Хөгжлийн банкнаас олгосон зээлтэй холбоотой хоёр дахь удаагийн нээлттэй сонсголыг өнөөдөр /2023.02.06/ УИХ-ын Хянан шалгах түр хорооноос эхлүүлнэ.
Нээлттэй сонсголоор гурван багц асуудлыг хэлэлцэнэ. Нэгдүгээрт, Хөгжлийн банкинд хяналт шалгалт хийсэн байдал, шалгалтын дүгнэлт, зөвлөмжийн үр дүнг хэлэлцэнэ. Энэ асуудалтай холбоотой 21 хүн гэрчээр дуудагдсан.
Хоёрт, Хөгжлийн банкны охин компани болох Ди Би Эм лизинг компаниас санхүүжүүлсэн үйл ажиллагаа, эргэн төлөлтийг хэлэлцэнэ. Дээрх асуудалтай холбоотой 40 орчим санхүүгийн түрээсийн харилцаа үүссэн бөгөөд сонсголд 35 гэрч дуудагджээ.
Гуравт, Хөгжлийн банкнаас санхүүжүүлж, улсын төсөвт суулгасан Засгийн газрын төсөл хөтөлбөрийн багцыг хэлэлцэнэ. Тодруулбал, 2012-2016 онд эргэн төлөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн 350 орчим төсөл арга хэмжээ байгаа бөгөөд 43 гэрч дуудсан юм.
УИХ-ын Хянан шалгах хорооноос зохион байгуулж буй энэхүү нээлттэй сонсгол нь хоёр дахь удаагийнх.
Өмнөх нээлттэй сонсголд Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтаар нь ашиглаж, зохих ёсоор төлөлт хийгээд явж буй зээлдэгч нараа буруутгасан, ялласан дээрэнгүй өнгө аяс голлосон тул өнөөдрийн сонсголд энэ алдааг бүү давтаасай гэдэг байр суурьтай бизнес эрхлэгч олон байгаа юм.
Хөгжлийн банкны мэдээгээр 2023 оны нэгдүгээр сарын 30-ны байдлаар нийт 1,091.0 тэрбум төгрөгийн зээл төлөгджээ. Үүнээс 736.4 тэрбум төгрөгийн зээл нь бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөгтэй тэнцэх зээл нь өмчлөх үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийн зээл нь үнэт цаас хэлбэрээр төлөгдсөн байна.
Нийт 16 төсөлд олгосон зээл хаагдсанаас 12 зээл нь бэлэн мөнгөөр, 3 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл нь үнэт цаасаар хаагджээ.
Нээлттэй сонсголд нийт 100 орчим гэрч дуудагдсан бөгөөд гэрчүүдийн дунд Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн, “Молор Констракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Эрдэнэ, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ний захирал асан Б.Батзаяа, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатар, “Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Хүлэгт, Б.Намуун, Б.Номин нар гэрчээр дуудагдсан.
Хэрвээ нээлттэй сонсголд оролцохгүй бол албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөх хүртэл хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт үйлчлэх бол иргэнийг торгох юм. Торгууль нь 300 мянган төгрөгөөр яригдаж байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ