Сурвалжлага: Хот хогоо ачиж дийлэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2023.02.06-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хот хогоо ачиж дийлэхгүй байна

Сурвалжлага: Хот хогоо ачиж дийлэхгүй байна

Сар шинээр монголчууд гэр орон, гудамж талбайгаа цэвэрлэдэг. Харамсалтай нь, сүүлийн үед хот хогондоо дарагдах, хогоо ачихгүй удах явдал аль ч дүүрэг дээр ажиглагдах боллоо. Зөвхөн гэр хороолол ч биш хотын төвийн орон сууцнуудын гадаа бага шиг "Улаанчулуут" бий болсон нь худлаа биш. Хотын гудамжаар тойроод явахад л савнаасаа хальсан, задарсан хогийн цэгүүдтэй амархан тааралдана.  Нийслэлээс  Иймээс нийслэл хот буцаад хогондоо дарагдах болсон шалтгааныг сурвалжилсан юм.

Сар шинийн баярыг угтан зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг эрчимжүүлэх, иргэдийн худалдан авалт нэмэгдэж, айл өрхөөс хог их хэмжээгээр гарахтай холбогдуулан хогийн цуглуулалт, тээвэрлэлтийг уртасгасан цагаар зохион байгуулах, мөн өдөр, шөнийн хуваарьт шилжүүлэх үүргийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад өгсөн. Харамсалтай нь, үүрэг өгөөд гурав хонож буй хэдий ч хотын гудамж талбай, орон сууц, гэр хорооллын хогийг ачих нь асуудалтай, удаарширалтай байгааг иргэд гомдоллов.

Баянгол дүүргийн есдүгээр хороо. Хүмүүсийн хэлж заншсанаар III, IV дүгээр хороололд байрлах шар өнгөтэй орон сууцны гадаа хог овоорчээ. Хуримтлагдсан уг хогоо ачуулах гэж хороо, дүүргээрээ багагүй зарга хийж яваагаа тус хорооны иргэн Г.Пүрэвбат ярилаа.  Иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах эрх зөрчигдөж байгааг тэрбээр хэллээ.  Г.Пүрэвбат хог ачилтын талаарх гомдлоо холбогдох албаныханд байнга хэлдэг гэнэ. Гэвч, тэд нь дүлий царайлаад ажлаа огт хийдэггүй. Айлуудын хог нь дийлдэхгүй, ядаж байхад хог ухдаг хүмүүс хогон дээр хог нэмж байгааг шүүмжлэв.

Баянгол дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хогийн бункер нь дүүрч, гадуур нь хог нь энд тэндгүй хийсэх нь харагдав. Хар хувцастай бөөвийсөн хоёр залаа хогийг нь тонхичиж, ундааны сав цуглуулна.  Нэг нь хатсан пиццаны хэлтэрхий олоод амандаа хийв.  Хажуугийн байрны орцны жижүүрийн хэлснээр хог ухагчид ирээд хогийг нь энд тэндгүй ухаад гаргаад хаячихдаг болохыг жижүүр эмэгтэй хэллээ. Тус орон сууцны хогийг ачилгүй мөн багагүй хугацаа болжээ. Оршин суугчид нь орцны жижүүрээс хогоо ачихыг шаарддаг гэнэ. Гэвч, "бидэнд ямар эрх мэдэл байх биш" хэмээг эмэгтэй сүүрс алдлаа.

Сонгинохайрхан дүүргийн 33-р хорооны иргэн “Хог ачилтын машин 14 хоногт нэг удаа ирж  хог ачдаг. Бункерийн хажуугаар явахад үнэр танар нь аймшигтай.  Зуны дэлгэр цагт хүүхдүүдээ гадаа тоглуулж, гадаа суух  гэхээр хогны үнэр үнэртэж, ялаа батган шавчихдаг.  Монголчуудын сэтгэлгээ сонин. Гэрээсээ гаргаад л орцондоо хогоо хаячихдаг. Ачилтын машин хангалтгүй байна. Эсвэл хог ачигчийн ажил хийх хүнгүй болчихсон байх” гэв..

Гэр хорооллын гудамжаар айл өрхүүд  хогоо шуудайлан гудамжиндаа ил тавьсан харагдана. Нэг айл ойролцоогоор 5-8 шуудайтай хог тавьжээ. Шуудай дахь хогны дийлэнх нь үнсээр дүүрсэн байна. Зарим шуудайны үнс асгарч айлуудын ил задгай асгасан угаадастай холилджээ. Хавар болохоор Улаанбаатарын үнс нурам нь хийсч, тор уут нь толгой дээгүүр "эргэлдэх" нь аргагүй мэт.

Улаанбаатарын утаа аюулын харанга дэлдээд удаж байна. Тэгвэл хөрсний бохирдол хэдийнэ SOS зарласан. Нүдэнд харагдаж, аманд амтагдахгүй болохоор хүмүүс тэр бүр шүүмжилдэггүй.  Хөрсний бохирдлын гол эх үүсвэр нь нүхэн жорлон болоод хог хаягдал. Гудамжинд дагтаршсан цасан дороос үнс, ялзарсан уут, хог хаягдал үзэгдэнэ.

"Манай гудамжны хогийг 14 хоногийн өмнө ачсан. Айлууд гал түлж байгаа болохоор түлшний хаягдлууд их гарч байна. Хогоо ачихдаа дутуу ачдаг тохиолдол байдаг. Дараа ирж ачтал нь айлууд хогондоо дарагдчихдаг. Энэ нь  бага насны хүүхдүүдэд хүндрэлтэй байдаг. Зун ч ялгаагүй  ялаа, шавж ихсээд бүүр хэцүү. Удахгүй цагаан сар болох гэж байна. Айлууд баяр наадмын өдрүүдээр хэвийн өдрөөсөө хоёр дахин хог гаргаж хаядаг. Хороо, дүүргүүдийн ачилтын машин хангалтгүй байна. Ядаж гэр хороололд долоо хоног тутамд хог ачилтын машин ирдэг байгаасай. Заримдаа хороо руугаа очиж гомдол, саналаа хэлдэг ч тухайн үедээ шийднэ гэчхээд одоо болтол хийсэн дорвитой өөрчлөлт байхгүй байна” гэж Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэн Ж.Цэрэнлхам хэллээ.

Хог ачилтын машин хүрэлцээ, үйлчилгээний талаар  Баянгол дүүргийн есдүгээр хорооны зохион байгуулагч Б.Энхтуяагаас тодруулахад “Гэр хороолол, орон сууцны хог ачилтын машин тусдаа байдаг. Гэр хороололд долоо хоногт нэг удаа хоёр машин, орон сууцанд 14 хоногт нэг удаа нэг машин гэсэн хуваарьтайгаар явдаг. Орон сууцны айлын хогийн мөнгийг СӨХ-ийн мөнгөтэй нь давхар бодож авдаг. Гэр хорооллын хог ачилтын мөнгө өнгөрсөн жилүүдэд 2500-5000 төгрөгийн хооронд байсан. Харин Дэнэ оны нэгдүгээр сараас эхлэн 8000 төгрөг болсон. Бид иргэдээс ирдэг гомдол саналыг аль болох хурдан хугацаанд шийдэхийн тулд хог ачилтын машиныг нэмэгдүүлж, бензин түлш, авто тээврийн тоног төхөөрөмжийн асуудлыг анхаарч ажиллаж байгаа” гэв.

Тэгвэл хог ачилтын жолооч иргэн Б/нэрээ нууцлав/"Долоо хоног болгоны нэг дэх өдөр гудамжаар явж хог ачдаг. Заримдаа машин тэрэг эвдрээд тогтсон хуваарийн дагуу хогоо ачиж чадахгүй бэрхшээл гардаг.  Иргэд хашааныхаа гадаа хогоо гаргаж тавьдаг бол очоод ачна. Харин хашаандаа байгаа хогийг орж ачих боломжгүй. Нохой, шувуу нь урчих гээд хэцүү.

Хэвийн өдрүүдэд 10 айлын хог ачаад машины тэвш дүүрдэг. Мөн өвлийн улиралд түлшний хаягдал их байдаг учраас амархан дүүрч байна. Баяр наадам, цагаан сарын өдрүүдэд хамгийн ихдээ 5-8 айлын хог ачаад  тэвш дүүрчихдэг. Иймд машины нөөц байхгүй бол баярын дараа ирж ачдаг" гэлээ.

Харин Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөл Д.Мөнх-Эрдэнэ “Сонгинохайрхан дүүрэг, Баянгол дүүргийн хороодуудад хог ачилтын машины худалдан авалт буюу тендер зарласан байгаа. Одоогоор хог ачилтыг эрчимжүүлэх ажлын чиглэл өгсөн тул хогоо шат дараатайгаар ачаад явж байна. Хог ачилтад  хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж хамтран ажиллах чиглэл өгсөн. Мөн хог ачилтын шөнийн цагийн хуваарь өгөгдсөн тул хуваарийн дагуу ачилт хийгдэнэ” гэлээ.

 

 

Г.ХУЛАН

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж