл хөтөлбөртэй холбоотой шинжээчийн  дүгнэлтийг маргааш бүтэн өдөржин тусдаа ярина.

Хаана барьсан юм, төсөв дээр яаж суусан юм. Хэн, хэний тойрог дээр суусан юм бэ гэдгийг нэгбүрэчлэн дэлгэрэнгүй ярихаар бэлтгэсэн байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж